Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуун цэцэрлэг барих хөрөнгөөрөө зунжингаа л наадлаа даа

Монголчууд бүгдээрээ манай сумынхан шиг  ер нь наадамд дуртай улс юм. Энэ зунжингаа л наадлаа даа. Наадам дуусах яагаа ч үгүй зуны наадам эмхэрч намрын найр залгаж байна. Өнгөрсөн зун аймаг, улсын  наадмын дараа сумдын 90 жилийн ой болов. Улсын хэмжээгээр 113 сум 90 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэлээ. Манай сумын 90 жилийн ой сайхан болсон. Алс хол аймаг хот, энд тэнд байдаг манай сумынхан болон манай суманд ажиллаж амьдарч байсан хүмүүс хүүхэд шуухад ач гучаа дагуулаад сумынхаа их ойд зорин зорин ирсэн. Манай нутгийн нэг алиа өвгөн байдаг юм. 90 жилийн ой тун хөлтэй өргөн болж байна аа Мягаа гуай гэхэд, “Манай сум  өргөн наадахгүй бол Монголд өөр ямар сум өргөн нааддаг юм. Уугуул суугуул иргэдээ бүгдийг нь уривал манайхан ч өргөн хурна” гээд инээсэн юм. Орос цэрэг ах нар хүртэл уригдана, Мааньтын хориход ял эдэлж байсан хоригдол, бас архины эмчилгээ, галзуугийн больницод байсан өвчтөнүүдийг суугуул иргэдийн тоонд оруулж тэдэнд урилга өгсөн үү хандив авсан уу гэж сумын дарга нараас лавлана гэж Мягаа гуай наргиа болгож байна. Тэдний гэрэл зургийг сумынхаа ойн номонд оруулах юм гэнээ. 

 Манай сумын 90 жил ёстой  сайхан  болсон. Сийлбэртэй цагаан гэрүүдэд цагаан идээ бялхаж айраг сөгнөөд л, уралдсан морь хүүхэд энх мэнд бороо хуртай сайхан наадав. Түм түжигнэж бум бужигнаж байхад согтуу хүн бараг байхгүй нь манай сумын наадмын шинэчлэл байлаа. Сумын маань 90 жилийн ойгоос угсруулаад л наадам хөвөрсөн. 90 жилийн ой хийснээс хойш хоёр хоногийн дараа алдарт уяачийн наадам болов. Овооны наадам хоёр болов. Улсын наадамд айрагдсан морины наадам болов. Наян тавны найр болов. Тэр бүгдийг үзэж чадаагүй ээ. Энэ том наадмууд арай дуусаагүй байтал намрын сар гарч найр эхэллээ. Саяын өнгөрдөг хагас сайн бар өдөр тохиож бүх айлууд унагаа тамгалав. Тамганы найр хийж байгаа айлууд ямааны боодог хийдэг болсон байна. Намрын тэргүүн сарын шинийн 3-нд тав зургаан хурим дуулдав. Намрын дунд сарын 17 хүртэл буюу жинхэнэ найр хийдэг өдөр хүртэл сар гаруйн зай байна. Тэр өдөр манай Өгөөмөрийн багт гэхэд л дөрвөн айл гэр барих нь ээ. Яг одоо гол усаараа л дунд сарын найранд бэлдэж байна. Д.Пүрэвдорж гуайн ийм нэг шүлэг байдаг даа

Айраг найр хоёроо барж ядсан

Ай даа тэр намрын уртыг хэлэх үү гэж. 

Ийм л сайхан намар болж байна. Би хөдөөнийхнийгөө дэндүү их наадаж байна гэж их шүүмжилдэг юм. Харин өөрөө ус нутагтаа очоод рашаан ус, айраг саам, адуу мал эргүүлж явахад сайхан байна шүү. Ер нь ажил хийхгүй наргиж, наадаад хэрүүл сонсохгүй, дуу хуур болоод, зурагт үзэхгүй амар амгалан явах жаргал биш үү. Манай сум Б.Шинэгэрэл гэж залуухан эмэгтэй даргатай. Энэ даргын аав нь Жамбалдоржийн Биндэръяа гэж сумандаа насаараа намын дарга, сумын дарга байсан хүний охин нь юм. Сумынхан шинэ залуу даргыг 90 жилийн ойг яаж хийнэ дээ гэж их голонгуй байсан. Гэтэл бүсгүй дарга маань их ойгоо ямар ч эрэгтэй даргаас илүү мундаг зохион байгуулсан. Бусад газар, 90 жилийн ойгоо хийсэн бүх сумд цуглуулсан хөрөнгөө бүтээн байгуулалт болгож чадаагүй юм билээ. Засаг дарга маань бүх хандиваа морь, бөх байлаад дуусгасангүй. Цэцэрлэг бариад авчээ. Бас стадион барьчихаж. Сумынхаа хур хогийг цэвэрлэж, цэцэрлэгжүүлээд цэмбийтэл цэвэрлэжээ. Эмэгтэй хүнээр сумын дарга тавьж чадвал ийм л аж ахуйч байдаг юм байна. Хандив овоо цугларсан юм шиг байна билээ. Сумын их ой болно гэж дээд тал нь 250 сая төгрөг доод тал нь тэтгэврийн хөгшин хүртэл нэг сая төгрөг хандивласан байна. Улсын хэмжээгээр 90 жилийн ойгоо хийсэн зуу гаруй сумаас цэцэрлэг сургуультай болсон нь хэд бол доо. Шинэгэрэл дарга цэцэрлэг барина гээд шавыг нь тавьж хөрөнгө нь бэлэн болжээ. Манай суманд ядуу хүн байхгүй болсон гэнэ. Хорин мянган төгрөгөөр хог арилгах хүн байхгүй. Гучин мянган төгрөгөөр ямаа самнах хүн олдохгүй болсон. Сарын хоёр хонь өгнө дөрвөн ханатай гэр барьж өгнө гэхэд туслах малчин хийх хүн надаас өөр хөдөө бараг олдохгүй болжээ. Би зуны нэг хоёр сар өглөө эрт малд явахдаа дуртай төдийгүй, хөдөө байдаг дүү нараа наадам рашаанд явуулчихаад малыг нь хөлсөөр харах дуртай болсон юм. Манай сумын амьдрал сайжирчээ. Ялангуяа сумын Засаг даргаараа эмэгтэй хүн тавьж чадвал төр түмний өгсөн мөнгийг ядаж юм болгоод байна аа. Манай суманд орон нутгийн сонгуульд МАН ялсан юм байна. Гэтэл хурлын төлөөлөгчид нь улс төржилгүй АН-ын харьяалалтай ганц эмэгтэйг Засаг дарга болгоод сонгочихсон гэнэ. Худлаа ч байж магадгүй. Олны ярих нь МАН-ын олон жил болсон  дарга нараас засаг болгочихоор чадалтай хүмүүс байсан ч архи уудгүй нь олддоггүй аж. Ямар намын гишүүн нь хамаа байна ядаж архи уудаггүй удам судар сайтай гээд энэ бүсгүй даргыг  сонгосон гэнэ. Улсын хэмжээгээр ч сайхан л наадсаар.

 Нэг сум 500 сая төгрөгөөр их ойгоо тэмдэглэв. Тэгвэл 110 сум хэдэн төгрөгөөр наадаа бол. Хөдөөгийн нэг суманд цэцэрлэгийн барилга 250 сая төгрөгөөр, сургууль тэрбум төгрөгөөр босч байна. Манай сумын дарга хүүхдийн цэцэрлэгтэй болох гэж зүтгэжээ. Хүүхдин цэцэрлэгийн хөрөнгийг босгожээ. Найр наадамд зориулсан төр түмний хандивын мөнгийг хөдөө сумдын Засаг дарга нар хөрөнгө оруулалт болгож чадаж байвал наадаад байхаас даа. Засгийн газар ч гэсэн анхан шатны нэгж сумдаа байр эзлүүлэхдээ хөрөнгө оруулалт босгож юм хийж чадсан Засаг дарга нарыг урамшуулж баймаар юм. Улсын хэмжээгээр манай сумын Засаг дарга шиг сэтгэж ядахдаа ганц цэцэрлэгтэй болоод авсан бол аштай юу. 100 цэцэрлэг барих мөнгөөр зунжингаа наадлаа даа. Сайхаан сайхан. Наадмын сар дуусч найрын сар эхэллээ.

One reply on “Зуун цэцэрлэг барих хөрөнгөөрөө зунжингаа л наадлаа даа”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *