Categories
мэдээ цаг-үе

Зуун дамжсан аав, хүү хоёр аварга хөдөлмөрийн баатар цолныхоо наадмыг нижгэр тэмдэглэлээ

Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их
аварга Хакухо Шёо М.Даваажаргалын баатар цолондоо хүндэтгэл үзүүлэх бэсрэг
наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод хотноо дэлгэр сайхан боллоо. Наадмын нээлт
Зуунмод хотын цэнгэлдэх хүрээлэнд бага үдэд Төв аймгаас гаралтай урлаг
соёлынхны тоглолтоор эхэлсэн. Цэнгэлдэхийн төв асарт Төв аймгийн удирдлагууд,
олны танил хүмүүс байраа эзэлж, асрыг голлуулан зассан угалзтай түшлэгт сандалд
аав, хүү хоёр их аварга ханхайж түмэн олны хайр талархлыг өөрийн эрхгүй татаж
байв. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах далай даян дархан
аварга Ж.Мөнхбат 1973 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс чөлөөт бөхийн
төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, 1963-1967 онд дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд амжилттай оролцон, 1967 онд Энэтхэгийн Дели хотноо болсон ДАШТ-ээс
хүрэл медаль хүртэн, 1968 оны Мехикогийн зуны олимпийн чөлөөт бөхийн төрөлд
Монголоосоо анх мөнгөн медаль авчирсан дэлхийн хэмжээний хүчтэн гэдгийг
манайхан сайн мэднэ.

Тэрээр сар шинийн барилдаанд зургаан удаа, төрийнхөө их
наадамд 1963-1967 он хүртэл завсаргүй таван удаа түрүүлж, мөн 1974 онд түрүүлэн
алдар цолоо дуудуулж явсан домогт монгол бөх билээ. Мөөеө аварга ид барилдаж
байх үедээ “Давах би яараагүй байхад унах чи юундаа яарсан юм” гэж учраа бөхдөө
хэлдэг байсан нь эдүгээ өөртөө итгэлтэй хүний хэлц үг болж үлджээ. Түүний хүү
М.Даваажаргал тэгвэл японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд нийтдээ 35 удаа
түрүүлж, амжилтаараа сумогийн түүхэнд нэгдүгээрт бичигдэж байгаа энгүй их
хүчтэн. Тэрчлэн жилийн зургаан башёд хамгийн олон давсан давааны тоогоор найман
жил дараалан түрүүлсэн, жилд 86 давсан үзүүлэлтээр бас л сумогийн ертөнцийг
тэргүүлж яваа. Мөн 2010 оны гуравдугаар сараас 2011 оны тавдугаар сарын башё
хүртэл нийтдээ долоон удаа дараалан түрүүлснээр түүний өмнө бичигдэх алдартан
үгүй болсон агаад ёкозуна цолтойгоор 720 удаа дараалан барилдсан үзүүлэлтээр
түүхэнд нэрээ мөнхлөөд байгаа юм. Мөн дээд зиндаанд 11 удаа уналгүй түрүүлсэн
гээд түүний амжилтын буухиа цаг үргэлж тасралтгүй өөдөө дэвшин үргэлжилж иржээ.

Арлын орны
үндэсний бөхөөр ааг бяр, авхаалж самбаагаа гайхуулж яваа нутгийн хүүгээ Төв
аймгийнхан гүн хүндэтгэж аав, хүү хөдөлмөрийн баатруудын амжилтын товчооныг
гавьяат жүжигчин Отгон, хөтлөгч Цоодол нар танилцуулахад хурсан олон хурайлан
баяр хүргэцгээж байлаа. Хүндэтгэлийн наадамд улс, аймгийн цолтой хүчит 128 бөх
барилдаж Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, Монгол Улсын гарьд Д.Гончигдамба
түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба
үзүүрлэн, их шөвгийн дөрөвт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Батчулуун нар
үлдсэн юм. Түрүү бөхийг таван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг гурван сая
төгрөгөөр байлав. Наадмын үеэр их аваргын
гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт
бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх ёслол болсон. Хакухо аваргыг дагалдан
Японоос 140 гаруй хүн ирснээс өөрийнх нь дэвжээний 28 хүн байгаа гэсэн. Аваргын
ууган охин Д.Юнрэнцоо, хүү Д.Мөнхжаргал нар өвөө, эмээгийнхээ энд тэнд гарч их
л жаргалтай харагдсан. Харин балчирхан Мааяа охиныг нь их аваргын туслах сумоч
энгэрээсээ салгахгүй үргэлжид маллаж байсан. Наадмын төв асрын хүндэтгэлийн
суудалд хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Давааням, тод манлай
уяач Д.Онон, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Монголын
олимпийн хорооны дарга асан Жамц нарын алдартнууд одон медалиа гялалзуулан,
өнгийн дээлээр хээ хуарлан сууцгаасан.

Хакухо аваргын хөдөлмөрийн баатар цолны хүндэтгэлийн их
насны морьдын уралдаанд 151 хурдан буян шандас сорьсноос Төв аймгийн Сэргэлэн
сумын харьяат, тод манлай уяач Д.Ононгийн зээрд түрүүлж, “Босоо хүлэг” галын
уяач, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ц.Бат-Энхийн бор, Дорнод аймгийн Хөлөнбуйр
сумын харьяат Будхангайн хүрэн, Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Эрдэнэбаатарын
цавьдар, Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Б.Цэрэнбаатарын бор айргийн тавд
хурдаллаа. Зуун найман хурдан дааганаас Завхан аймгийн уяач Галбадрахын буурал
түрүүлж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Санчирболдын зээрд халзан,
Төв аймгийн Цээл сумын Манахүүгийн Ганбатын сартай хээр, Сэргэлэн сумын уяач
Ононгийн Батбилэгийн зээрд халзан, Баян сумын уяач Ж.Довдонбалжирын хул зүсмийн
дааганууд айргийн тавд торгон жолоогоо өргүүллээ. Хакухо өөрийнхөө ёкозуна
цолны бэлгэдлээр 69 дүгээрт давхисан морьд, баян ходоодонд давхисан даагыг
байлсан. Морьдын цолыг цэнгэлдэхэд дуудах үеэр Д.Онон манлай их аваргад ноднин
жилийн улсын наадамд аман хүзүүдсэн хавчиг зээрдээ бэлэглэж, ирэх сарын 7-нд
болох Монголын морин спорт, уяачдын холбооны ойн наадамд нутгийнхаа хүүгийн нэр
дээр уралдуулахаа амлаад авсан. Төв аймгийнхан аав, хүү хоёр баатарт бүрэн
тоног бүхий эмээл хазаартай морь тус бүр нэжгээдийг цулбуурдуулж, монгол нум
сум өргөн барьсан нь бэлгэшээлтэй санагдаж байлаа. Одоогоос гучин таван жилийн
тэртээ дархан аварга Ж.Мөнхбат төрийнхөө их баяр наадамд хурдан хүлгээ сойж,
түрүү магнай авч байсан түүхтэй юм байна. Наадмын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай уулзаж
хөөрөлдлөө.

Хакухо
М.Даваажаргал:
Таван жил сайхан барилдахыг л
мөрөөдөж байна

-Таны баатар цолны найр, хүндэтгэлийн наадам сайхан болж
байна. Манай уншигчдад сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэргэжлийн сумод үзүүлсэн амжилтыг минь засаг төр үнэлж
хөдөлмөрийн баатар гэдэг хүндтэй сайхан цолоо хүртээлээ. Нутгийнхаа ард
түмэнтэй наадмаа хийгээд, ойрхноос гар барилцаад, золгоод үнэхээр сайхан байна.
Наадам маань сайхан ч өдөр болж, нутаг ус минь ивээж, сэтгэл туйлын өндөр
байна.

-Нэг гэрээс аав, хүү хөдөлмөрийн баатрууд боллоо. Өнөөдөр
зэрэгцэж суугаад баяраа тэмдэглэж байгаа нь бас л бахадмаар сайхан байна шүү?

-Найз нөхөд минь биднийг “Зуун дамжсан аав, хүү аваргууд”
гэж ярьдаг. Би ч ингэж хэлүүлэх их дуртай, үүнд нь ч дасч байна. Яагаад ч юм
сайхан сэтгэгдэл төрж, омогшмоор санагддаг. Миний хувьд нутагтаа байнга ирэх
хүсэл байдаг ч бэлтгэл ихтэй, цаг давчуу болохоор тэр бүрий ирээд байхгүй юм.

-Нагоя башёд түрүүлж гучин тав дахь түрүүгээ авч түүхэн
амжилтаа ахиуллаа. Таны амжилтын нууц юунд байна вэ?

-Нагоя башё миний хувьд мартагдахааргүй сайхан болсон.
Миний хайрлаж хүндэтгэж явдаг хоёр аварга байдаг. Нэг нь 69 дараалан давсан
Футаяама их аварга. Нөгөөх нь, хамгийн олон буюу 32 удаа түрүүлсэн Тайхо
аварга. Тайхо аваргатайгаа амьд сэрүүн байхад нь гэр бүлийн дотно харилцаатай
байж, олон сайхан зөвлөгөөг нь авч байсандаа маш их баярлаж явдаг. Энэ сарын
башёд Тайхо аваргынхаа амжилтыг 44 жилийн дараа эвдэж, ачийг нь хариулсандаа
баяртай байна.

-Танд тод манлай уяач Д.Онон унаган хурдан морио
бэлэглэлээ. Морио өөрөө сойх уу?

-Онон ах маань
ноднингийн наадамд аман хүзүүнд давхисан морио миний хөдөлмөрийн баатар цолыг
мялааж бэлэглэсэнд их л бэлгэшээж баярлаж байна даа, дүү нь. Наймдугаар сарын
эхээр уяачдын холбооны наадам болох юм байна. “Тэр наадамд өөрийн чинь нэр дээр
уралдуулна” гэж Онон ах хэлсэн.

-Сумогийн ертөнцөд монгол бөхчүүдийнхээ түүчээ болсон
Цэвэгням маань зодог тайлахаа мэдэгдсэн нь танд ямар санагдав?

-Манай анхны сумоч Цэвэгням ахын маань сүүлийн башё
боллоо. Сүүлийн башёд нь ахынхаа хамт нэг машинд сууж парадад хамт явсан тэр
дурсгалт мөчүүдийг би хэзээ ч мартахгүй. Цэвэгням ах минь хэдийгээр нүдэндээ
нулимстай дэвжээнээс буусан ч сумогийнхоо төлөө олон сайхан үйлс бүтээнэ гэж
бодож байгаа.

-Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт таны гэргий тоёота маркийн
машин бэлэглэлээ. Танд харин нутгийнхан чинь ямар бэлэг барьж байх юм?

-Төв аймагт өөрийн
гэсэн үзэсгэлэнгээ байгуулаарай гэж ихээхэн хэмжээний газар бэлгэнд өгч
байгаагаа мэдэгдсэн. Энэ сайхан нутгийнхаа зон олны сайн сайхны төлөө
аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хувь нэмэр
оруулах төлөвлөгөөтэй байгаа шүү.

-Та ингэхэд өөрийнхөө наадамд яаж наадаж байна?

-Нум эвшээлгэж, сум тавилаа. Даага дагалаа. Миний
Монголын унаач хүүхдүүд юутай сэргэлэн, гайхалтай мэдрэмжтэй юм бэ. Бүүр өөрийн
эрхгүй огшоод нүдний нулимс цийлэгнэж байна лээ шүү.

-Японоос олон зочин ирэв үү?

-Зуу гаруй хүн ирсэн. Жилийн дөрвөн улиралд башё болдог
хотуудад миний фен клубүүд байдаг. Тэдний төлөөллүүд ч хүрэлцэн ирсэнд сэтгэл
их өндөр байна даа.

-Та мэргэжлийн сумогийн олон рекордыг эвдлээ. Эвдэхээр
рекордууд олон байгаа юу?

-Монгол Улсын тамирчид олимпод оролцоод аав минь хамгийн
анхны мөнгөн медалийг авсан. Мөрөөдөл минь 2020 оны олимп хүртэл зодог
тайлахгүй сайхан барилдах л санаа байна шүү. Монгол хэмээх энэ сайхан улсад төрж,
өсөөд, Япон хэмээх арлын сайхан оронд өдий зэрэгт хүрснээ уул усны минь буян,
олон түмний минь хайр халамж л гэж сүслэн биширч явдаг даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг
Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *