Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар нийслэлд зориулсан бонд гаргана

БОНД ГЭЖ ЮУ ВЭ

Засгийн газрын бонд гэдэг үг манайд орж ирээд удаагүй ч амьдралд багагүй хэрэгжиж эхэлжээ. Засгийн газрын бонд гэдэг нь аль нэг улсын Засгийн газар бусдаас (гадаад, дотоодын хувь хүн, санхүүгийн байгууллагаас) арилжааны зээл авахыг хэлнэ. Бусад зээлээс ялгаатай нь тухайн улсын Засгийн газар оршин тогтнож байвал баталгаатай төлөгддөг. Ерөнхий сайд огцрох, сонгуулиар өөр нам засгийн эрхэнд гарахаас үл хамаарч Засгийн газрын бонд нэрлэсэн хүүтэйгээ, товлосон хугацаандаа төлөгддөг жишиг дэлхий дахинд тогтсон. Хэрэв төлөхгүй бол олон улсын шүүх аль нэгэн дансанд байгаа баталгаат санхүүгийн хэрэгслийг шууд төлбөр болгон суутгаж зээлдэгч талд олгоно. Гэхдээ одоохондоо бондын асуудлаа шүүхээр шийдүүлсэн Засгийн газар байхгүй. Учир нь эргэж төлөгдөх магадлал багатай Засгийн газрын бондыг хэн ч сонирхдоггүй. АНУ-ын Детройт хот, Венесуэль улс бонд гаргах гэж оролдсон ч одоогоор амжилтад хүрээгүй. Асар их баялагтай Венесуэль улсын бонд яагаад үнэгүйдэв гэсэн асуулт гарна. Засгийн газар нь олсныгоо ус цас шиг цацдаг, төр авлигад идэгдэж татварын систем бэлгэдэл төдий ажилладаг, гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж ашгаа хуваахын оронд өөрийн юм шиг дангаараа тансаглаж ууж идэхийг урьдал болгодог учраас тэдний бондыг хөрөнгө оруулагчид сонирхдоггүй гэнэ. Гадаадын сүү зарахыг хориглож дэлгүүр бүхний үүдэнд цагдаа зогсоож байсан Венесуэлийн удирдагчдын тэнэглэл өнөөдөр иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдыг долоо хоногт хоёр өдөр ажиллах хэмжээнд хүргэж байна. Харин Детройт хот дампуурсан шалтгаан нь “эх оронч” дүр эсгэсэн үйлдвэрчний эвлэлүүд нь “хөрөнгөтнүүдийн мөлжлөгөөс” иргэдийг аврах хөдөлгөөнөөс үүдэлтэй байдаг. Тус хотоос хөрөнгөтнүүд дайжиж, их хэмжээний эзэнгүй барилгууд Засгийн газрын тэтгэлгээр амьдарч байгаа цөөн тооны иргэд л үлджээ. Засгийн газар бондыг хоёр зорилгоор гаргана. Хөрөнгө чинээ багатай орны Засгийн газрууд нийгмийн тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргадаг. Харин өндөр хөгжилтэй орны Засгийн газрууд нийгмийн амьдралыг санхүүжүүлдэг аварга компаниудынхаа мөнгийг дотооддоо эргүүлэх зорилгоор бонд гаргана. Манай улсыг Чингис бонд гаргаж байх үед Итали улс арван жилийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй есөн тэрбум ам.долларын бонд гаргаж байжээ. Тухайн жил хөгжиж буй орнуудын Засгийн газруудын гаргасан бонд нийтдээ 85 тэрбум ам.долларт хүрчээ. Жишээлбэл, Замби улс арван жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 750 сая ам.долларын бонд, Болив хугацаатай 4.8 хувийн хүүтэй 500 сая долларын бондыг гаргажээ. Эдгээр улс орон зээлжих зэрэглэлийн хувьд Монголтой ойролцоо буюу “BB-”; “B+” байгаа юм.

МОНГОЛ БОНД

Манай Засгийн газрын гаргасан хамгийн том бонд нь Чингис хааны нэртэй, 1.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Жилийн таван хувийн хүүтэй. Харин Засгийн газрын дотооддоо гаргаж байгаа бонд нь 15-16 хувийн хүүтэй. Дотоод бондын хүү өндөр байх шалтгаан нь дотоодын арилжааны банкуудын хадгаламжийн хүү. Арилжааны банкууд өнөөдөр иргэдээс 15-16 хувийн хүүтэй хадгаламж авч, 18-24 хувь хүртэл хүүтэй дамжуулан зээлдүүлнэ. Харин сүүлийн үед банкууд Засгийн газрын бондыг авах нь эрс нэмэгдсэн. Учир нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээл авах сонирхол буураад зогсохгүй, олон аж ахуйн нэгжийн зээл чанаргүй ангилалд шилжиж байгаа тухай мэдээ бий. Тиймээс банкууд Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол нэмэгдсэн гэнэ. Гэхдээ энэ нь банкуудад ашигтай ч иргэд аж ахуйн нэгжүүдэд сайн зүйл биш юм. Банкууд байгаа жаахан эх үүсвэрээ бондод түгжээд зогсохгүй, зарим мөнгөтэй иргэд ч Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол нэмэгдэж, банкнаас мөнгө татах үзэгдэл газар авч болзошгүй юм. Санхүүгийн зах зээлийн 90 шахам хувийг атгаж байгаа арилжааны банкууд хүүгээ бууруулах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ тохиолдолд гадны бага хүүтэй зээл олгодог том банкны салбарт үйл ажиллагаа явуулах эрх олгох, эсвэл мөнгө олж чадаж байгаа салбар, засаг захиргааны нэгжид зориулж Засгийн газар бонд гаргах журмаар тодорхой асуудлыг шийдэх боломжтой. Засгийн газар хоёр дахь хувилбарыг сонгож анх удаа нийслэлд зориулсан бонд гаргаж байна.

УЛААНБААТАРЫН ҮНЭТ ЦААС

Гадныхны үзэж буйгаар өнөөдөр нйислэлд асар их мөнгө хөглөрч байна. Эдийн засагч Э.Сато Улаанбаатарын гэр хороололд долоон тэрбум ам.доллар сул хэвтэж байна гэж үзсэн. Тэрээр 7000 хувийн инфляцитай коммунист Чилийг гурван жилд хямралаас гаргасан М.Фридмантай дүйцэхүйц эдийн засагч юм. Мөн саяхан нийслэлд айлчилсан Анкара хотын дарга М.Кекчек “Улаанбаатарын хамгийн том капитал бол гэр хорооллын газар” гэж дүгнэсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн яриагаар бол нийслэлийн томоохон төсөлд хөрөнгө оруулах сонирхол гадны хөрөнгө оруулагчдад маш их бий. БНСУ-ын компани нийтийн тээврийн цахим төлбөр тооцоонд шууд л хэдэн сая ам.доллар гаргасан. Хэлтэй амтай хэрэгжиж байгаа ч тэд нийслэлд оруулсан хөрөнгөндөө санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн. Э.Бат-Үүлийн дэвшүүлж байгаа олон төсөлд гадныхан хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь манай эдийн засгийн тогтолцоо хэн мөнгө олж чадаж байгаа нь бус хэн эрх мэдэлтэй нь өр тавих эрхээр хангагдсан байдаг. Хувийн компаниудын зээлэнд баталгаа гаргаж өгдөг жишиг Засгийн газарт тогтсон. Харин өөрөө эрсдэлээ даах засаг захиргааны нэгжид зориулж анх удаагаа үнэт цаас гаргаж байна.

Удахгүй нийслэлийн гэр хорооллын “Сайн хашаа” хөтөлбөрт зориулж 200, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 20 тэрбумын бонд гарна. 200 тэрбум төгрөгийн бондоор гэр хорооллын хамгийн их утаатай бүсэд байрлах хашаатай өрхүүдийг инженерийн бүтэцтэй болгох зээлийг санхүүжүүлнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн тайлбараар бол нэг өрх дангаараа төвлөрсөн дулааны шугамаас гэртээ оруулахад дөрөв, бохир, цэвэр усны шугамд зургаан сая төгрөг зарцуулна. Нэг өрх нийтдээ арван сая төгрөгийн зээл авахад инженерийн байгууламжид холбогдоно. Хэрэв олуулаа нийлж инженерийн зориулалттай зээл авбал бүр хямд тусна. Энэ зээл нь таван хувийн хүүтэй, эхний хоёр жил зээл төлөхгүй. Үлдсэн гурван жилд сард 100 мянгаас илүү төгрөг төлөхгүй байхаар зохицуулагдсан зээл гэж болно. Мэдээж барьцаа нь хашааны газар. Гэхдээ бас зээлийг зүгээр л хашааны эзэн шууд халааслахгүй. Мэргэжлийн байгууллагаар инженерийн холболтоо хийлгэж үзүүлж харуулж байж, гүйцэтгэсэн байгууллагад нь л мөнгийг шилжүүлнэ. Бас зээл авсан иргэн хашаандаа ямар ч тохиолдолд утаа үйлдвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ. Зээл нь 70 шахам мянган айлд хүрнэ. Засаг дарга Э.Бат-Үүл “Судалгаагаар гэр хорооллынхон бүгд орлого багатай өрхүүд биш. Олон иргэд тохилог сайхан хаустай болсон. Тэдэнд инженерийн шугам хэрэгтэй болохоос нүүх суух шаардлага байхгүй” хэмээн ярьж байна. Сайн хашаа хөтөлбөр нь гэр хорооллынхонд бас сонголт олгож байгаа юм. Өмнө нь иргэдэд хашааны газраа дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа компанид зарах эсвэл тэдний барьсан нийтийн орон сууцанд орох л зам байсан. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн хашаандаа барьсан байшингаа зээл авч тохилог инженерийн байгууламжтай хаус болгох нөхцөл бүрдэж байна.

Сонгууль дөхсөн үед нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шүдний өвчин болсон хамгийн том асуудал бол дахин төлөвлөлтөд хамрагдаж хашааны газраа өгсөн иргэд юм. Тэдгээр иргэд гэрээдсэн хугацаандаа байрандаа орж чадаагүй нь МАН-ын сонгуулийн PR-ийн хөзөр болох аюул бий. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд иргэдийг хорлох гэсэндээ бус хаа газрын бизнест тохиолддог санхүүжилтийн түр зуурын эрсдэлд орсон гэнэ. Гэхдээ дээрх компаниуд энэ жилдээ багтаж газраа өгсөн иргэдийг орон сууцаар хангана. Тэдэнд зориулж нийслэлээс 20 тэрбум төгрөг гаргана. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн гэж үзэж болно. Харин саяхан нөхөр Бат-Үүлийг галзууруулах шахсан нэг яриаг өрсөлдөгч намын зүгээс гаргасан бололтой юм. МАН-ынхан “Гэр хорооллын барилгажуулах ажлыг зогсооно” гэх маягийн зүйл ярьчихаж. Хариуд нь нийслэлийн Засаг дарга МАН-ынханд “Та нар намайг хорлож байгаа юм биш. Гэр хорооллынхныг хорлох гэж байна шүү” хэмээн ууртайгаар мэдэгдсэн. Үнэндээ байшинт хорооллынхон утаанд хордож байгаа ч, гэр хорооллынхон түүнээс илүү хохирол амсч байгаа шүү дээ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *