Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравнэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.