Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн ирэх сарын 10-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
“Буянт-Ухаа” спортын ордонд болох уг тэмцээнд оролцох манай багийн ахлах дасгалжуулагчаар Японы өсвөрийн шигшээ багийг удирдаж, Чех, АНУ, Серби улсуудад ажиллаж байсан туршлагатай Японы дасгалжуулагч Шүтоо Коичи ажиллаж байгаа аж.
Монголын багийн эхний учраа ямар улс болох нь 05 дугаар сарын 01-ний өдөр тодорхой болох аж. Энэ удаа Монгол Улс тэмцээнд оролцохоос гадна зохион байгуулалтын ажлыг хариуцаж байгаа учраас өндөр хариуцлага ирж байна гэж зохион байгуулах хороо онцлов.
Манай улсад гуравдахь удаагаа зохиогдож буй энэ тэмцээний ТВ-9, МНС, Сүлд телевизүүдээр шууд дамжуулан хүргэхээс гадна онлайнаар шууд үзэх боломжийг бүрдүүлж байгаа юм байна.
2012 онд Азийн бүсийн холбооноос гаргасан шийдвэр дагуу эрэгтэй, эмэгтэй төрлүүдийг тусдаа явуулж эхэлснээс хойш анх удаа Азийн зүүн бүсэд харъяалагддаг найман үндэсний холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа нь энэ удаагийн тэмцээний онцлог бөгөөд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна гэж Азийн волейболын холбооныхон онцолсон.