Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зураг минь буухаас өмнө дахиад нэг түрүүлчих юмсан гэж бодож байсан

Зуны халуун өдрүүдэд сумогийн долдугаар сарын башё уламжлалт ёсоор Нагояад болдог бол энэ удаа Токио хотноо болж өнгөрлөө. “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс үзэгчийн тоог хязгаарлаж, урьдынх шиг дуу шуугиантай, ууж наргиж, зугаацан цэнгэж үздэг сумогийн башёгийн уур амьсгал орвонгоороо өөрчлөгдсөн мэт нам гүм, чимээ аниргүй, хөлхөх хүний тоо татарсан, нэг л болгоомжилж, цэрвэсэн, хатуу хяналтан дор үргэлжилсээр хамгийн сүүлийн башёон өдрийг Монголын залуу сумо бөх, цагтаа Озеки хэмээн алдар хүндийг өргөж явсан Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ цочоон, уур амьсгалыг итгэл найдвар, эрмүүн зориг, гэгээн зүг рүү хөдөлгөх шиг болсон юм. Башёг шууд дамжуулдаг Японы олон нийтийн телевиз болох “Эн Эйч Кей”-н үзэгчийн рейтинг урьдынхаас нэг дахин ихэсч, үзэгч олныг гайхан бишрүүлсэн билээ. Учир нь гэвэл хамгийн доод зиндаанд унаж, эргэн ахисаар энэ жилийн 3 дугаар сараас дээд зиндаанд барилдаж, таван жилийн дараа хоёр дахь түрүү Эзэн хааны цомыг 13 даваа хоёр унаатайгаар хүртэж, сумогийн түүхэнд маэгшира зиндааны хамгийн доод эрэмбээс түрүүлсэн бөхийн хоёрдугаарт, цолгүй түрүүлсэн бөхийн хоёрдугаарт хэмээн бичигдлээ. Хамгийн доод зиндаанд унаж, бэртэл гэмтлээсээ болж, тэргэнцэрт хүртэл сууж үзсэн түүний хувьд больё гэж хэд хэдэн удаа Исегэхама ояагата багшдаа хэлж байсан боловч эхлээд бэртлээ эдгээ! Тэгээд шийдье гэсэн хариултаас хойш өнөөдрийг угтаж, шавийнхаа түрүүлэн байгааг бахдан харж зогссон тэрбээр “Түрүүлчихнэ ч гэж арай бодоогүй ээ. Тавин хувиа биелүүлээд бэртэл нь даамжирахгүй дуусвал л боллоо гэж бодож байсан. Үнэхээрийн сайн хичээж барилдлаа” хэмээн бахдангуй өгүүлж зогссон юм.


Ингээд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй цахимаар ярилцсанаа хүргэж байна.


Энэ сарын башёд түрүүлж, Эзэн хааны цомыг хоёр дахь удаа тэврээд зогсож байхдаа юу бодогдож байв?

-Хүнээс илүү хөлсөө дуслуулсны үр шим юм болов уу даа. Хүн ер нь тууштай л байвал бурхан цаанаас нь харж байдаг байх.

-Сумогийн түүхэнд бас л шинэ хуудас нэмчихлээ. Озеки байсан хүн доошоо зиндаа унавал шууд л зодог тайлдаг шүү дээ. Ингэх нь сумоч хүний шударга ариун ёс ч гэж үздэг. Энэ талаар өгүүлэхэд?

-Хамгийн гол нь багшийнхаа үгийг л дагасан л даа. Багш одоо болноо болно гэсэн бол би аль хэдийн больчихсон байгаа. Башё эхлэхийн өмнө хамт хоол идээд сууж байхад юутай ч арав давчихвал тусгай шагнал авч магадгүй гэсэн шүү юм багштай яриад өнгөрсөн. Эхний хэдэн өдрийн учраа таарах бөхчүүдээ харчихсан, нэлээд сайн судалгаа хийгээд багцаа, тактикаа сэтгэл дотроо бодчихсон. Ямар ч байсан арав даваад тусгай шагнал хүртчих юмсан л гэж бодож байлаа.

-Башён тав дахь өдөр Такаясуд унасан. Орой нь юу бодогдсон бэ?

-Урьд нь бодож тооцоолсон эвгүй бөхчүүдийн нэг нь байсан л даа. Яг л тэр эгзэгтэй эвгүй бөхдөө уначихсан. Өнөөдөр бол өнөөдөр. Өчигдөр бол өчигдөр. Нэг өдөр уначихаад л арван таван хоногийн турш бодоод л байвал яаж ялах вэ дээ. Хайран биз дээ.

-Башён 14-дэх өдөр Шёодайд унасан. Хэд дэх өдрөөс ер нь түрүүлэх бодол орж ирсэн бэ?

-Найм, ес даваад цаашаа бол ер нь тавирчихсан даа. Хийх юмаа хийчихлээ. Бэлтгэлээ яс хийгээд цааш нь тайван сайхан барилдаад л явчихъя гэж бодсон.

-Энэ удаа түрүү бөхийн цомыг хүртлээ. Ер нь энэ зүүдэнд оромгүй явдал байсан уу?

-Башё эхлэхийн өмнө би нэлээд бодоод яваад л байсан л даа. Японы нэгэн зүйр цэцэн үг байдаг даа. Хаку гэдэг хэлэх гэсэн үг ханзаараа ам гээд нэмэх хасахын тэмдэг дүрсээр илэрхийлэгддэг. Хүн гэдэг чинь амаараа сайн ч юм, муу ч юм хэлнэ. Чадна эсвэл чадахгүй ч гэж хэлнэ. Тэр ханз үгийн хасах гэдэг тэмдгийг аваад хаячихвал биелнэ гэсэн утгатай “канау” гэсэн үг болдог. Дандаа сайн сайханыг, би чадна, болгоно гэсэн эерэг үг хэлээд байвал биелнэ гэсэн утгатай болж байна. Үүнтэй адил би түрүүлнэ л гээд хэлээд байвал үг биеллээ олно гэдэг шиг л. Манай монголчууд ч тэгж хэлдэг биз дээ. Би заавал түрүүлнэ л гэж өөртөө хэлээд байсан. Ямар ч байсан арав давчих болов уу л гэж бодож байсан. Анх түрүүлэхээсээ өмнө ч гэсэн дэвжээнийхээ ханан дээр би түрүүлнэ гээд ханзаар бичиж байснаа санаж байна. Ер нь миний ам гарсан зүйлүүд дандаа биелээд байдаг шиг санагддаг. Анх цолгүй байхад би энэ жилдээ жүрёод гарна гээд тэр жилдээ гарч байсан. Тэгээд шинэ жилийн баярын үдэшлэг дээрээ би макүүчи зиндаа алгасаад санякү цолонд хүрнэ гэж хэлэхэд дэвжээнийхэн шоолоод за юутай ч макүүчидаа л гарч үз гэж байхад би санякү цолтой болоод тэр жилдээ Озеки болно гэж хэлээд болж байлаа. Озеки болчихоод харин би хэсэгтээ амарна гээд байсан чинь бэртэж гэмтээд, янз бүрийн юм болсон.

-Сумод гараас нь хөтөлж оруулж ирж байсан ачит хүмүүсээ эргэн санаж, талархаж байгаа даа?

-Хамгийн анх Мөнхбат аваргад танилцуулж, хөтөлж аваачиж өгсөн хүн маань Бөх тайлбарлагч Ганбаатар ахын дүү Төмөрбаатар гээд манай хамаатаны ах байсан юм. Өөд болчихсон. Мөнхбат багш, тэр ах хоёр минь одоо тэнгэрээс хараад баярлаж байгаа байх гэж бодож байна.

-Одоо өвдөгний бэртэл нь ямаршуухан байгаа вэ?

-Барилдааны дундуур бол эмчилгээгээ хийнгээ л дундаасаа тэнийхгүй болчихсон. Өдөрт ганц барилдаан юм чинь биеэ сайхан халааж байгаад л өвчин намдаах эм уугаад л гарчихдаг юм даа. Сүүлийн хэдэн жил бол ер нь өвчин намдаах эм байнга ууж л барилдаж байна.

-Гол нь тамирчин хүнийг сэтгэлийн их хүч, хат, тэнхээ л авч явдаг юм уу даа?

-Ер нь бол сүүлийн хэдэн жил би өөртэйгөө их ярьж байна. Толинд хараад л –Чи чаднаа гээд л бодоход хүч ундардаг юм уу даа.

-Гурван сарын башёгоос хойш тавдугаар сарын башё цаанаасаа өнжлөө. Тойргийн барилдаан бас болоогүй. Эдгээр нь өөрийн тань хувьд хэрхэн нөлөөлөв?

-Миний хувьд нэлээн сайнаар нөлөөлсөн. Башёгоос башёгийн хооронд тойргийн барилдаан гээд маш завгүй цагийн хуваарьт шахагдаж, хурдан түргэн хэмнэлээр аян замын ядаргаа ч тайлагдахгүйгээр нэгээс нөгөө газар шилжиж явсаар башён барилдаан эхэлдэг. Харин энэ удаа бол өөртөө долоо, долоон хоногоор нарийн төлөвлөгөө боловсруулаад энэ долоон хоногт энэ булчингаа хөгжүүлнэ гэсэн зорилт тавиад бэлтгэлээ хийсэн. Өглөөдөө кейко хийж, биеэ бариулж, эмчилгээгээ хийлгүүлээд, оройдоо спортын төвд очиж хүчний бэлтгэл, бас эмчилгээгээ, хөлний дасгалаа хийгээд л гэсэн туж завгүй хэмнэлээр л өнгөрөөдөг.

-Эмчилгээнээс гадна их нарийн цагийн зохион байгуулалтаар өдрийг өнгөрөөдөг байх нь ээ?

-Хөлний жижиг булчинг хөгжүүлэхэд их анхаарсан л даа. Хүн чинь өөрийнхөө биеийг хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Аль булчин болохгүй байна гэдгийг хөндлөнгөөс өөр хүн хараад мэдэхгүй. Эмчилгээ хийж байгаа эмч, хүчний бэлтгэл хийж байгаа дасгалжуулагчтайгаа маш сайн ярилцаад л Шийрэв багштайгаа бас байнга холбоотой, зөвлөгөө аваад явсан даа. Өвдөөгүй байх үед ямар ч дасгал юу ч хийсэн сайжраад л гоё болоод л өнгөлөг жавхаа ороод байгаа юм шиг санагддаг байсан бол одоо өвчтэй биедээ тааруулж л дасгал сургуулилт хийж, нарийн дэглэмтэй, өөрөө л хичээхгүй бол өөдлөхгүй гэдгээ их мэдэрдэг болсон доо.

-Гэргий нь спортын төвд хамт явдаг. Арын тань албыг сайн даадаг гэж сонсож байсан. Түрүүлэхэд их нөлөө үзүүлж, түшиг болсон хүний нэг яахын аргагүй мөн дөө.

-Тэгэлгүй яахав. Ямар ч үед үргэлж цуг байсан болохоор. Гэрийнхэн, багш, дасгалжуулагч гээд л дэвжээний хамт олон, доошоо унахад ч хамт түшиж байсан хөгжөөн дэмжигчид гээд олон хүний тус дэм ихээр нөлөөлсөн. Аав хүүгээ түрүүлсэн гээд эргэн тойрныхоо бүх хүүхдэд зайрмаг авч өгөөд баярлуулаад байж байна гэсэн. Ээж болохоор уйлчихсан гэсэн.

-Японы хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зовлон зүдүүрт дасчихжээ” гэж хэлсэн үг нь надад их гүн тусч байсан. Юуны учир тэгж хэлэв?

-Олон л юм тохиолдож, болж өнгөрлөө. Тэргэнцэрт ч сууж үзлээ. Одоо ч аар саархан, ялих шалихгүй зүйлд ач холбогдол өгөөд байхгүй, тоохоо больсон.

-Дараагийн зорилтын талаар юу гэж бодож байна?

-Түрүү бөхийн зургийг сар сараар Сумогийн ордонд залж, таазанд хүндэтгэлтэй өлгөдөг шүү дээ. Нийтдээ 32 башёгийн зураг байдаг. Таван жилийн өмнөх түрүү бөхийн зураг минь хараахан буугаагүй байгаа. Энэ жилийн 3 дугаар сарын башёгоос эхлээд дээр байгаа зургаа нэг харчихаад л барилддаг болсон. Удахгүй буух болчихсон энэ үед дахин түрүүлж, зураг минь дахин шинээр тавигдах болно. Зургаа буухаас өмнө ахиад түрүүлчих юмсаан гэсэн сэтгэлийн мухар дахь мөрөөдөл ийнхүү биелсэн гэх үү. Сайхан л байна. Бас Япон, Монгол даяар өчнөөн телевиз, хэвлэл мэдээллээр гарлаа. Энэ бүхнийг би их хариуцлага гэж үзэж байна. Ямар ч байсан чадах бүхнээ хийнэ. Манайхан чинь тэгээд хэтэрхий их юм шаардаад байдаг шүү дээ. Уначихаар дэвсчих гээд л. /Инээв/

-Сумогийн шүтэн бишрэгч болон Монголын ард түмэндээ юу гэж хэлмээр байна вэ?

-Залуучууддаа хандаж хэлэхэд зорилго тавиад түүнийхээ төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, хичээн чармайж, хамаг бүхнээ зориулдаг байгаасай. Ард нь гарч байж л сэтгэл нь амарч байгаасай гэж хүсч байна. Би зорьсон аливаа нэг юмны ард нь л гарахгүй бол бухимдаад байдаг. Бэлтгэл хийсэн ч энэ булчингаа л дутуу ажиллуулчихлаа даа. Өнөөдөр амжиж хийсэнгүй гэж бодохоор л нэг юм дутуу санагдаад сэтгэл дундуур болчихдог.

Манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Гэрэл зургийг В.ДАВАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *