Гадаад улсын иргэн Тан нь олон удаагийн үйлдлээр өөрийн дагавар хүүхэд болох 11 настай охиныг хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар, шүүгдэгч Тан нь анх 2012 онд “хөдөлмөр эрхлэгч” ангиллаар 2019 оныг хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэйгээр орж иржээ. 2019 оноос хойш оршин суух зөвшөөрөлгүй буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суусан байна. Энэ хугацаанд Монгол Улсын иргэн Д-тэй хамтран амьдарч, дундаасаа хоёр хүүхэдтэй болсон, мөн авто засварын газар ажиллуулдаг байжээ. Түүнчлэн Тан нь “Өрх гэрийн амьжиргааг авч явдаг” гэдгээр шалтаглан өөрийн дагавар охин болох бага насны хүүхдийг хүчээр бэлгийн харьцаанд орохыг тулгаж, хохирогчтой бэлгийн харьцаанд ордог байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн байна. Эрүүгийн хуульд бага насны буюу 14 хүртэлх насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан.
Шүүхээс гадаад улсын иргэн Тан-ыг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн энэ гэмт хэргийн хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хүнд хохирол амсаж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс холбогдох зардлаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна.