Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

– “Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов. Бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой гэж үзлээ. Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна.

Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх аж. Өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Иймд Төрийн өмчит Таван толгойн цахилгаан станцыг “Эрдэнэс таван толгой” компанийг түшиглэн байгуулж, Оюутолгой ХХК-ийг төрийн өмчийн Таван толгой цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм.

– МУЗГ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам, Солонгос Улсын Экспорт –Импорт банк хооронд байгуулах “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох захирамж гаргахаар тогтов.

– Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-д тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулга хийв.

– Музейн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрхзүйн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж энхэүү хуулийг төслийг боловсруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслийг дэмжлээ

Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. 2015 онд төрийн тэргүүн нарын хоёрдахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хилийн хянан шалгалтыг хөнгөвчлөх, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгасан байна. Талууд энэ сарын 23-нд Ташкент хотноо хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Төвлөрлийг улам сааруулна

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулсныг Засгийн газар баталлаа. Төсөлд:

– Төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний туршлага, сургамж, өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ

– Төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгцээ, шаардлага

– Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын зарчим

– Бодлогыг хэрэгжүүлэх арга зам

– Хэрэгжүүлэх үе шат, зохион байгуулалт, хүрэх үр дүн, үр нөлөөг тодорхойлох зэрэг асуудлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр тусгасан байна.

Энэхүү баримт бичгийн төслийг боловсруулахдаа гадаадын болон дотоодын зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж бүх яам, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын саналыг авч тусгасан байна.

Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлагаас үзэхэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, ил тод хариуцлагатай, сайн засаглалыг бий болгон хөгжүүлэхэд төвлөрлийг сааруулах бодлого чухал ач холбогдлоо өгсөн байна.

Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололтыг гадаадад таниулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар тогтоолоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталсан юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд гадаад орнуудад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, урлагийн тоглолт үзүүлэх, дүрслэх урлагийн үзэсгэлэн, кино, номын яармаг гаргах, Монголын соёлын төвийг гадаад улсад байгуулах, гадаадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын нэгдсэн сурталчилгаа явуулах, олон улсын монгол судлалын төвийг байгуулахад хамтарч ажиллах, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Монголия Майнинг олон улсын үзэсгэлэн болон Монгол-Хятадын экспо, Монгол-Оросын экспог зохион байгуулах, Монгол Улсыг сурталчлах тусгай вэбсайт ажиллуулах зэрэг олон ажлыг 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн гэрээгээр барина

Сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессийн гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэг, сургуулийн барилга, Шинэ-Идэр сумын цэцэрлэгийн барилга, Орхон аймгийн “Эрдэнэт”цогцолбор сургуулийн өргөтгөл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан суманд цэцэрлэгийн барилга барих төслийн гүйцэтгэгчидтэй концессийн гэрээ байгуулах юм. Гэрээ байгуулсан компаниуд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж ашиглалтад оруулах бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар гэрээний төсөлд тусгасан байна.

Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.

Улс орны хөгжлийн чиг баримжаа, эдийн засгийн салбаруудын өсөлтийн хандлага, техник, технологийн дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц мэдлэг, ур чадвар, төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилт тавигдаж байна. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, чанарын баталгаажуулалт, байгууллагын менежмент засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын зохистой түншлэл өргөжиж ажил олгогчийн захиалгат сургалт, элсэлт нэмэгдэж, мэргэжлийн болон техникийн боловсролын нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлснээр мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх, мэргэжлээрээ өсч дэвших, ур чадвартай уялдсан цалин хөлс авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлнэ.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Одоогоор замын ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн дүүргэлт 100 хувь, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил 98 хувь, суурийн ажил 52 хувь, хучилтын ажил 33 хувь, хиймэл байгууламжийн ажил 70 хувь хийгдсэн байна.


Товч мэдээ:

  • Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн төгсгөлийн шатны хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
  • ”Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын 54 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Монгол, Германы Засгийн газар хоорондынАжлын хэсгийн хуралдааны тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

2

Монгол, Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэн орох тухай

Д.ДОРЛИГЖАВ

4

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*

Д.ДОРЛИГЖАВ

5

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Д.ЭРДЭНЭБАТ

6

Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Д.ЭРДЭНЭБАТ

7

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлах тухай

Д.ЭРДЭНЭБАТ

8

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

М.ЗОРИГТ

9

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

10

Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

11

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

12

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдааны мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулж байна.

Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийснээр ирэх өвөл Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилга, орон сууцнуудын дулааны хэрэглээг хангаж ажиллана. Станцын туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ. Хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийх юм.

4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ

“Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна.

БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Экзим банк, Монгол Улсын Төрийн орон сууцны корпорацийн хооронд “Орон сууцны 7 дугаар хорооллын Г хэсгийг барих тухай” зээлийн ерөнхий гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу Сүхбаатар дүүрэгт тус хорооллын орон сууцны Г хэсгийн төслийг 3 үе шаттай санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр Төрийн орон сууцны корпораци, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн групп”-ын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 7-нд гэрээ байгуулжээ. Төслийн нийт өртөг 221,447,5 мянган ам.доллар бөгөөд 85 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор Экзим банкны үнэлгээний хороо шийдвэр гаргаж, үлдсэн 15 хувийг Төрийн орон сууцны корпораци санхүүжүүлэхээр болжээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр 4460 айлын орон сууцны хороолол баригдаж, нийслэл хотын хүн амын орон сууцны хангамж нэмэгдэх юм.

50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг дэд төслүүдэд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндэслэжээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.

Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.

IV улирлын эмийн зардлыг II, III улиралд шилжүүлэхээр боллоо

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үүссэн хүндрэл, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан IV улирлын эмийн зардлыг II болон III улиралд шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийг Монгол Улсын 2015 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Хохирлын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хохирлын сангаас хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажиллагааг зохицуулах Хохирлын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар хийсэн судалгааг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг 2008 онд боловсруулж, 12 төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг тусгайлан байгуулж, журмыг Засгийн газар баталсан байна. Энэ хүрээнд тус санд 2014 онд 284 сая, 2015 онд 600 сая төгрөг баталжээ. Төсвийн байгууллагууд хохирол барагдуулахад зориулсан хөрөнгийг төсөвт суулгаж, тусгайлан олгодоггүйгээс төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2009 он хүртэл зогсонги байдалд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирсны улмаас Хууль зүйн сайдын тухайн жилийн багцад тусгаж эхэлсэн ч төсөвт байгууллагаас гаргуулах төлбөр өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

Хохирлын сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн салбарт иргэдээс голлон өргөдөл, гомдол гаргадаг гэмт хэргийн хохирол барагдуулахтай холбоотой тогтолцоо бүрэлдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тагнуулын байгууллагын тухай хууль анх 1999 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийн явцад үүссэн зарим харилцааг зохицуулах цаг үеийн хэрэгцээ шаардлагаар долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл, илүү үр нөлөөтэй болгох, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхээр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нийт долоон зүйлтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд тагнуулын байгууллагыг улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бэхжүүлэх, тагнуулын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, уялдуулан зохион байгуулах бүтцийг бий болгох, тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой ажиллуулах асуудлыг ч тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар тагнуулын байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хариуцлага, хяналтын тогтолцоо бүрдэх юм. Мөн тагнуулын байгууллагын удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгаа хангагдаж, тэдгээрийн мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөл боломж дээшилнэ гэж үзэж байна.

“Чингис хаан” баримлыг Лондон хотоос авч ирнэ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байна.

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ. Энэхүү бүтээлийг авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болох юм. Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхийн урлагийн хосгүй энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 3 сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.

Товч мэдээ:

– УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд, тодорхой саналуудыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтлоо.

– Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас Баянхонгор-Алтай чиглэлийн 129 км авто замын барих шилжүүлэх төсөл, арга хэмжээг хасч, концессын гэрээг цуцлахыг Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгов.

– ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркийн наадам, БНЧУ-д зохиогдсон Косианы нэрэмжит залуу хийлчдийн уралдаанд тус тус амжилттай оролцож, шагнал хүртсэн уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

-УИХ-ын гишүүн А.Бакейгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газраас өгөх саналуудыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

-Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсан 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын байгууллагын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтлоо.

-2015 оны төсвийн тухай хуулиар баталсан улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтаар батлагдсан худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

-“Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын журмын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *