Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурлаа.
Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэж байна.
Тухайлбал:
– Нислэгийн тийз 2 дахин хямдарна.
– АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна.
– Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ.
– Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино.
– Дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ.
– АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана.
– Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
– Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө.
– Гуравдагч хөршийн бодлого улам батажна.
Монгол АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.