Categories
мэдээ цаг-үе

Зурхай дагахгүй мөртлөө жаргаад байгаа нь ямар учиртай юм бэ?

Xүмүүн бидний мал, амьтнаас ялгарах анхан, гол шинж нь шашин шүтэх явдал гэж судлаачид үзэх нь бий. Энэ нь шашин, мухар сүсэг хоёрын ялгааг хүн бүр заавал мэдэж байх ёстой гэсэн үг билээ.

Хүмүүсийн хоорондын харьцааны 20 хувийг хууль, тогтоомж, үлдсэн 80 хувийг шашны сургаал болон ёс суртахуун зохицуулдаг болохыг эрдэмтэд нэгэнт тогтоосон. Шашин ямар чухал үүрэгтэй болох нь эндээс ойлгогдоно. Шашны бас нэг том ач холбогдол нь чухамхүү сүм хийдүүдээс шинжлэх ухаан үүсэж, их сургуулиуд байгуулагдсанаар хүн төрөлхтөн орчин үеийн хөгжил дэвшилд хүрсэн явдал билээ.

Шашин нь өөрийн гэсэн тодорхой бурхантай, ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн систем бүхий өөрийн ёс зүйгээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрэмтэй байдаг аж. Мөн шашин нь өөрийн институт буюу сүм хийд, сургууль, сүсэгтэн олонтой, өөрийн гэсэн шавьтай байна. Харин мухар сүсэг нь хүмүүст сайн зүйл хийж буй мэт дүр эсгэн мунхруулж, мөнгийг нь авахаас ойр зорилго үгүй.

Ерөөс хүн төрөлхтөн бид үүссэн цагаасаа “Төсөөлөл буюу домгийн сэтгэлгээний, шашны сургаалын, шинжлэх ухааны ноёрхлын” гэсэн гурван том үеийг дамжин, эдгээр үеүддээ тохируулан байгаль дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар иржээ. Иймээс мухар сүсгийг сайн дураараа, эрт балрын үедээ буцан орж буй мунхаглал гэвэл илүү ойлгомжтой юм.

Иргэншлийн явцад олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ таниулж иржээ. Эдгээрээс дэлхийн үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3700 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2500 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1500 жил, Бахай Шүтлэг 160 жил орчим оршин сургаал номлолоо хөгжүүлж иржээ.

Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийж болохгүй, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь шашны гол зорилго. Энэ нь нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биендээ муу зүйл хийхээс шашин сэргийлдэг гэсэн үг. Харамсалтай нь түүхэн явцад зарим шашин маш олон урсгалтай болж бүр хоорондоо дайсагнах болсон нь нэн харамсалтай.

Өнөөдөр монголчууд дэлхийн гол гурван шашин болох Буддын, Загалмайн буюу Христийн, Исламын шашинг гурвууланг нь шүтэж байна. Манай Ерөнхий сайд “Монголчууд түүхэндээ шашин болон үндэстний мөргөлдөөн гаргаж байгаагүй цөөн үндэстний нэг” гэж НҮБ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Түүхийн шинжлэх ухааны дэлхийн нэрт эрдэмтэн, академич Ш.Бира гуай “Монголчуудын тэнгэр шүтэх шүтлэг нь бөө мөргөл болон суурин иргэншлийн газар, цаг агаар шүтэх шүтлэгээс огт өөр, илүү том агуулгатай зүйл. Чухамхүү Чингис хааны “Тэнгэрийн дор бүгд адил” гэсэн философи нь олон хэл, соёл, шашныг эв найртай зэрэгцэн амьдрах үндэс болж байсан” гэж хэлсэн билээ.Энэхүү түүхэн үеийг дэлхийн эрдэмтэд “Монголын их амар амгалан” буюу латинаар “Paxmongolica”гэдэг. Харин Ромын эзэнт гүрний үеийг “Ромын их амар амгалан” гэнэ. Үнэхээр ч Чингис хаан бөө шүтлэгтэй байсан бол юу гэж хамгийн том бөөгөө дуудаж гэртээ суулгаж байгаад гадна нь ууган хүүг нь нугаслах билээ. Тэгэхээр академич Ш.Бира гуайн хэлээд буй Тэнгэр гэж яг юу болохыг цэвэр онолын үүднээс төсөөлөх гээд үзье. Гариг ертөнц, амьд байгаль, амьдрал тэр байтугай үйлдвэрлэл эцсийн эцэст энергийн л хувирал байдаг. Анх юу ч байхгүйгээс нүдэнд харагдахгүй энерги үүсч, энэхүү энергиэс үүдэн биет зүйл бий болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Биет зүйлээс л амьдрал үүссэн нь тодорхой.

Тэгэхээр амьдрал бий болсон олон тэрбум жилийн хугацаанд хүний үүдэл эс гэдэг шиг ертөнцийн үүдэл энерги хөгжиж хүчирхэг болсон байж таарна. Иймд Чингис хааны шүтэж байсан Тэнгэр гээд байгаа зүйл маань бүх зүйлийн эх үүдэл болсон энэхүү Үүдэл энерги байх өндөр магадлалтай юм.

Энэ бол шинжлэх ухааны таамаглал бөгөөд шинжлэх ухаан болгохын тулд ийм энерги байгааг заавал олж батлах ёстой. Эрдэмтэд өнөөдөр ертөнцийн үүсэл болсон энэхүү Үүдэл энергийг нүдэнд үл үзэгдэх, биенд үл мэдрэгдэх “Хар матери” хэмээн нэрлэж, хайж олох гэж санаанд багтамгүй их мөнгө зарцуулж байна. Энэ нь товч утгаараа Чингис хааны шүтэж байсан Тэнгэр гэдэг зүйлийг эрдэмтэд хайгаад эхэлсэн гэсэн үг билээ.

Харин монголчуудын бөө мөргөлд тэнгэр биш тэнгэрүүд гэсэн ухагдахуун байдаг бөгөөд тэнгэрүүдийн дээр юу байдаг нь огт мэдэгддэггүй учраас яг юуг шүтэх нь ч ойлгомжгүй байдаг. Иймээс бөө мөргөл нь мухар сүсэг, харин Тэнгэр шүтлэг гэдэг нь тодорхой “бурхан” шүтдэг шашин гэсэн үг болж, академич Ш.Бира гуайн зөв гэдэг нь тодорхой болж байна.

Эцэст нь хэлэхэд Буддын шашинд муу, сайн өдөр, цаг гэж байдаггүй учраас манайд ирсэн Дээрхийн гэгээнтэн, XIY Далай лам сүсэгтэн олонд “Муу, сайн өдөр, цаг гэж байдгийг би мэдэхгүй” гэж хариулж байсан. Иймээс ядаж сонин, радио, телевизээр зурхай гэдэг мухар сүсгийг нийтэлж, нэвтрүүлэхийг төрийн зүгээс хоригломоор байна. Манай зарим мухар сүсгээр гол зогоогчид бүр “Зурхайн шинжлэх ухаан” гэж донгоддог боллоо. Од, гараг хүний амьдралд нөлөөлдөг гэж бурах атал яагаад нөлөөлдгийг батлан, тайлбарлаж чаддаггүй шинжлэх ухаан гэж элэнцэг нь байх билээ. Бид “Зурхай” хэмээх мухар сүсэгт автсан тэнэгүүд байж бололгүй яахав. Харин бүгдээрээ бүр төр, засагтайгаа нийлж байгаад, өнгөрсөн эрт, балар үе рүүгээ эргэн орсон тэнэгүүд гэдгээ бүх мэдээллийн хэрэгслээр, албан ёсоор, өдөр болгон зарлаад байгаа нь хэр зохимжтой зүйл юм бол. Энэ нь өнцөгдсөн суудлаа бүх насаараа засуулалгүй, тэрс жилтэй хүнтэй гэрлэн, дашням, балжиннямгүй өдөр хуримаа хийж, хоосрох өдөр малаа хөнгөлж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өвчин олох өдөр нүүж, нас богиносох өдөр үсээ засуулдаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт насалж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг.

“Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр буддист буддист гэсээр Буддын сургаалаас хальж, мухар сүсэгтэн болов бид. Уг нь “Санаа сайн бол заяа сайн” гэсэн өвгөдийн үгэнд дэлхийн бүх шашин багтаж байдаг билээ. Иймээс өвгөдийнхөө үгээр явбал та Тэнгэр мэт бусдад шүтэгдэн амьдарна гэсэн үг. Ер нь ямар нэг юм шүтэж байснаас шүтэгдэж байсан нь дээр биз дээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *