УИХ-ын дарга асан М.Энхболдын санаачилгаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.
Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажилласан. Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэх юм.
Авто замыг улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, 800 м явган хүний зам, 5 км дугуйн замтай, мөн 4 цэгт явган хүний гарц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой барьсан гэдгийг гүйцэтгэгч компани онцоллоо.