Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байсныг зогсоожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Ляна хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр шалгалт явуулжээ.

Шалгалтын үеэр өмнө нь байсан үүдний гонх хэсгийг буулгасан байдалтай байсан аж. Энэ талаар тус компаниас тодруулахад барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгчээ.

Харин өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийхээр очиход барилгын үүдэнд газар ухагч экскаватор байрлуулж, авто замын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байдалтай байв.

Иймд нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн газар шорооны ажил хийж байсныг таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж эхэлсэн байна. Тус рестораныг түр хугацаагаар хааж, зөрчлийн хэрэг нээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *