Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр байгуулагдсан. Тус хорооноос өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийг танилцуулсантай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх дахин сэргэлтийн цогц төлөвлөгөөг Сангийн яамнаас танилцуулсантай холбогдуулан Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгсөн.
Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Тодруулбал, цахим шилжилтэд бэлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаагаар нь ажлын үр дүнг нь үнэлэх болсон” гэв.
Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 6,349.9 тэрбум төгрөгийн 62.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,823.6 тэрбум төгрөгийг 24,040 зээлдэгчид олгожээ.
Түүнчлэн Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хорооны ажлын явцаас танилцуулав.
Үндэсний хорооноос цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох замаар бизнесийн орчныг сайжруулах зорилго бүхий Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгааг мэдэгдлээ. Энэхүү хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалт хийхээр тусгажээ.