-ЗӨРЧЛИЙН ОНООГ КАМЕРААР ТООЦДОГ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА-
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Төрбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүдэд оногдуулах торгууль шийдвэр нэлээд өндөрссөн юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэн найруулсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулан ийнхүү мөрдөж эхэлснээр осол буурахад ахицтай нөлөөлж байна. Шинэ хуульд гарсан нэг өөрчлөлт нь, тус хуулийн 54 дүгээр зүйлд замын барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгаа хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд оногдуулах торгууль шийдвэрийг нэлээд чангатгаж, өндөрсгөсөн. Хуучин захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ аваад өнгөрдөг байсан. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдэд торгууль болж чаддаггүй байлаа. Харин шинэ хуулиар торгуулийн хэмжээг нэмснээс гадна, зам тээврийн осол аваарт нөлөөлсөн бол тухайн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг тухайн байгууллага, албан тушаалтнаас гаргуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, өвлийн цагт замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнээс болж осол гарвал тухайн замыг цэвэрлэж, цас мөсийг нь арилгах ёстой байсан байгууллага нь хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна гэсэн үг. Мөн замын зорчих хэсэг эвдэрч, нүх гарснаас болж жолооч нар саадыг тойрох гэж осол гаргах нь их байдаг. Осол үүнээс болсон гэдгийг цагдаагийнхан хэмжилт хийгээд тогтоовол мөн зам арчилгаа, засварын газарт арга хэмжээ авч, нөхөн төлбөр төлүүлнэ гэх мэтээр аж ахуйн нэгжүүдийн хариуцлага нэлээд өндөрссөн.
-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хичнээн аж ахуйн нэгжид торгууль оногдуулсан бэ?
-Өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 1-нээс хойш одоогийн байдлаар нийтдээ замын барилга байгууламж стандартын бус хийсэн, хайш хашлага тавьсан, зөвшөөрөлгүй тэмдэг тэмдэглэгээ тавьсан, гэрэлтүүлэг, халтиргаа зэргээс шалтгаалан зам тээврийн осол зөрчил гарсан ийм тохиолдол нийтдээ 399 гарчээ. Үүнд нийтдээ 12 сая 57600 төгрөгийн торгууль ногдуулан зөрчлийг арилгуулсан байна. Ялангуяа, иргэд аж ахуйн нэгжүүд замын зорчих хэсэг дээр зөвшөөрөлгүй рекламын самбар байрлуулах, энэ нь замын хөдөлгөөний тэмдэгтэй андуурагдах ийм зөрчил их байдаг. Ийм зөрчилд хүлээлгэсэн торгууль шийдвэрүүд олон байна.
-Замын гэрэлтүүлэг муу байгаа нь осол гарах нэг том шалтгаан болдог байсан. Гэрэлтүүлэг муугаас осол гарч байна уу?
-Гэрэлтүүлэг муу, замын зорчих хэсгийн үзэгдэх орчин муу байгаа нь осол гарах үндсэн шалтгаануудын нэг. Одоо сүүлийн үед хотын гэрэлтүүлэг сайжирсан учраас энэ шалтгаанаас болж гардаг осол буурч байна. Одоо юун дээр торгууль шийдвэр оногдуулах вэ гэхээр, хотын гэрэлтүүлгийн компаниуд цахилгааны саатал, кабельд гэмтэл гарсан гэх шалтгаанаар гэнэт замын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг унтраах, үүнээс болоод осол гарвал тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцно. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас замын гэрэлтүүлэг дээр сар бүр тогтмол үзлэг шалгалт хийдэг болсон. Гэрэлтүүлгийн асалтын хувь 95 хувиас доош орсон бол тухайн байгууллагад нь арга хэмжээ авна. Ерөнхийдөө хотын замын гэрэлтүүлэг нэг үеэ бодвол сайжирсан.
-Хоёр жилийн өмнө хүн дайраад зугтаасан жолооч “Шөнө гэр хорооллын гудамжаар явж байхад харанхуй, утаатай байсан учраас юу ч хараагүй” гэж мэдүүлж байсан. Энэ хүний хувьд харанхуйгаас болоод осол гаргасан байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Тухайн үед нийслэлээс гэр хороолол, гудамж замыг гэрэлтүүлэгтэй болгохоор хөрөнгө санхүүгээ шийдээд явж байсан. Тэр хэргийн тухайд яаж шийдсэнийг мэдэхгүй байна. Одоогийн хуулиар гэрэлтүүлгийн шон байгаа хэр нь гэрэлтүүлэг нь асахгүй байгаа тохиолдолд хариуцлага тооцно. Үүнээс болоод осол гарвал тэр ослын хохирлыг нөхөн төлүүлнэ. Гэрлийн шон байхгүй газруудад Замын цагдаагийн газраас судалгаа хийгээд энэ зам дээр осол гарч болзошгүй байна шүү, энэ гудамж, зам дээр гэрэлтүүлэг тавимаар байна гэсэн саналыг нийслэлд тавьдаг. Одоогоор Замын цагдаагийн газраас уулын замын гэрэлтүүлгийг нэмэх саналыг Хотын захиргаанд тавиад байгаа. Уулын зам нь огцом эргэлт ихтэй, гэрэлтүүлэг бага байгаагаас болж үзэгдэх орчин муу байгаа гэсэн гомдол, санал ирж байгаа. Тиймээс асуудлыг шийдүүлэхээр саналаа тавиад байна. Мөн “Раппид харш” хорооллын урд талын замын зорчих хэсэг зөвхөн нэг талдаа гэрэлтүүлэгтэй байдаг. Энэ замын гэрэлтүүлэг муу байна гэсэн гомдол ирж байна. Гэрэлтүүлэг нь нэлээд хуучны шар гэрэл байгаа юм.
-Гэрэлтүүлэг муу байгаагаас болоод аль зам дээр осол их гардаг байсан бэ?
– Дарь-Эхийн замын гэрэл муу байгаа талаар их гомдол ирдэг байсан. Тус замын гэрэл асаж байгаа хэр нь замын зорчих хэсэгт төдийлөн сайн гэрэл тусдаггүй байсан л даа. Тэгээд Замын цагдаагийн газраас хотын захиргаанд санал тавиад 100 ваттай байсан гэрлийг 150 ваттай болгож сольсон. Одоо замын зорчих хэсэг гэрэлтүүлэг сайтай болсон.
-Халтиргаатай байгаа замын талаар Замын цагдаагийн газарт жолооч нар мэдээлэл өгч байж болно биз дээ?
-Зам тээврийн хэрэг зөрчил гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн бол Замын цагдаагийн газарт хандаж болно. Энэ жилийн хувьд хамгийн сүүлд гарсан зөрчил бол нэг айл автозам дээр муу усаа асгаж, тэр нь мөс болж тогтоод халтиргаа үүссэнээс осол гарсан байна. Тухайн иргэнийг 48 мянган төгрөгөөр торгож, мөсийг арилгуулсан байгаа. Энэ зам нэлээд мөстсөн байна, халтиргаанаас болоод осол аваар гарах нөхцөл бүрдсэн байна, эсвэл замын ус зайлуулах хоолойноос болоод зам мөстлөө гэх мэтээр иргэд жолооч нар Замын цагдаагийн газар хандаж болно. Манайхаас холбогдох байгууллагуудад нь хандаад яаралтай цэвэрлүүлэх арга хэмжээ авна. Замын халтиргаанаас болж гарсан осол гэж юуг хэлэх вэ гэхээр, хоёр автомашин хурдаа багасгасан, зогсоход бэлэн явж байсан хэр нь яалт ч үгүй тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад зогсох боломжгүйгээр халтирч очоод мөргөсөн тохиолдлыг хэлнэ. Тэрнээс биш цас орсон, зам халтиргаатай байхад жолооч хурдаа тохируулаагүй, дугуйгаа солиогүй зэрэг шалтгаантай бол халтиргаанаас болсон осол гэж үзэхгүй. Хэдэн километр цагийн хурдтай явахад, зогсоох арга хэмжээг авснаас хойш хэр зам туулсан зэрэг бүх нарийн дүгнэлтийг хэмжиж үзээд тогтооно. Өвлийн улиралд Улаанбаатар хотын бүх л зам халтиргаатай байдаг. Тиймээс үүн дээр жолооч хурдаа тохируулаагүй, өмнөх зайгаа бариагүй явсан бол зөвхөн халтиргаанаас болсон осол гэж дүгнэхгүй.
-Гадаадын улс оронд зам муу байснаас болоод машин нь эвдэрсэн иргэд зарга хийж хотын захиргаанаасаа нөхөн төлбөр авсан жишээ их байдаг юм билээ. Манайд муу хагархай зам дээр явснаас болоод машин амархан дуу орж, эвдэрдэг шүү дээ. Үүнийг зохицуулсан болов уу?
-Манайд ч гэсэн замын нөхцөл байдлаас болоод машин нь эвдэрсэн иргэн нөхөн төлбөрөө гаргуулж авч байсан тохиолдол бий. Хоёр жилийн өмнө зам дээр байдаг траншейны нүх онгорхой байснаас нэг машин дугуйгаа оруулж машин нь эвдэрсэн. Тэр хүн хохирлоо тухайн траншейныг хариуцаж байсан аж ахуйн нэгжээс гаргуулж авсан. Шинэ хуулиар замын зорчих хэсэгт гарсан нүхийг тойрох гээд хоёр машин мөргөлдлөө гэхэд хохирлыг тухайн зам арчилгааг хариуцсан аж ахуйн нэгж, албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасан. Мөн зам засвар, шугам сүлжээний ажил хийх нэрээр замын зорчих хэсэгт нүх ухаад тэр нь тэмдэг тэмдэглээгүйгээс болж осол гарвал мөн л торгоно. Замын зорчих хэсэгт нүх, эвдрэл гарсан тухай тус хуулийн 54 дүгээр зүйлд маш тодорхой заасан.
-Аж ахуйн нэгжүүд зам хаагаад орц, гарцыг бөглөчихсөн байдаг л даа. Энэ тухай юу гэж заасан бэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний урсгал чиглэлийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн зөрчил их гардаг. Энэ зөрчийг ихэнхдээ барилгын компаниуд гаргадаг. Барилга барих ажлаа хийхдээ замын зорчих хэсгийг хааж, бусдын хөдөлгөөнд саад учруулсан ийм зөрчил илэрсэн тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр, аж ахуйн нэгжийг энэ мөнгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. Урин дулааны улирал эхэлж байна. Барилга барьж байгаа байгууллагууд энэ талаар анхаараарай. Дээр нь замын тэмдэг тэмдэглэлийг зөвшөөрөлгүй зөөсөн, хурааж авсан ийм тохиолдолд мөн торгоно. Ялангуяа аж ахуйн нэгжүүд зогсоолоо хамгаалж орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ их тавьдаг. Ийм тэмдэглэгээ хийх бол заавал Замын цагдаагийн газарт хандаж, стандартын дагуу үзлэг шалгалт хийлгэж, зөвлөгөө авч байж хийх хэрэгтэй.
-Гэрлэн дохио ажиллаагүйгээс осол гардаг. Тэгвэл энэ тохиолдолд аль байгууллагыг торгох вэ?
-Гэрлэн дохио ажиллахгүй байгаа тохиолдолд жолооч уулзвар, зам нэвтрэхдээ аль нь гол зам, аль нь туслах зам бэ гэдэг мэдээллийн тэмдгүүдийг хараад энэ дүрмээ баримтлан нэвтэрнэ. Мөн цагдаагийн зохицуулагчийн дохиогоор уулзвар нэвтэрнэ. Харин гэрлэн дохио алдаа гарч, үүнээс болоод осол гарвал Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцлага оногдуулна. Жишээлбэл, нэг тал нь ногоон гэрэл асчихсан байхад нөгөө урсгалын ногоон гэрэл нь зэрэг асах зэргээр системийн алдаа гарч, үүнээс болж осол гарсан бол Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцлага хүлээнэ. Ийм тохиолдол мэр сэр гардаг л даа.
-Замын түгжрэл их байгаа энэ үед туслах уулзварууд руу нэвтрэх гэхээр ихэнхдээ үргэлжилсэн цагаан зураастай байдаг. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг л даа…
-Замын хөдөлгөөний хуулийн 7.1-д үргэлжилсэн цагаан шугамын талаар ярихад, тасархай болгочихвол жолооч гэр рүүгээ болон ажил руугаа ороход асуудалгүй. Хамгийн гол нь тэр замаар олон машин зорчвол огцом эргэлттэй, үзэгдэх орчин муу зэрэг нөлөөллүүд байдаг учраас зөвшөөрдөггүй юм. Ийм тохиолдолд зүүн гар тийшээ эргэх нь зам тээврийн ноцтой осол гарах нөхцөл болдог. Тиймээс аль болох аюулгүй зорчих нөхцөлийг хангаж, Замын цагдаагийн газраас зураг төслийг гаргадаг байгаа. Тасархай шугам байвал энэ уулзвараар аюулгүй нэвтэрч болох юм байна, үргэлжилсэн зураастай бол энэ уулзвар осол гарах магадлалтай уулзвар байна гэж ойлгоод дүрмээрээ зорчихыг жолооч нарт сануулмаар байна.
-Камерын хяналтаар жолооч нарт торгууль оногдуулахаа больсон гэсэн мэдээлэл гадуур тараад байна. Яагаад ийм шийдвэр гарсан юм бол?
-2013 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 80 дугаартай захирамж байдаг. Тэр захирамж хүчингүй болоод Хууль зүйн сайдын тушаалаар А188 гэсэн журам батлагдсан. Энэ журмыг баримтлан одоо ажиллаж байгаа. Гэхдээ журамд, хуучин захирамжийн агуулга нь огт өөрчлөгдөөгүй орсон. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа зөрчлийн оноог камераар тооцохоо больсон гэдэг худлаа шүү. Өмнөх журам нь хүчингүй болоод шинэ журмаар зохицуулагдаж байна. Шинэ журамдаа нь агуулга нь өөрчлөгдөөгүй.
Х.ЦЭНД-АЮУШ