Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн зүгийн нутгийг хярвасалсан түймэр унтарч амжаагүй байхад баруун нутгаар түймэр дэгдлээ

-ОРОН НУТГИЙНХАН ИЙМ Л БАГАЖТАЙ ТҮЙМРИЙН ӨӨДӨӨС СӨРЖ БАЙНА-

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгийг хамарсан түймрийн гамшиг их хэмжээний га газрыг сүйдэлж, олон айлын гэр, өвөлжөө, хаваржааг нурам болгож, олон тооны малын аминд хүрсэн билээ. Зүүн аймгуудад дэгдсэн түймрийн ганцаас бусдыг нь унтрааж цурманд оруулсан гэх таатай мэдээ ирсэн ч зарим цурамнаас түймэр алдагдсан байна. Зүүн аймгуудын түймрийг бүрэн унтрааж амжаагүй байтал баруун аймгуудад мөн түймэр дэгджээ.

ДӨРВӨН АЙМГИЙН ЗУРГААН ГАЗАР ТҮЙМЭРТЭЙ БАЙНА

Тухайлбал, өчигдөр өглөөний 10 цагийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул суманд, Хэнтий аймгийн Норовлин, Өмнөдэлгэр суманд тус бүр нэг түймэр асч байгаа бол, Увс аймгийн Сагил, Өндөр-Хангай суманд тус бүр нэг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд түймэртэй байгаа гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар өглөө. Монгол Улсын хэмжээнд дөрвөн аймгийн зургаан суманд зургаан газар түймэртэй байгаа юм байна. Увс аймагт гурван ч ой хээрийн түймэр гарч онцгой байдлын албан хаагчид, иргэдийн хүчээр нэг түймрийг өчигдөр өглөө 06.30 цагт бүрэн унтрааж, нэгийг нь цурманд оруулсан бол нөгөө түймэр нь ассаар байгаа аж. Тус аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн орой ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 15 албан хаагч, орон нутгийн 83 иргэн 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж. Мөн тус аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр дэгдэж, нийт 100 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласнаар 28-ны өдрийн 21.43 цагт түймрийг цурамд оруулж чаджээ. Харин Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон машин” гэдэг газар мөн хээрийн түймэр гарч Хилийн цэргийн 0311 дүгээр ангиас нэмэлт хүч авч ажиллуулснаар унтрааж чадсан байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас орж ирсэн ой, хээрийн түймэр өчигдрийн 15 цагийн байдлаар тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархсан гэх мэдээллийг бид авлаа. Улмаар Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж, тус сумын Онон багийн “Баруун зүүн Хавчуу”, ‘Бэрхийн-Ам”, “Улаан-Өндрийн даваа”-нд тархан асчээ.

НАЙМАН АЙЛЫГ ТҮЙМРЭЭС ГАРГАН ЦУРАВ ТАВЬЖЭЭ

“Шивэртийн” даваанаас “Онон” гол хүртэл 33 км газар цурав татан, унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дарьхинт” гэдэг газар тархан шатсан түймэр энэ сарын 25-ны өдөр цурмаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг унтраахаар ажиллаж буй гэнэ. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан ч хойд хэсэг нь асч байгаа аж. “Үйсэнгийн зоо”, “Шинэстэй”, “Битүү”, Эрээн давааны араар “Хүрэл тохой”, “Дарьхинтын адаг” гэдэг газар нутагладаг найман айлыг түймрээс гарган цурав тавьж чаджээ. Дээрх түймрүүдийг унтраахаар орон нутгийн Онцгой байдлын болон хилийн цэргийн ангийнхан орон нутгийн иргэдтэй ажиллаж буй ч шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйн улмаас бараг гар нүцгэн ажиллаж байна гэдэг мэдээлэл орон нутгаас ирж байгаа юм. Нутгийн иргэд модны үзүүрт шуудай, хамер бэхэлж түймэр унтраах зэвсэг болгон ашиглаж буй ч тэр нь амархан сугарч унадаг гэнэ.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙН УЛМААС ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСДСЖЭЭ

Орон нутгийн Онцгой байдлын газарт хэдхэн тоон түймэр үлээгч багаж байдаг боловч тэр нь хүрэлцдэггүй амархан эвдэрдэг тухай саяхан зүүн аймгуудад ажиллаад ирсэн сэтгүүлчид онцлож байсан билээ. Харин үүнийг Улсын онцгой байдлын комиссынхон үгүйсгэж, шаардлагатай багаж төхөөрөмж бий. Гэвч энэ удаагийн түймэр урьд нь гарч байсан түймрүүдийг бодвол өөрийн гэсэн онцлогтой. Хүн хүч шаардсан түймэр. Орон нутгийн онцгой байдлын газруудад түймэр унтраах нөөц багаж төхөөрөмж байдаг хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч харамсалтай нь орон нутгийн Онцгой байдлын газруудад тоног төхөөрөмж байхгүйн улмаас ой хээрийн түймрийн өмнө хүчин мөхөсдсөн хэвээр байгаа аж. Улсын нөөцийн газарт төсөвлөгдсөн олон тэрбум төгрөг уг нь ийм л гамшигт зарцуулагдаж байх учиртай. Харамсалтай нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон Улсын нөөцийн газрын үе үеийн дарга нар хөрөнгө мөнгө ашигладаг гэх хэл ам тасардаггүй нь өнөөдөр гал сөнөөгчид багаж хэрэгсэлгүй байдагтай ч холбож ярих хүн байгаа юм. Өнөөдөр ой хээрийн түймэр гарлаа гэхэд үүргэвчтэй ус шүршигч, цуравдагч гамшгийн шуурхай үед хэргэлэдэг албаны машин гэсэн хэдхэн тооны зүйлсээр гамшгийн өөдөөс сөрж байгаа нь нууц биш.

600 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧЭЭ

Гэтэл тэдгээр гарын таван хуруунд багтах тоног төхөөрөмж нь хангалттай бус юм. Зүүн аймгуудад гарсан түймрийн уршгаар 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж хэд хоногийн өмнө авсан гэнэ. Энэ тоног төхөөрөмжид нь хорт утаанаас хамгаалдаг баг гэх мэт юухан хээхэн авсан сураг гарч байна. Үүнийгээ удахгүй түймрийн голомттой байгаа аймаг сумд руу явуулах гэж байгаа аж. Батлан хамгаалах яамнаас “ВНП” маркийн гинжит машин өгчээ. Тэр машинуудыг түймэр унтраалгахаар орон нутаг руу явуулна гэнэ. Гамшиг боллоо ч ийм л зүйлсийг гаргаж байгаа учраас ой хээрийн түймэр болон байгалийн гамшиг тохиолдоход яах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Гэтэл өнөөдөр дэлхий нийт түймрийг тэнгэрээс, усаар шүршдэг онгоцоор унтрааж байна. “Бидэнд харин тэр онгоцыг мөрөөдөхөд олон жил хэрэгтэй. Тийм үлгэр битгий ярь” гэх Улсын онцгой комиссын газрын ажилтантай ч таарав. Учир нь тэр онгоцыг авахад манай төсвлөдөг олон тэрбум төгрөг хаана нь ч хүрэхгүй гэнэ. Яагаад тэр онгоцыг авч болохгүй гэж асуутал “ОХУ түймэр орж ирлээ. Тэрийг унтраах гэж хамаг хүчээ барж байна, бид. Тийм сүрхий юм бол хойд хөршийнхөн унтраачихгүй яасан юм. Тэгж чадахгүй байгаа биз дээ. Ярих нэг өөр. Түймрийн голомтод ажиллах нэг өөр” хэмээн сургав. Зүүн зүгийн нутгийг хярвасалсан түймэр унтарч амжаагүй байхад баруун нутаг түймэрт нэрвэгдлээ. Хоёр талаас дэгдсэн түймрийг унтрааж чадахгүй бол яах вэ. Дээрээс нь хуурайшилт ихтэй байгаа энэ хаврын цагт салхи хэдхэн өдөр ширүүсч, зүг чигээ өөрчлөхөд Монгол Улсын нутаг дэвсгэр тэр аяараа өртөхгүй гэх баталгаа байхгүй юм.

31 АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГААС 185 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЧЭЭ

Ийм үед улсын төсвийг бүрдүүлэг татвар төлөгчид л гамшгийн байдалтай байгаа орон нутаг руу тусламж илгээдэг нь нууц биш юм. Тухайлбал, ой, хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн ард иргэдэд сэтгэл санааны болон хүнс, өргөн хэрэглээний бараа, материал мөнгөн хандивын тусламж дэмжлэгийг аж ахуйн нэгж албан байгууллагууд ирүүлсээр байгаа юм. Өчигдрийн байдлаар 31 аж ахуйн нэгж, байгууллагаас 178.8 сая төгрөгийн эд, материал, 6.2 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр, нийт 185 сая төгрөгийн хандив тусламжийг ОБЕГ-т ирүүлсэн байна. Түймрийн улмаас хамгийн их хохирол амсаад байгаа Дорнод аймагт Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбар, “Хатансүйх” ХХК, “S OUTLETS” гутлын дэлгүүр, “Нано планет” ХХК, “Жи Эй Эйч” ХХК, ГХЯ-ны дипломат эмэгтэйчүүдийн клуб, “Хүн-Од” ХХК, Сүү ХХК, “Оремтрейд” ХХК, “Монголын байгаль орчин иргэний зөвлөл, МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооноос хандивласан хүнс, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, материал, ажлын бээлий, гутал, ажлын хувцас, үлээгч аппарат, бэлэн мөнгө зэрэг 67.9 сая төгрөгийн эд материалын хандивыг хүргүүлжээ. Мөн Хэнтий аймагт 14.4 сая мянган төгрөгийн хувцас хэрэглэлийг Сүхбаатар аймагт дөр “Баярс констракшн” ХХК-ийн нийт 10.5 сая төгрөгийн иж бүрэн 5 ширхэг монгол гэрийг хүргүүлээд байна. Мөн ой, хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн ард иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж Авлигатай тэмцэх газрын 150 гаруй албан хаагчид нэг өдрийн цалингаа гэх мэтээр олон байгууллага, хувь хүн хандив өгсөөр байгаа юм.

Д.МАРГАД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *