Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж батлагдсан.
Уг удирдамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Команд штабын” сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймагт ажиллаж байна. Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдах юм.
Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийн удирдагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.