Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Замын хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс долоо дахин нэмэгдүүлж, ирэх оны төсөвт 210 тэрбумыг тусгажээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар тогтсон.

Энэ дагуу Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Түүнчлэн 2022 оны төсвийн төсөлд тусгасан шинэчлэлийн бодлогыг Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцуулав.

Тэрбээр “Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлаас үүдэлтэй уналтыг сааруулах, эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэж байна. Мөн бүтээмж, өсөлт гэсэн уриатайгаар дараах найман чиглэлд шинэчлэлийн зорилт тавьж ажиллахаар төлөвлөсөн.

  • Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
  • Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанидад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  • Ирээдүйн өв сангаар баталгаажсан “Хуримтлалтай монгол хүүхэд”, “Баялагтай эзэн монгол” иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй үргэлжлүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Үргэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллана. Энэ хүрээнд улсын төсвөөс замын түгжрэлийг шийдэх хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ” гэлээ.

Хүүхдийн мөнгийг 2022 онд үргэлжлүүлэн олгоно

Мөн Сангийн сайд хүүхдийн мөнгөний талаар “Монгол Улс “КОВИД-19-ийн дараах шинэ хэвийн байдал”-д вакцинжуулалтын тусламжтайгаар түргэн орох, эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалах томоохон төслүүдийн нөлөөгөөр 2022 онд таван хувийн эдийн засгийн өсөлттэй байхаар тооцсон. Энэ нь бидэнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх төсвийн орон зайг өгч байна.

Ингэхдээ 2022 оны төсвийн жилд Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлоготой уялдуулаад халамжаас-хадгаламж руу, урт хугацаандаа халамжаас-хөрөнгө оруулалт руу гэсэн концепц руу шилжихээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бэлнээр авах, хуримтлал үүсгэх хувилбар санал болгоно.

Монгол Улс 2021 онд гурван их наяд төгрөгийг халамж хэлбэрээр олгож байна. Үүний 1.4 их наяд төгрөг нь буюу 50 хувь нь сар бүр олгож байгаа хүүхдийн мөнгө, 1 их наяд төгрөг нь хөл хорионы үед иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг.

Тэгэхээр цаашдаа хүүхдийн мөнгийг 50 хувийг авах 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг эхчүүдэд санал болгоно. Учир нь хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх бий. Тиймээс шууд олголтыг зогсоож болохгүй, аажмаар хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого баримтална.

Хүүхдийн хадгаламжийг ирээдүйн өв сангаар баталгаажуулна. 2022 оны сүүлийн хагас, 2023 оноос хүүхдийн мөнгийг эцэг эх нь шууд хэрэглэх хэмжээг нь багасгаад хадгалах хувийг нь нэмэгдүүлэх, хадгалж байгаа тохиолдолд төрөөс илүү урамшуулал олгох, урт хугацаанд хадгалж байгаа бол инфляц болон бусад эрсдэлээс хамгаалах зэрэг зохицуулалтыг хийж өгнө.

Ингэснээр хүүхдүүд маань эрсдэлгүй, даатгагдсан, бодит хадгаламжтай болох юм. Дээрх зохицуулалтыг хийсний үр дүнд зургаан настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулаад 18 нас хүрэхэд 18-20 сая төгрөгтэй болох боломжтой юм” гэлээ.

Төсвийн хөрөнгө оруулалтад 2.4 их наяд төгрөг хуваарилжээ

Мөн түүний танилцуулснаар 2022 онд төсвийн хөрөнгө оруулалтад 2.4 их наяд төгрөг хуваарилсан байна. Тухайлбал, өмнөх онуудад эхэлсэн шилжих төсөлд 1.1 их наяд, шинээр эхлэх 1,400 гаруй төсөлд 1.06 их наяд, концессын төсөлд 360 тэрбум төгрөгийг хуваарилжээ.

Нийт хөрөнгө оруулалтын 1.7 их наяд нь дөрвөн сайдын багцын хүрээнд дэд бүцтийн хөрөнгө оруулалтыг дэмжих юм байна. Жишээлбэл, Зам тээврийн хөгжлийн сайдын багцад 29 тэрбум төгрөгийг замын санхүүжилт тавьдаг байсан бол ирэх онд 210 тэрбум төгрөг тавьсан. Замын хөрөнгө оруулалт долоо дахин нэмэгдсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв.

Үүний зэрэгцээ “Эрчим хүчний сайдын багц дөрөв, Барилга хот байгуулалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын багц 4-5 дахин нэмэгдэж, дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Дөрвөн сайдын багцын хүрээнд дэд бүтцийн ажилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийснээр ирэх дөрвөн жилд ДНБ тогтвортой өсөх суурь тавигдана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *