Энэ оны эхнээс улс орон даяар Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг залуучууд хянах боломжтой болжээ. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тушаал гаргаж “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын холбоо, залуучуудын зөвлөл, тусгай салбар холбоо, асуудал эрхэлсэн мэргэжлийн хороодын тэргүүн, тэргүүлэгч нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.
Ингэснээр нийт залуучууд өөрийн орон нутагт гарсан алдаа дутагдал, зөрчлийг тухай бүрт нь илрүүлж “хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх, мөн зөрчихийг завдсан аливаа үйлдэл бүр дээр “шүгэлдэж” сануулах, анхааруулах, олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй болж байгаа ажээ. Залуучууд төсвийн болон орон нутгийн мөнгө төгрөгийг худалч, хулгайч нарт алдахгүйгээр хэрхэн зөв, шударга хэрэгтэй зүйлд зарцуулж, оновчтой, шаардлагатай асуудалд хөрөнгө оруулж буйг хянаж эхэлснээр нийгэм цэвэршихэд ихээхэн нэмэр болно гэж үзэж буй юм байна.