Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт энэ сарын 18-ны өдөр архинд гүн хордсон нэгэн хүүхэд иржээ.
Тодруулбал, 12 настай хурдан морины унаач хүү хэд хоног дараалан архи ууж гүн хордсон, ухаан алдаж таталт өгсөн байдалтай ирсэн байна. Архинд хордсон хүү Ховд аймгийн Булган сумаас ирсэн. Зуны амралтаараа нэгэн нэр алдартай уяачийнд хурдан морь унахаар ирсэн гэнэ.
Хүүхэд архинд хордсон энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Хүүгийн уусан 0,5 литрийн архины шилийг Шүүх эмнэлэгт хүргүүлсэн байгаа ба хүүг хэнтэй хэдэн шил архи уусныг тодруулахаар ажиллаж байгаа аж.