Categories
мэдээ цаг-үе

Зусланд гарах цагаар зам засварын ажил эхлэх нь

Өнөө жил нийслэлд нэлээд хэдэн газарт зам засварын ажил хийгдэнэ. Тэрэн дундаа зуслангийн чиглэлийн замыг өргөтгөж шинэчлэхээр болоод байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Иргэд “Зургадугаар сарын нэгнээс зуслангийн замыг хааж засвар хийнэ гэсэн”, “Наадам хүртэл зуслангийн замыг хааж засна гэж дуулдлаа. Энэ ажлаа зусланд гарахаас өмнө эсвэл, намар хийж болдоггүй юм уу”, “Зам засварын ажил эхэлчихвэл өнөө зун зусланд гарсны хэрэггүй. Хотынхоо байр, байшинд зусвал таарна” гэцгээж замын ажил хэзээ эхлэхийг асууцгааж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ сарын 15-наас зуслангийн замыг хаана гэж олон нийтэд мэдээлсэн.

Дамбадаржаагийн цаг­даагийн постоос Шарга­морьтын гүүр, Шарга морь­тын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болж инженерийн нарийвчилсан зураг төсөл нь гарчихсан. Уг зураг төслөөр зуслангийн зам нэлээд өргөн болж хоёр талаар нь явган хүний зам барих аж. Шарга морьтын гүүрийг шинэчилж төмөр бетон болгох юм байна.

Өчигдөр зуслан руу явж зам засварын ажил эхэлсэн эсэхийг сурвалжиллаа. Майхан толгой хүртэл явахад ямар нэг зам ангийн бригад, хүрз барьсан ажилчин, машин техник үзэгдсэнгүй.

Гүнт, Жигжид, Шарга морьтын уулзвар бүхэлдээ эвдэрчихсэн байна. Асфаль­тан хучилт нь эвдрээд дороос нь шороо гараад ирчихэж. Уулзвараар машин тэрэг нэвт­рэхийн тулд нэгнээ хүлээж, аль болох машинаа эвдчихгүй гээд дов сондуул мэт болсон овоорсон асфальт шороог тойрч, гарцгааж байна. Үүнийг даруй л засч янзлахгүй бол ямар ч аваар осол гарч мэдэхээр юм гэсэн бодол төрнө.

Хандгайт, Шарга морьтын уулзварт ч нэг хэсэг газарт ийм эвдрэл гарчээ. Зуслангийн замын ашиглалтын хугацаа хэдийнэ дуусч, жил бүр л нөхөөс хийсээр сүүлдээ арчилгаа авахаа больсон гэдэг нь харагдлаа. Хөвөөнүүд элэгдэж, зам захаасаа сэтэрч зорчих хэсэг нь нарийсчээ.

Зусланд зусах айлуудын тоо нэмэгдэж, зөвхөн урин дулаан цагт гэлтгүй жилийн дөрвөн улирлын турш байнга оршин суудаг айлууд ч олон болсон, энд. Зуны цагт оргил ачаалалтай байдаг уг замын засварын ажил тавдугаар сарын 20 болчихоод байхад эхлээгүй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Өдийд эхлээгүй ажил хэзээ эхлэх юм бэ. Зургадугаар сар гаргаад эхлүүлнэ гэвэл айлууд зусландаа ирэх нөр их ажилтай давхцаад өнөө зун тоос шороонд дунд зусах нь дээ гэж санаа зовцгоож байна.

Гүнт, Жигжид, Шарга морьтын уулзварын замын ажлын зураг төслөөс харвал уг уулзварыг аюулгүйн тойрог болгох юм байна. Тойргийн голд хоёр шарга морь бүхий хөшөө байрлуулах аж. Эндхийн оршин суугч, өндөр настан Н.Дамбаа “Уг нь жилийн жилд л зам анги ирж замыг нөхөөд янзлаад явдаг байсан. Өнөө жил бүр таг болчихлоо. Энэ уулзвар эвдэрч дууслаа. Шинээр зам барих гээд энэ хэсгийг засахгүй байгаа байх. Одоо ч эндхийн замын ачаалал бага байна. Тавдугаар сарын 28, 29-нөөс л ачаалал эрс нэмэгддэг. Цэцэрлэг, сургууль амрангуут л хөл хөдөлгөөнтэй болчихдог. Хүн амын хөдөлгөөн эхлээгүй байхад замаа засчихсан бол аятайхан байсан сан. Одоо ч өнгөрлөө. Хэрвээ замын ажил зургадугаар сард эхэлбэл бид ч тоос шороонд дарагдаж гүйцэх биз” гэж ярилаа. Уулзсан иргэдийн хувьд нэг хэсэг нь зам засварын ажлыг намар, хүн цөөрөх үеэр эхлүүлэх хэрэгтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь одоо даруй эхлээд наадмын өмнө дуусчихвал болно гэж байлаа. Замын ажил хийхдээ усалгааг нь сайн хийвэл дургүйцэх зүйлгүй гэдгээ холбогдох хүмүүст нь дуулгахыг хүссэн юм.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзад­доржоос энэ талаар тодруу­лахад уг замын ажлын тендер Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт гацчихаад байгаа гэлээ. Төлөвлөгөө ёсоор зуслангийн замын ажил энэ сарын 20-ноос буюу өнөөдөр эхлэхээр байжээ.

Өнөө жилийн хувьд замын компаниудад ажил олдохгүй, байдал хүндхэн байгаа аж. Нэг тендерт наяас зуун компани материалаа ирүүлж байгаагаас үзвэл ажил олдохгүй, олдсон жаахан ажил дээр өрсөлдөөн их байгааг илтгэж байна.

Дамбадаржаагийн цаг­даагийн постоос Шар­га­морьтын гүүр, Шарга морь­тын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван хэсгээр хэсэгчлэн гүйцэтгэж, өнөө жил ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн юм байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар авто замын компаниудад хамтран ажиллах урилга хүргүүлж, Дамбадаржаагийн уулзвар Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Улиастай гачууртын чиглэлийн 11 км автозамын ажлын гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулахтай холбогдуулан сонирхогч аж ахуйн нэгжүүдээс чадамжийн мэдээллийг нь энэ сарын 1-нээс 5-ны хооронд хүлээн авчээ. Сонгон шалгаруулалтад 172 компани чадамжийн мэдээл­лээ ирүүлснээс шаард­лагад нийцсэн 40 оролцогч­доос чухам алинд нь гэрээ байгуулах эрх олгохыг энэ долоо хоногт багтаан Үнэлгээний хороо нь хуралдаж шийдвэрлэхээр болсныг тус газраас мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гадагшаа явж, эзгүй байснаас энэ ажил удааширсан гэж тайлбарлах хүмүүс ч байна.

Авто замын зарим мэргэжилтнүүд “Улс мөнгө төгрөггүй байгаа болохоор өнөө жил замын компаниуд бараг бүгд шахуу ажилгүй, замчид хүнд байдалд байгаа. Хэрвээ улс мөнгийг нь шийдээд өгчихсөн бол компаниуд дулааны улирал эхлэнгүүт л ажлаа эхлүүлчих байсан. Зуслангийн замын хувьд тендерт ямар компаниуд ялсан нь тодорхойгүй байгаа. Шалгарсан компаниудаа зарлаад ажлаа шуурхай эхлүүлнэ гэвэл зургадугаар сар гаргах нь тодорхой. Уг ажлыг өнөө жил эхлүүлбэл яалтгүй ч айлуудыг зусланд гарах цагтай давхцана” гэлээ.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *