Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.
Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.
Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.
Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.