Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Зудын эрсдэл 14 сумыг хамарчээ

Энэ сарын 18-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 32-37 градус хүртэл хүйтэрч, цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Зудын эрсдэл нийт нутгийн 2.6 хувийг хамрах төлөвтэй байгаа юм. Харин манай улсын 10.8 хувьд дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гэх тооцоог Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл эрсдэл өндөр хэсэгт Баян-Өлгий, Увс, Ховд болон Төв аймгийн зарим газруудыг онцолсон байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Булган, Төвийн Баяндэлгэр сумд, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын цөөн багийн нутаг хамрагдаж байгаа юм. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байжээ. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см цастай байсан аж.

Бусад нутагт 0-5 см цастай байгаа юм. Нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байсан ч Дундговь, Өмнөговь, Дорноговь болон Сүхбаатарын цөөн хэдэн сумды нутгаар муу үнэлгээтэй байсан. Зуншлага муу байснаас үүдэж эдгээр бүс нутагт өвөлжилт хүндрэх эрсдэл тулгараад байгаа юм. Мөн зарим аймгууд шүлхий өвчнөөс улбаалж малаа отроор өвөлжүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь малчид өвөлжилтийн эрсдэлтэй нүүр тулахад хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *