Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах юм.Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгажээ. Онцгой зөвшөөрлийг өргөдөл, нөхцөл байдлыг магадлан шалгах ажиллагааг явуулж, ажлын хэсэг, зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Засгийн газар, Засгийн газрын гишүүн, тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэх ажиллагааг явуулсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд, энгийн зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд олгохоор тусгасан байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг төсөлд нарийвчлан тодорхойлж, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг долоо хоногийн дотор шууд олгохоор тусгажээ. Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна. Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл, журмыг хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлсон байна. Тухайлахад, тухайн этгээд нь иргэний эрх зүйн чадамжгүй болох нь илэрсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль бусаар зөвшөөрөл авсан нь тогтоогдсон нөхцөлд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох, харин сунгахдаа өргөдөл хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан шийдвэрлэх, хууль зөрчөөгүй бол зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхгүй байхаар төсөлд тусгажээ.Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 48 нь буюу 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *