Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэллээ

-Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэллээ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долоодугаар сарын 8-нд УИХ баталсан. Шинэ хууль есдүгээр сарын 1-нээс буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам бэлэн эсэхийг Замын цагдаагийн газраас тодруулахад “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар батална. Мөн холбогдох байгууллагууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх 25 журмын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Хууль зүйн сайд журмыг баталснаар цагдаагийн байгууллага хариуцан мөрдүүлэх юм” гэв. Холбогдох дүрэм, журам нь батлагдсан даруйд сүлжээнд мэдээлэл суулган иргэдэд мэдээлэх аж.

Маргаашнаас эхлэн хэрэгжиж эхлэх тус хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн явган зорчигч болон жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг өндөрсгөж, тэдэнд ноогдуулах хариуцлагыг чангатгасан.

Жолоо нарыг зөрчлийн оноогоор дүгнэнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсны нэг нь “Жолоочийн зөрчлийн оноо” юм. Энэ оноо нь 10 оноо байх бөгөөд таныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр онооноос тань хасагдсаар хэрвээ дуусчихвал та жолоо барих эрхгүй болж бүх зүйлийг дахин эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргаад жолоо барьж чаддаггүй таныг дахин жолооны сургалтад хамруулж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм.

Энэхүү хариуцлагын систем нь дэлхийн олон оронд байдаг аж. Зөрчлийн оноог бий болгосноор торгуулахаас гадна давхар хариуцлагын систем үүсч зөрчлийн тоог багасгах зорилготой гэнэ. Өөрөөр хэлбэл, жолооч бүр биет бус 10 оноотой болно гэсэн үг. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед 10 онооноос нь гаргасан зөрчлөөс хамаарч 1-5 оноо хасагдаад явна.

Тухайлбал, Зам тээврийн осол гаргавал шууд 5 оноо хасагдана, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 2 оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 1 оноо, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 2 оноо, тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 3 оноо, замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 1 оноо хасах гэх мэтээр оноо хасах ба тухайн зөрчил гаргах бүрт хуулийн дагуу ногдох торгуулийг давхар тавьж явна. Жолоочийн зөрчлийн оноо дуусвал жолооны эрхгүй болно. Өөрөөр хэлбэл дахин жолооны шалгалт өгөх аж.

Ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Үүнийг тогтооход компанийн жолооч нарыг анх хэдэн цагт ажилд гарсан байна. Хэдэн цаг тасралтгүй жолоо барьсан байна вэ гэдгээр нь хянах юм. Учир нь, замын хуудсан дээр нь ажилд гарсан цаг минутыг зааж өгсөн байдаг. Ялангуяа хот хоорондын хүн болон ачаа тээвэрт. Бас урд болон хойд хөршөөс орж ирж байгаа транзит тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгаж болно. Гэхдээ энэ нь бүх тээврийн хэрэгсэлд хамаатай.

Согтуугаар жолоо баривал эрхийг нь 2 жилээр хасч, нэг сая төгрөгөөр торгоно

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр 2 жилээр эрхээ хасуулж нэг сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээнэ. Ингэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгоно.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384-768 мянган төгрөгөөр торгож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах юм.

Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгийн торгуультай

Цагдаа, түргэн, галын машин зэрэг тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан машины жолоочид давуу эрх олгоогүй бол 19200 төгрөгөөр торгуулах аж. Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад нь тусгай дуут дохио хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ эдгээрээс өөр машинд дуут дохио, гэрлэн дохио суурилуулсан бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулж болохгүй

Маргаашнаас эхлэн гарцгүй газраар зам гарвал 19200 төгрөгөөр торгуулна. Явган зорчигч согтуугаар дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгуулах юм байна.

Үүнээс гадна зам тээврийн осол, хэргийн талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй бол иргэнд 19200, хуулийн этгээдэд 192 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Оршин байгаа газартаа хамаарах мөс, замын бохирдол цэвэрлээгүй, замын ойролцоо ажил, үйлчилгээ эрхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй бол иргэн 48 мянга, хуулийн этгээд 384 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдүүд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд орох нь их байдаг.Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтнууд10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээжээ. Хэрвээ 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад эрсдэлд орсон бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан тушаалтанг 192 мянган төгрөгөөр торгох юм.

Эвдэрсэн зам, таггүй траншейны нүхнээс болж машинаа эвдсэн бол хохирлоо төлүүлэх боломжтой

Траншейны нүх эсвэл эвдэрсэн зам дээр машиныхаа эд ангийг эвдэх тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл шинэ хуулиар зам тавьсан, траншейн хариуцсан нөхдүүд жолоочийг хохиролгүй болгож өөрсдөө хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, “Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (192 мянга), хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр(960 мянга) торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ. Зам дагуух гэрэлтүүлгийн эвдрэл зам тээврийн осол гаргах нөхцөл бүрдүүлсэн бол мөн хариуцсан этгээдээр хохирлыг төлүүлж, албан тушаалтныг 384 мянга, аж ахуйн нэгжийг 960 мянган төгрөгөөр торгох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *