Categories
мэдээ цаг-үе

ЗТЯ-ыг эмнэлэг болгох 6.5 тэрбумаар хүүхдийн эмнэлэг тав, цэцэрлэг арвыг барих юм байна

ТҮШМЭДИЙН ОРДНЫГ ТҮМНИЙ ЭМНЭЛЭГ БОЛГОЁ

-БАРИЛГЫН ЗАХЫН НЭГ КОМПАНИ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗТЯ-НЫ БАРИЛГЫГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ЗАСЧ, ЦАГААН САРЫН ӨМНӨ БЭЛЭН БОЛГОЖ ЧАДНА-

Зам тээврийн яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар засч тохижуулахад ойролцоогоор 6.2-6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Эрүүл мэндийн яамнаас гаргаад байгаа. Гэтэл Зам тээврийн яамны байрыг эмнэлгийн зориулалтаар засч, тохижуулахад 1.3 тэрбум төгрөг байхад л хангалттай гэдгийг барилгын салбарын инженерүүд ярьж байна. Мөнгийг нь даруй шийдээд өгчихөд барилгын захын нэг компани ажилдаа ханцуй шамлан ороход хоёрдугаар сарын дундуур хүүхдийн шинэ эмнэлэг үүдээ цэлийтэл нээх боломжтой юм байна. Төр нь яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд багаар бодоход 6.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгдэж байхад барилгын салбарт хөлс хүчээ урсган өдөр шөнө, өвөл, зунтай уралдан ажилладаг, бор зүрхээрээ яваа барилгын компанийн захирлууд энэ ажлыг 1.3 тэрбумын өртөгтэй гэж тооцоолж байна шүү дээ. Энэ хоёр тооны хооронд ямар их зөрүү гарч байгааг хэн ч ойлгоно.

Зам тээврийн яамны барилгын нийт талбай нь ойролцоогоор 2850 метр квадрат. 6.5 тэрбум төгрөгөө талбайн хэмжээндээ хуваачихаар нэг метр квадратыг хэдэн төгрөгөөр засах вэ гэхээр 2.5 сая төгрөг гарч байна. Эрүүл мэндийн яамныхан нэг метр квадратыг 2.5 сая төгрөгөөр засна аа гэж байхад барилгын компаниуд энэ ажлыг 500 мянган төгрөгөөр гүйцэтгэнэ гэж байна.

Төрд авлига гэх зүйл хэрхэн бүрэлдэн бий болж, биеждэгийг энэ бүхнээс харж болохоор байгаа юм. 6.5 тэрбумаас 1.3 тэрбумыг хасахад үлдэж байгаа 5.2 тэрбум төгрөг тэгэхээр тэр чигээрээ авлига болж хувирах нь. Төрөөс тэрбумтнууд ингэж л төрдөг юм байна. Зам тээврийн яамныхан байрыг нь хэрвээ эмнэлгийн зориулалтаар засахаар болбол нүүх зардалд багаар бодоход 200-300 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Энэ тоо бас ямар ч эдийн засгийн үндэслэлгүй. Нүүлгэлтийн компаниуд дөрвөн давхар оффиссын барилгыг нүүлгэхэд тавилгуудын овор хэмжээнээс хамаарч 6-11 сая төгрөг болно гэж байгаа юм. Үүнээс харахад дээрхтэй адил төрөөс саятнууд ийм аргаар мэндэлдэг байх нь гэх сэжиг төрнө. Хэн дуртай нь мөрөөдлийнхөө тоог хэлээд л, түүнийг нь цохоод өгчихдөг ийм хяналтгүй систем манай төр, эдийн засагт ноёлчихоод байгаа юм уу.

Эрүүл мэндийн яамныхны хэлээд байгаа 6.2-6.5 тэрбум төгрөг гэх тоог хэр үндэслэлтэй, бодит амьдралтай уялдсан эсэх талаар барилга угсралтын “Пром сервис” компанийн захирал Д.Бямбаагаас тодрууллаа. Тэрээр сүүлийн арав гаруй жил барилгын салбарт хүчин зүтгэж яваа нэгэн бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын даргаар 1996-2000 онд ажиллаж байсан юм.

Конторын барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад 6.5 тэрбум шаардлагатай гэж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ?

-Зам тээврийн яамны барилгыг эмнэлэг болгох гэж байгаа шийдвэр нь өөрөө тааламжтай, олон түмэнд нийцтэй байгаа юм. Тус яамаар орж гарч ажил төрөл хөөцөлдөж явсан хүний хувьд надад багцаа төсөөлөл байна л даа. 2850 метр орчим талбайтай барилга. Тэгэхээр нэлээд том хэмжээний эмнэлэг болно. Гэхдээ үүнд засвар хийхэд 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгааг нь дуулаад Монгол төр, төрд ажиллаж байгаа улсууд ямар баримжаагүй болчихоо вэ гэсэн бодол төрсөн. Сүүлийн үед салбарын хэмжээнд шийддэг асуудлууд дээр мөнгө угаалт хэтэрхий явагдаад байна уу. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар нэлээд жудаггүй болчихоо юу гэсэн итгэл үнэмшил төрж байна. Энэ бүхэнд шүүмжлэлтэй хандах болсон шалтгаан маань гэвэл би энэ салбарт дөрвөн жил ажилласан. Эрүүл мэндийн салбарын яамны Стратеги удирдлагын төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг зангидаж байсан хүн шүү дээ. Шинэ эмнэлгүүд баригдаагүй нь үнэн. Шинээр эмнэлэг барих хөрөнгө манай засагт байгаагүй юм. Сүүлийн үед төрөх эмнэлэг баригдах гээд дуншаад байж байна. Баригдах гэж байгаа эмнэлгүүдийг хөндлөнгөөс ажиглахад хэтэрхий өндөр зардлууд сонсогдоод байх болчихсон. Эмнэлэг гэхээр л нэг их тусгай обьект гэж ойлгоод туйлшраад байж болохгүй. Эмнэлгийг илүү тохилог болгоё гэвэл өрөө бүрт бие засах өрөө, гар угаагууртай байлгана гэх хэрэгцээ бий. Тусгай тоноглолтой өрөөнүүд ч байдаг. Гэхдээ нийтлэг барилга гэдэг стандарт жишиг дотор баригдах л бололцоотой. Бид Азийн хөгжлийн банкны төслөөр аймгуудын эмнэлгүүдийн өргөтгөлийг бариулж л байлаа.

6.5 тэрбум төгрөгөөр 6500 метр квадрат талбайтай цоо шинэ обьектыг барьж байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ яриад байгаа Зам тээврийн яамны барилга шиг ийм обьектыг хоёрыг шинээр барих мөнгийг засварт зарна гээд яриад байх юм. Хэрвээ үнэхээр тэгж 6.5 тэрбум шаардлагатай гэж яриад байгаа юм бол түүн шиг худлаа тооцоо байхгүй. Салбарын хэмжээнд төсөв хөрөнгийг нь зохиодог аргачлал байгаа шүү дээ. Тоног төхөөрөмж, эд хогшлууд барилгын засварын ажлаас тусдаа явдаг. Барилгатай огт хамаагүй. Сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж авна гэвэл хоёр, гурван сая ам.доллар болно. Магадгүй тэр 6.5 тэрбум төгрөг нь ч хүрэхгүй тийм үнэтэй тоног төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр хүмүүсийн тархийг угааж байгаа юм шиг бүх хүнийг засварын 6.5 тэрбум гэсэн тоон дотор оруулчихлаа. Тэр тооцоонд нь тоног төхөөрөмж нь орсон уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Ийм нэг үл бүтэх мэдээллийн цаана асуудал яригдаад байна л даа.

Засварт зарцуулна гээд байгаа 6.5 тэрбум төгрөгөөр иж бүрэн тохижилттой, сүүлийн үеийн засалтай, 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг барих боломжтой гэсэн тооцоог зарим мэргэжилтнүүд ярьж байна лээ. Хэрэв танай компанид энэ мөнгийг өглөө гэвэл хэдэн цэцэрлэг, эмнэлэг барих вэ?

-Би багцаа тоо хэлье. Саяхан манай компани зуун хүүхдийн цэцэрлэг хоёрыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Канад технологиор баригдсан эдгээр цэцэрлэгүүд нь гаднаа дэд бүтэцтэй. Уурын зуух, худаг, шугам сүлжээ, бохирын цооног, тоглоомын талбай, хашаатай. Иж бүрэн тохижилттой эдгээр цэцэрлэгүүд 600 сая төгрөгт боссон.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд ийм цэцэрлэг 15 ашиглалтад орсон. Одоо хоёр нь ашиглалтад орох гээд хүлээгдэж байгаа. 570 метр квадраттай барилгыг 600 сая төгрөгөөр босгоно гэхээр нэг метр квадратад нэг сая орчим төгрөгийн зардал орж байж шинэ барилга баригдаж байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Яам, тамгын газар дэндүү мэдлэггүй хүмүүсийн цугларал болчихсон юм уу, тийм биш юм бол энэ сансрын тоог хаанаас аваад байгаа юм бэ. Аливаа ажлыг хийхэд хийх ажлын даалгавар гэж гардаг.

Зам тээврийн яамны барилгад иж бүрэн засвар хийгдсэн, маш тохилог байр. Тэгэхээр мэдээж түүн дээр нь нэмээд эмнэлгийн зориулалттай болгоход юу хэрэгтэй вэ. Магадгүй өрөө болгонд угаалтуур тавина гэж бодъё. Тэгэхээр сангийн ажлууд хийгдэнэ. Зарим өрөөнд гэрэлтүүлэг нэмнэ гэвэл цахилгаантай холбоотой ажил гарахыг үгүйсгэхгүй. Агааржуулалт, салхивчийг хэсэгчилсэн байдлаар шийдэх, өргөжүүлэх шаардлага гарч ирнэ. Мэдээж эмнэлэг юм чинь ачааны цахилгаан шат хэрэгтэй. Сэхээн амьдруулах, мэс заслын, мэс заслын дараах, хэвтрийн өвчтөнүүдийн, тусгай гээд блокууд бий л дээ. Ийм хэсгүүдэд зориулж аль нэг жигүүрийг нь илүү тохижуулж болно. Энэ бүгдийг бодож тооцоод хийх ажлуудын даалгавруудыг гаргаад ирэхээр яаж ч бодсон тухайн барилгын бодит өртгийн 30 хувиас зардал нь хэтрэхгүй. Шинэ барилга барих нийт зардлын 30 хувиас иймэрхүү ажил хийх зардлын хэмжээ илүү гарахгүй.

Бүтэн барилга нь босчихсон, хана, хаалга, цонх, шал, дээвэртэй, халаалтын систем нь иж бүрэн шийдэгдчихсэн, усан хангамжийн тодорхой хэсэг нь шийдэгдчихсэн барилга байхад жижигхэн засвар, жижигхэн ажлуудын төлөө бүтэн хоёр эмнэлэг шинээр барих мөнгийг зарна гэж яаж байх вэ дээ. Би ингэж л хэлнэ.

Барилгын аль ч ёс зүйтэй компанид тэр 6.5 тэрбум төгрөгийг өгч газрын асуудлыг нь шийдээд өгчихвөл магадгүй тийм эмнэлгийн барилгыг хоёрыг барьчих компани захаасаа аваад олдоно.

Яармагт баригдаж байгаа төрөхийн эмнэлэгт 17 тэрбум төгрөг зарцуулсан ч барилгын ажил нь гацчихаад л байна. Мөнгийг угаадаг, ууршуулдаг энэ юм төрийнхөө систем дээр байгаа улсуудтай нийлсэн ийм луйврын эдийн засаг манайд хөгжчихөөд байгаагийн гамшиг нь өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хямрал болчихоод байна. Монголд эдийн засаг хямраагүй. Олигархи түвшинд нийлчихсэн төрийн монополь капитализм гэдэг зүйл үүсчихээд байна. Төртэйгээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс нь нийлж цөөнхөд үйлчилсэн засаглал үүсгэчихээр төрийн монополь капитализм бий боллоо гэж ярьдаг. Тэдний нөгөө талд эмзэг бүлэг, ядуус нь үржиж байдаг. Энэ тогтолцоо цөөхөн хүн амтай Монголд маань бий болчихоод байна.

Тэр 10, 20 тэрбум төгрөгийн тендерүүдийн сураг нь мань шиг арван хэдэн жил барилгын салбарт ажилласан жижиг компаниа удирдмар болоод явж байгаа жижиг хүмүүст дуулдахгүй өнгөрдөг. Барилгын олон компани байна. Зүрх сэтгэлээр зүтгээд барилгаа бариад их ажлынхаа ард гарчихаар мөнгө нь орж ирдэггүй. Яагаад мөнгө нь орж ирэхгүй байна гэхээр конторт суудаг гарын үсэг зурдаг хүмүүсийн үзэмжээс л болоод тэр. Үүнийг л авлигажсан нийгэм гэж хэлээд байгаа юм шүү дээ. Эрүүл мэндийн салбарын бүтэн төсөв, санхүүг зохиож байхад энэ дуулдаад байгаа 6.5 тэрбумын тоонд хүрдэггүй байсан юм. Энэ чинь их мөнгө. Хэдий инфляци өслөө өслөө гэсэн ч. 6000 метр квадрат талбайтай обьектыг барьж байгуулах, III эмнэлгийн хэмжээний тийм том цогцолборыг шинээр барих ийм л мөнгөний тухай яриад байна.

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга чинь өмнө нь конторын зориулалттай байсан юм билээ. Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо хороо байрлаж байсан гэсэн?

-Намайг тус хороонд ажиллаж байхад контор маань эмнэлэгт шилжиж байсан юм. Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглахад хүндрэл гараагүй гэж хэлэхгүй. Ачааны цахилгаан шат төлөвлөөгүй обьект байсан учраас хэвтрийн өвчтөнүүдийг зөөхөд хүндрэл гардгийг сонссон.

Одоо яригдаад байгаа Зам тээврийн яамны дөрвөн давхар барилгын нэг жигүүрт нь ганц, хоёр лефт угсарна биз. Өөр ямар асуудал байгаа юм бэ. 6.5 тэрбум төгрөгийн дөрөвний нэг нь л байхад хоолой давсан төсөв гэж харагдаж байна.

Зам тээврийн яамныхан хэрвээ байрнаасаа нүүнэ гэвэл багаар бодоход 200-300 сая төгрөг нүүлгэлтэд шаардлагатай гээд байгаа?

-Ямар толгойтой түшмэл ийм тоо хэлээд сууж байдаг байна. Ийм авлигачид, яаманд олон жил болж ялзарчихсан хүмүүс яамны өөрчлөлтөөр цэвэрлэгээнд орох ёстой. 15-аас дээш жил нэг яаманд бугшаад дархлаа үүсчихсэн нөхдийг цэвэрлэгээнд оруулах ёстой. Үнэхээр сайн ажилладаг юм бол өөр салбар руу явуулж ажиллуулах хэрэгтэй. Заавал төрд ажиллах дуртай юм бол өөр ажил хийлгэ л дээ. Нэг газарт олон жил суучихаад нийгмийг хямраасан, сайн сайхны төлөө бус, ард иргэдийн эсрэг тоо баримтыг гаргаж ирээд авлигыг үржүүлээд байж байна. Манай нийгмийг гутааж байгаа хамгийн том зүйл бол авлигал. Авлига гэдэг дээр би нэг л жишээ хэлье. Би сая барилга ашиглалтад өгөх үед ганцхан хүний гарын үсэг зуруулах гэж хэдэнтээ мөргөж, залбирч байж гарын үсгийг нь авлаа. Онцгой байдлын нэг байцаагч гарын үсгээ зурах гэж бидний ажлыг сар шахам гацаасан. Улс нь шийдээд, бариулаад, ашиглалтад ороод туузаа хайчилчихсан байгаа юман дээр л нэг түшмэлд бүхэл бүтэн нэг компанийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх тийм эрчим хүч байна. Төрд ажиллаж байгаа хүн гэдэг хувийн бизнесийг дампууруулдаг. Татвараас цугласан эдийн засгийн тэр их эрчим хүчийг буруу зүйл рүү зарцуулж тараадаг. Элсэнд асгасан ус шиг, нийгмийн хөгжлийг сааруулдаг ийм улсуудад төр хариуцлага тооцох цаг нь болчихжээ.

Ч.Сайханбилэг сайд аа, таны эхэлж байгаа олон ажлууд тань зөв байгаа. Гэхдээ таны хамгийн том нүүр тулсан асуудал магадгүй мэргэшсэн төсөвчид, мэргэшсэн барилгын инженерүүд, мэргэшсэн компанийн захирлуудыг баригдаж буй обьектууд дээр хөндлөнгийн аудитууд болгон оруулж ирээд задлах, олон тэрбум төгрөг яриад байгаа хүмүүсээс ял асуух үйл явц байж болох юм. Сая саяар нь иддэг байснаа саяа тоохоо байчихаж. Одоо тэрбумаар нь гудардаг болсон байна. Луйварчдыг зогсоогоогүй байгаа цагт Монгол Улсын хөгжил, хямралын тухай яриад ч хэрэггүй. Сайдуудыг ажилла гэж шахах юм бол салбар дотроо тэр хачин тоо тавьдаг нөхдүүдийг эхлээд хаалганы гадна хөөж гарга.

Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд түүн шиг хэцүү бэрх зүйл байдаггүй, маш хүнд ажил мэтээр ард иргэдэд ойлгуулах гээд байх шиг. Үнэхээр хэцүү юм уу?

-Тэгж үлгэр яриад байх юм. Конторын зориулалттай гэдэг чинь коридортой, өрөөнүүдтэй. Эмнэлэг ч адилхан шүү дээ. Тэрэн дотроо жаахан хуваарилалт хий л дээ. Зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Тэр сүржигнээд байгаад сантехникийн ажлууд нь ч хийгдэх нь тодорхой. Шинээр баригдаж байгаа барилгын нийт төсвийн 10 орчим хувь нь сантехникт зарцуулагддаг. Яаж ч бодсон засварын ажлын зардал нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй. Ямар ч онцгой обьект болгон зассан бай. Тэгэхээр Зам тээврийн яамны барилгыг нэн даруй засч цагаан сараас өмнө бэлэн болгох хэрэгтэй байна. Цагаан сар хүртэл хүүхдийн өвчлөл буурдаггүй. Цагаан сараар харин ч оргил үедээ хүрдэг. Конторын хүнд сурталтнууд хэдэн тоо хэлж толгой эргүүлж өрөөгөө суллаж өгөхгүй байтал эмнэлгүүдийн ачаалал буурахгүй, хүүхдийн өвчлөл нэмэгдсээр л байна. Өнөөдөр бол хүүхдийн өвчлөлийн оргил үед тулсан мөч. Ийм хариуцлагатай үед тоо хөөцөлдөөд л сууж байна гэдэг дэндүү хариуцлагагүйн шинж.

Барилгын аль нэг компанид тохирох мөнгийг нь өгөөд эмнэлгийн барилгыг даруй бэлэн болго гэвэл цагаан сараас өмнө амжих уу?

-Амжина. Засгийн газар нээлттэй, хязгаарлагдмал тендер зарлаад компаниудад “Төсвөө зохиогоод, хугацаатайгаа хийгээд ир” гэвэл ёсзүйтэй компани арваар тогтохгүй гарч ирээд “Үүнийг чинь нэг тэрбумаар хийгээд хорь хоногийн дотор бэлэн болгоё” гээд гараад ирж магадгүй шүү. Уг тендерт тэр яаманд байгаа конторын түшмэдийг оролцуулах хэрэггүй. Монголын төрд идээ бээр шиг шигдчихсэн ёсзүйгүй энэ хувалзнуудаас салаагүй цагт төрийн шинэчлэл, засгийн шинэчлэл явагдахгүй. Манай улс эдийн засгийн биш засаглалын хямралтай байгаа юм. Улстөржсөн энэ системийн үед хэн нэгэн даргын ивээлд орчихсон, өчигдөрхөн гутлыг нь арчаад, цүнхийг нь барьж гүйж байсан нөхөд өнөөдөр төрийн албанд оччихоод хэдэн тоо нэмж хасч чадахгүй орон алдаад сууж байна шүү дээ.

Барилгын компаниуд үндсэндээ үүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд орчихоод байна. Хөрөнгө оруулалт зогслоо. Гэтэл үүний цаана хэрээс хэтэрсэн албан тушаалтнуудаас хамаарсан тендер, луйврын процесс явагдсаар байна. Барилга бариад хүлээлгээд өгөх процесс тэр чигээрээ дарамт болчихсон. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн ял үүрдэг болчихоод байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *