Хэдэн зуун мянган жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид домог гэж ярьдаг. Ингэж дэлхийн зургаан миллиард хүний оюун санаанд үлдэж, жинхэнэ амьд домог болсон Их Британийн нэгдсэн вант улсын “Beatles” хамтлаг, тэдний уран бүтээлийн талаар товчхон дурсъя. Энэ агуу хамтлагийн талаар бичихэд нэг нүүр битгий хэл, нэг бүтэн ном ч багадах билээ.
XX зууны поп хөгжмийн амьд домгийн түүх 1957 онд 16 настай хүү Жонн Леннон болон 14 настай Пол Маккартни нарын танилцаж нөхөрлөснөөс эхлэлтэй. Сонирхол, хобби нэгтэй найзууд удалгүй хамтлагийн гуравдагч гишүүн Жорж Харрисонтой танилцаж поп рок урсгалийн хамтлаг байгуулжээ. Хамтлагийн хамгийн анхны нэр нь “The Quarrymen” байв. Үүний дараа тэд хэд хэдэн удаа нэрээ сольсон. “Long John and Silver Beatles” гэж байснаа бага зэрэг товчилж “The Silver Beatles”, сvvлдээ “The Beatles” болжээ. Түүхэнд үлдэх энэ нэрийг Жон Леннон, Льюиса Кэроллын “Алиса vлгэрийн оронд” гэдэг багынхаа дуртай номноос санаа авч өгсөн байна. “Beatles” гэдэг үг нь англиар “Beat”-цохилт, “Beetles”-цохнууд гэсэн хоёр vгийн товчлол аж. Нэрэндээ “цохнууд” гэдэг үгийг оруулах болсон нь хамтлагийн гитарчин Жорж Харрисон болон Полл Маккартни нарын гитараа тоглох байдлаас болсон хэрэг. Солгой гартай Полл Маккартни баруун гар талдаа, зөв гартай Жорж Харрисон зүүн гар талдаа зэрэгцэж зогсоод хөгжим тоглоход гитарнуудынх нь хоёр гар цохын эвэр шиг хоёр тийшээ сэрийж харагддаг байсан тул ийн нэрлэсэн гэдэг.
Хэдийгээр 1957 онд хамтлагийн үндэс суурь тавигдсан ч 1960 онд дуучин, гитарчин Жон Леннон, гитарчин Пол Маккартни, гоцлол гитарчин Жорж Харрисон, басс гитарчин Стюарт Сатклифф, бөмбөрчин Пит Бест нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хамтлаг байгуулагдаж байсан. Гэвч Ливерпүүл хотдоо алдаршаад төд удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн Стюарт Сатклифф, Пит Бест нар бүрэлдэхүүнээс гарч бөмбөрчнөөр Ринго Старр нэмэгдэж, Стюарт Сатклиффийг Пол Маккартни орлон тоглох болжээ. “Битлз” хамтлаг таран тартлаа энэ гишүүнээрээ явсан билээ.
XX зууны хөгжмийн хөгжилд хүчтэй нөлөөлж “Рок хөгжмийн Моцартууд” гэгдэх болсон энэ хамтлагийн нэг ч гишүүн хөгжмийн боловсрол эзэмшээгvй юм. Дээд байтугай анхан шатны боловсрол ч байхгүй. Хөгжим болоод урлагийн талаар “А” үсгийн ч мэдлэггүй хөвгүүд цэвэр мэдрэмж, авьяасаарааа гитар сурч, дуу зохиож эхэлжээ. Энэ vед тэдэнд дуурайгаад сургуулилчих юу ч байгаагүй гэдэг.
“Битлз” хамтлагийг жинхэнэ амжилт руу хөтөлж чадсан хүн бол Брайн Эпстайн гэгч менежер байв. Түүнгүйгээр “Битлз” хамтлаг хөгжмийн олимпийн оргилд хүрч чадахгүй байсан гэдэг. 1961 онд Брайн Эпстайны хөгжмийн дэлгvvрээс худалдан авагчид “Битлз” гэдэг vл мэдэгдэх хамтлагийн “Му Bonnie” пянзыг олонтаа асуусан гэдэг. Брайн ч пянзны эзэд болох хамтлагийг хайж, лавлах эргvvлсээр ойролцоох нэгэн клубт “Битлз” гэдэг хамтлага тоглодгийг мэджээ. Сонирхолдоо хөтлөгдөж ирсэн тэр ганцхан минутын дотор “Cavern” клубт сэтгэл татагдсан гэдэг. Клубын уур амьсгал, “Битлз”- ийн цогтой дуунуудад цочирдсон Эпстайн, энэ хамтлагийн ирээдvйг цогцлоохоор шийдсэн байна.
“Битлз” хамтлагийн жинхэнэ амжилт, уртаас урт алдрын жагсаалт 1962 оны арваннэгдүгээр сарын 26-нд бичүүлсэн “Please please me” дуунаас эхлэлтэй. Энэ нь тэдний хоёр дахь сингл байв. Энэхүү дуу тухайн жилдээ Их Британийн албан ёсны хит парадад хоёрдугаар байр эзэлж, NME жагсаалтад нэгдүгээр байрт жагсч байжээ. Үүнээс хойш гурван сарын дараа тэд анхныхаа цомгийг хэвлүүлж амжилтын эхлэл болсон “Please please me” дуугаараа цомгоо овоглож байжээ.
Тус цомгийн дараа амжилт, алдар нэр үргэлж дагалдах болж, уртаас урт цол, шагналын гуншин үргэлжилнэ. Тэдний зөвхөн нэгдүгээр байранд жагсч, тэргүүлж байсан сингл, альбомууд нь 40 хол давна. Нэгдсэн вант улсын түүхэнд гэлтгүй хөгжлөөрөө тэргүүлэгч ихэнх орнуудад тэд энэхүү амжилтаа баталж, хөгжмийн ертөнц дэх хаанчлалаа тогтоож чадсан юм. Их Британийн хөгжмийн “EMI” компани 1985 оны нэгэн мэдэгдэлдээ “Битлз” хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон хуурцгийг зарсан гэж байв. Дэлхийн нийт хүн амын зургаан хүн тутмын нэгд хуурцгаа түгээж чадах ийм агуу хамтлаг, дуучин ховорхон биз ээ.
Гайхамшигт “Битлз” хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа арван жилийн дараа буюу 1970 онд тарсан билээ. Тэдний хамгийн сүүлчийн цомог бол алдарт дуугаар нэрлэгдсэн ” Let It Be” цомог юм. Хамтлагийн гишүүд тарснаасаа хойш ч хувь, хувийн уран бүтээлээ туурвиж амжилттай ажилласаар байсан.
Тэдний амжилт, хөгжмийн урлаг дахь нэр нөлөө одоо ч хуучраагүй нь энэ хамтлагийг амьд домог гэдгийг батална.
Тухайлбал, 2004 онд Роулинг Стоун сэтгүүлээс гаргасан “Бүх цаг үеийн шилдэг 100 Хамтлаг” жагсаалтад нэгдүгээр байрт жагссан бол, 2013 онд “Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийг тодруулахад мөн л нэгдүгээр байрт жагссан юм.
“Битлз” хамтлагийн нэрийн хуудас болсон, хамтлагаасаа дутуугүй нэр хүнд олсон хоёр уран бүтээлийнх нь орчуулгыг хүргэж байна.
“Битлз” хамтлагийн хамгийн сүүлчин ” Let It Be” цомог 1970 оны тавдугаар сарын 8-нд Их Британид гарсан юм. Мөн оны тавдугаар сарын 13-нд Америкийн нэрт продюсер “Фил Спекторын бvтээсэн Let it be” кино Нью-Йоркийн дэлгэцнээ гарч эхлэхэд “Битлз” хамтлаг хэдийнэ тарчихсан байлаа.
“Ийм л байдаг”
Хүнд хэцүү цагт өөрийгөө олоход
Хүндэт Мэри эх над дээр ирээд
“Хорвоо ийм л байдаг” гэж мэргэн үгээр итгэл хайрлана
Хар дарсан зүүд шиг үед ч
Хажууд минь тэр ирж зогсоод
“Болох л юм болж байна” гэж тэвчээр хайрлана
Ийм л байдаг, ийм л байдаг, ийм л байдаг юм
Амьдрал ийм л байдаг юм гэж ухаан хайрлана
Зүрх нь эмтэрсэн хүмүүс гудмаар нэг холхивч
Сэтгэлээ нэгтгэж чадвал хариулт нь олдоно оо “ийм л байдаг юм, ийм л байдаг юм”
Салсан бүхэн уулзах л болно, заавал уулзана
Санаагаар болдоггүй хорвоо доо гэж гэмшил хайрлана
Ийм л байдаг, ийм л байдаг, ийм л байдаг юм
Өө, амьдрал ийм л байдаг юм гэж ухаарал хайрлана
Үүл нөмөрсөн харанхуй шөнө ирлээ ч
Үүрийн гэгээ гийнэ
Өдөржин нар мандана
Үнэний жамтай хорвоо ийм л байдаг юм гэж урам хайрлана
Өө, амьдрал ийм л байдаг юм гэж ухаарал хайрлана
“Yesterday” дуу 1965 оны есдүгээр сард төрсөн юм. Энэ дуу Их Британи болон Америкийн шилдэг дууны жагсаалтад гурван сарын турш тэргүүлж байв. Энэ дууны 2200 гаруй ковер байдаг. “Битлз” хамтлагийн “Yesterday” буюу “Өчигдөр” дууг Монголын “Битлз”-ийн фэн клубын гишүүн, продюсер Ж.Буд-Эрдэнийн орчуулснаар хүргэж байна.
Өчигдөр
Өчигдөр зовлон жаргалаа ухаарсангүй
Өчигдар чамтай анх учирснаа би
Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ
Бүсгүй чиний ариухан сэтгэлд чинь уярчээ
Дурлалын үгээ
Дурлалын үгээ чамд хэлюү гээд
Би өчигдөр хэлж амжсангүй ээ
Яагаад чи намайг үүрд орхиод явсан юм бэ
Хайрт минь, өчигдөр чи бидэнд эргэж ирэхгүй ээ
Амьдрал минь өчигдөрхөн аз жаргалтай байж
Өчигдөр чамтай анх учирснаа би
Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ