НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн нэгдүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж, шилдүүлдэг журамтай болсон.
Гэвч тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдол иргэдээс ирсээр байгаа учраас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хориглосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна.
Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна.
Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их, бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжих гэнэ.
Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ.
Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм.
Дугуйг түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.