Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй морин уралдаан зохион байгуулсан уяачдад хариуцлагыг чангатгах ёстой DNN.mn

“Уралдаанч хүүхдийн эрх”-ийг хөндсөн цуврал сурвалжилгын гурав дахь хэсгийг хүргэе. Нэгдүгээр хэсэгтээ хүүхэд яагаад хурдан морь унах ёстой вэ гэдэг асуудлыг хөндсөн. Хоёрдугаар хэсэгт хүүхдийн эрүүл мэнд, амь насанд яагаад эрсдэл учраад байгааг гаргахыг хичээсэн. Тэгвэл гурав дахь хэсэгтээ шийдэл юу байж болох, хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд юу хийх вэ гэдэг асуудлыг хөндөх болно. Энэ талаар ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, СГЗ, Хурдан морь судлаач, Түүхийн ухааны доктор (P.h) А.Баярмагнайгаас тодрууллаа.


-Хурдан морийг яагаад заавал жижиг биетэй, бага насны хүүхэд унадаг вэ?

-Олон улсын стандартыг монголчууд  аль эрт тохируу­лаад хийчихсэн. Монгол адуу 300 кг жинтэй. Англи адуу 500-600 кг жинтэй. Уралдах адуу хэдий хэмжээний ачаа үүрч уралддаг вэ гэхээр биеийнхээ жингийн 10 хувиас илүү ачаа үүрээд уралдаж чаддаггүй. Монгол адуу 300 кг. Тэгэхээр 30 кг хүртэлх жинтэй хүүхэд л унаж уралдана. Гадаад адуу 500 гаруй кг жинтэй гэхээр 50 гаруй кг жинтэй том хүн унаж болж байна. Би 100 гаруй уралдаанч хүүхдийн жинг үзэхэд хамгийн бага жинтэй хүүхэд 22 кг, хамгийн хүнд нь 32 кг байсан. Хамгийн хөнгөн эмээл 3 кг. Хамгийн хүнд эмээл 7 кг. 12 настай хүүхдүүд морь унаад, 13 настай унадаггүй. Жил нь орж байгаа гээд уяачид унуулахаас цээрлэдэг.

-Хурдан морь уралдах замыг яаж шийдэх ёстой вэ. Үлийн цагаан оготны нүхэнд морь бүдэрч хүүхэд дарагддаг, түүнээс болж бэртэж гэмтэх тохиолдол их гардаг гэсэн?

-Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад зам их нөлөөтэй. Замаа маш сайн шалгадаг. Замыг арчилж, шалгаж, засаж, төвхнүүлдэг. Морь тарлах замаа хүртэл хөдөөнийхөн цэвэрлэдэг шүү дээ. Тарваганы нүх байвал бөглөөд, чулуу байвал зайлуулаад, яс байвал холдуулаад, нүх байвал анхаа­руулаад, морь тар­лах замаа хүүхдүүд мэддэг болчихдог. Одоо тэрэг техник хөгжчихсөн. Хаврын уралдааны үед цасыг түрж зайлуулаад цэвэрлэдэг. Хаврын уралдаанд замыг нь засаагүй уралдана гэж ер байх­гүй. Гэхдээ л цаашид үүнийг улам сайжруулах хэрэг­тэй. Тогт­мол стандарттай болох хэрэг­тэй. Яваандаа тийм болно.

-Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хэрхэн анхаарах ёстой вэ?

-ММСУХ байгуулагдаад хоёр дахь их хурлын өмнөөс уралдаанч хүүхдийг нийгмийн даатгалд хамруулна гэдэг асуудлыг бид 1990-ээд оны сүүлч 2000-гаад оны эхээр тавиад, нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр нийгэм хам­гааллын яамтай ярилцаад хурдан морины уралдаанч хүүхдүүдийг ослын даатгалд хамруулж эхэлсэн. Эхэндээ их дурамжхан байсан. Уяачид даатгалын мөнгө төлөхөөс дургуйцэж байсан ч сүүлдээ ухамсарласан. Хамгийн анх Дарханы хаврын уралдаанаас эхлүүлж байсан юм. Сүүлдээ ч маш хэрэгтэй  ажил гээд өөрсдөө сайн дураараа төлдөг болсон. Үүн дээр ММСУХ нэлээд анхаарч ажилласан. Уяачид ч идэвхитэй оролцох боллоо. Хүүхдийн байгууллагууд ч үүнд анхаарал хандуулж стандарттай болсон. Тэр бүх стандартыг баримталж, дуулга өмсүүлээд, тохойвч хийлгээд, цээживчтэй, өвдгөвчтэй, шилбэ­ний хамгаалалттай мордож байгаа шүү дээ. Тэглээ гээд тайвшираад санаа амрах биш цааш нь улам л нарийвчилж хөгжүүлэх хэрэгтэй.

ММСУХ-ноос ийнхүү хариу­лав. Морь уях, урал­дуулах ажил нэг ёсондоо үйлдвэрлэл болсон. Энэ салбарт гэрээт малчин, туслах малчин гээд нийт 120 мянга гаруй ажлын байр байгаа гэсэн тоон мэдээ­лэл бий. Тэгвэл энэ салбарын нийгмийн баталгааг хэрхэн хамгаалах ёстой вэ. Уяач ажиллуулж байгаа малчин, туслах малчдынхаа нийгмийн даатгалын асуудлыг шийдэж, хүүхдийн гэнэтийн ослын даат­галыг хариуцах ёстой аж.

Энэ талаар Хөдөлмөр ний­гэм хамгааллын яамны Нийгмийн даатгалын сангийн мэргэжилтэн н.Азжаргалаас тод­рууллаа.


-Морь уяачдад яамны зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүр­тэлх хугацаанд хурдан морины уралдаан явуулахыг хориглоно. Тэр хооронд хугацаанд уралдаан зохион байгуулах гэж байгаа бол маш олон зүйлийг шаарддаг. Үндэсний баяр наадмын тухай хууль дээр ч энэ тухай тодорохой зааж өгсөн. Нэгдүгээрт, зөвшөөрөгдсөн хугацаанд уралдааныг зо­хион байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийн аюул­гүй байдлыг хангах ёстой. Гуравдугаарт, эцэг эхийн зөвшөөрлөөр хүүхдийг морь унуулж болно. Дөрөвдүгээрт, хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэглэл өмсүүлэх. Тавдугаарт, гэнэтийн ослын даатгалд ту­хайн уяач өөрийнхөө мөнгөөр хүүхдийг даатгах ёстой. Ямар нэгэн байдлаар хүүхэд бэртэл гэмтэл авахад оношлох, эмч­лэх, тээвэрлэх зэрэгт гарах зардлыг даатгалд тусгасан. Энэ бүх үйл ажиллагаа хүүхдэд зориулсан.

-Малчин болон туслах малчдын тухайд уяач ямар хариуцлага хүлээх вэ?

-Өөр өөрсдийнхөө эр­хэлж байгаа хөдөлмөрийн харил­цааныхаа хүрээнд нийг­мийн даатгалаа өөрсдөө хариуцаад явах ёстой. Туслах болон өөр хэд хэдэн малчин уяач ажиллуулж байгаа бол гэрээгээр өөрсдөө тохироод нийгмийн даатгал төлөөд явах эрх нь нээлттэй.

Өмнөх хэсэгт зөвшөөрөлгүй уралдааны улмаас Сүхбаатар аймагт энэ жил нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Хүүхдийн эрхийн байгууллагууд зөвшөөрөлгүй уралдааны үеэр хамгийн олноор хүүхэд бэртэж гэмтэх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх улмаар амь нас эрсдэх тохиолдол олон байгаа гэдэг. Үндэсний статистикийн хорооны 2021 оны аравдугаар сард хийсэн судалгаар Монгол Улсад 2012 оны байдлаар 93,968  хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 5-11 насны 31,301, 12-14 насны 28,945, 15-19 насны 33,722 хүүхэд, хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 50,869, эмэгтэй 43,099 хүүхэд эзэлж байжээ. ХЭҮК-ийн гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэхь илтгэлд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.1-д “уралдах морийг долоо­­гоос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах” гэж зохицуулсан байна. Эд­гээрээс шалтгаалан унаач хүүхдийн нас нь нэг талаас хүний эрх, хууль тогтоомжийн нөгөө талаасаа үндэсний соёл, өв уламжлалын уулзах зөрчилдөөнт цэгт маргаантай оршсоор байна. Зөрчлийн тухай хуульд Үндэсний баяр наадмын тухай хууль зөрч­сөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын заалт оруулж өгөөгүй бөгөөд тус хуулийн 6.20 дугаар зүйлийн дагуу хувь хүн буюу зөвхөн уяачийг 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгохоор, харин төрийн албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй гэж үзвэл тус хуулийн 15.2 дугаар зүйлийн дагуу торгох шийтгэл оноохоор заажээ” хэмээн тусгасан байна.

Энэ  талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжидээс тодрууллаа.


-Зөвшөөрөлгүй морин уралдааны үеэр хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах тохиолдол элбэг гэж хүүхдийн эрхийн байгууллагууд үзэж байна. Энэ талаар ХЭҮК хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай байгууллагаас уралдаанч хүүхдийн асуудлаар гурван удаа судалгаа хийж илтгэлдээ оруулсан. Энэ та­лаарх санал дүгнэлтээ Засгийн газар, УИХ-д өргөн барьж шийдвэрлэх алхмуудыг сайжруулахыг шахаж шаард­саар байгаа. Гэвч уяачид зөвшөөрөлгүй морин урал­даан, үсэргээ зохион бай­гуулах явдал их байна. Зөв­шөөрөл­гүй учраас хянах процесс алдаатай. Хүүхдийн эрхийн байгууллагууд, эмнэл­гийн тусламж үйлчилгээ зөв­шөөрөлгүй уралдааны үеэр хяналт тавьж ажиллаж чаддаггүй. Тиймээс хүүхдэд эрсдэл учирч байна.

-Зам талбай, дагаж явах машинаас үүдэлтэй хүүхдийн эрүүл мэнд эрсдэл учрах явдал бас байдаг гэсэн?

-Зөвшөөрөлгүй уралдааны үеэр замаа засаж янзлахгүй учраас морь бүдрэх, хальтрах тохиолдол их гардаг. Үүнээс болж хүүхэд эрсдэх явдал их байна. Дагаж явах машины тоо зарим тохиолдолд уралдаж байгаа мориноосоо их байдаг. Цаашид дагаж байгаа машины тоонд хязгаарлалт тогтоох, зөвшөөрөлгүй уралдаан зохиож байгаа уяачдад хариуцлагын асуудлыг чангатгах, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн ханга­сан, даатгалд хамруулсан тохиолдолд морь унуулах гэх мэтээр анхаарах, шийдвэрлэх зүйлүүд олон байна. ХЭҮК энэ асуудал дээр байнга анхаарал хандуулан ажиллах болно.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *