Categories
мэдээ энтертаймент-ертөнц

З.Онон: “Бүтэн амьдрал”-ын Номингийн дүрд тоглохын тулд 24 кг хассан DNN.mn

Х-ТҮЦ” продакшны жүжигчин З.Ононтой ярилцлаа.


-Та “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Өмнө нь гол дүр бүтээж байв уу?

-Анх 2011 онд “Х-Түц” продакшнд орж байлаа. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Учиртай гурав” уран сайхны кинонд Д.Золбаяр найруулагчийн хүсэлтээр гол дүр бүтээж байсан. Мөн 2009 онд “Төгс бүсгүйн зууч” кинонд гол дүрийн жүжигчнээр тоглосон. “Бүтэн амьдрал” кино миний гурав дахь гол дүр бүтээсэн кино юм.

-Гол дүр бүтээх мэдрэмж ямар байсан бэ?

-“Бүтэн амьдрал” киноны хувьд драмын, олон анги кино байсан. Гэр бүлдээ гаргах цаг хугацаа, эх хүний үрээ гэсэн сэтгэл, хатуужил гээд жүжигчнээс маш их ур чадварыг гаргах хэрэгтэй болсон. 400 гаруй үзэгдэлд тоглоход тийм ч амар даваа байгаагүй. Номин хэмээх бүсгүйг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, тийм хүнийг амилуулж, сэтгэл хөдлөл бүрийг нь илэрхийлэхийн тулд өөрийнхөө найзууд мөн эмчээс хавдартай өвчтэй хүн ямар байдаг талаар лавлаж их судалгаа хийсний үр дүнд дүрээ сайн гаргаж чадсан. Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх. Ялангуяа ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан кино болсон.

-Кинонд тоглосны дараа өөр киноны санал ирсэн үү?

-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр ахтай хамтарч одоо нэг киноны зохиол дээр ажиллаж байгаа.

-“Бүтэн амьдрал” кинонд тоглохдоо нэлээд жин хассан гэж дуулсан?

-Өнгөрсөн зургадугаар сард “Хүлэгү”,“Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл болох тус кинонд тоглох саналыг аваад их эмээж байлаа. Тухайн үед би төрөөд удаагүй, хүүхэд маань зургаан сартай байсан. Өмнө нь олон анги киноны гол дүр бүтээж байгаагүй учраас ямартаа ч зохиолоо уншиж үзье гэж бодсон. Тэгээд зохиолоо уншихад хамгийн гол нь зохиолын дүр маань нэлээд туранхай санагдсан. Дүрээ сайн гаргахын тулд бүтэн зуны турш дасгал хөдөлгөөн хийж хичээсний үр дүнд 24 кг хасч чадсан. Олон өдрийн тэсвэр тэвчээр, оролдлого зүтгэлийн дүнд энэ дүрээ сайн гаргасан. Номингийн дүр хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн сэтгэлд хүрсэн гэж бодож байгаа.

-Өөрийг тань урлаг руу хөтөлсөн зүйл юу байв?

-Арван жилд байхын л тал талын авьяастай хүүхэд байж билээ. Сургуулийнхаа урлагийн үзлэг болгоныг алгасахгүй орно. Өөрийнхөө дуу хоолойг бичиж аваад дуулж, бүжиглэдэг, жүжиглээд л явж байдаг. Гэтэл манай аавын дүү “СУИС-ийн конкурс болох гэж байна. Чи өгөөд үзээч” гэсэн. Гэрийнхэн маань ч дэмжин СУИС-ийн С.Сугар багшаасаа давтлага авч шалгалтаа өгсөн. Манай өвөөгийн ээж “Бөмбөгөр ногоон” театрын ганц солист жүжигчин байсныг саяхан мэдсэн. Би чинь аавынхаа талаас урлагийн удамтай хүн юм билээ. Их сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл “Х түц” продакшны жүжигчин гэсэн хоёр сонголттой тулгарсан. Тэгээд л анхнаасаа “дурласан” жүжигчний мэргэжлээ сонгосон доо.

-Та ханьтайгаа хамт “Чи бидэн хоёр”, “ Ханьдаа” гээд хоёр ч дуу дуулсан шүү дээ. Дахин уран бүтээл дээр хамтарч ажиллах уу?

-Анх нөхөртэйгөө оюутны байранд танилцсан. Тэр үед Идэрээ намайг харж явсан гэдэг юм. Хамтдаа амьдраад арван жил болжээ. Ер нь хамтарч уран бүтээл гаргана гэж бодоогүй. Тэр дууг дуулсан шалтгаан нь Идэрээгийн бие даасан хоёр дахь тоглолт болох гээд надад хамтарч дуулаач гэсэн санал тавьсан. Тоглолтын үеэр дуулна гэж бодсон боловч дууныхаа клипийг гаргаагүй байхад хүмүүст хүрсэн байсан. Олон хүнд хүрсэн болохоор ч тэр үү дахин дууны санал ирсэн.

-Урлагийн гэр бүл завгүй байдаг байх. Арын албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Урлагийн хүмүүс, тэр тусмаа эзэгтэй хүн бүхий л зүйлийг зохицуулах ёстой шүү дээ.“Бүтэн амьдрал” кинонд тоглоход манай ханийн ээж хүүхдүүдийг маань харж байсан. Киноны зураг авалт, тоглолттой байхад аав ээжүүд арын албыг хашдаг. Тэдэндээ маш их баярлаж явдаг.

-Кино зураг авалтын үеэр хөгжилтэй үйл явдал их гардаг байх даа?

-“Бүтэн амьдрал” кино бүтэхэд 120 гаруй уран бүтээлч, арын албаныхан гээд хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Бүхэл бүтэн зургаан сарын турш зураг авалт үргэлжилсэн болохоор олон дурсамжтай.Зоригоогоо чин сэтгэлээсээ гуйдаг хэсэг сэтгэлд тод үлдсэн дээ.Урлагийнхан бид хамт байхдаа их хөгжилтэй байдаг. Ховын групп гээд чат групп нээчихсэн, тэрүүгээрээ нэгнийгээ шоолж, шоглож цагийг өнгөрөөдөг байлаа.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн үзүүлбэр дээр таны хань П.Идэржавхлан гараад ирсэн шүү дээ. Их сандарсан, баярласан харагдаж байсан?

-Анх нэвтрүүлгийн санал тавихад эмээж хүлээж авсан.Ханийнхаа дэмжлэгтэйгээр нэвтрүүлэгт орж байсан.Хошин урлагийн тоглолтыг бүтэн хоёр сар гаруй бэлдэж байж үзэгчдэд номероо үзүүлдэг. Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр шууд гарна гэдэг жүжигчнээс ур чадвар, гүйлгээ ухаан шаарддаг. Өөрийгөө шилдэг наймд багтана гэж төсөөлөөгүй. Үзүүлбэрийн дундуур Идэрээг гараад ирэхэд гайхсан. Манай хүүхдүүд лагер дээр үлдчихсэн, нөхөр бид хоёр телевизийн байранд ирсэн юм. Тусгай номерын үзүүлбэр эхлэхээс өмнө найзуудтайгаа уулзаад явж байсан хүн гэнэт алга болчихсон. Нэлээд хэдэн минутын дараа гэртээ ирчихлээ, санаа зоволтгүй гээд зураг явуулахаар нь тоогоогүй байж байтал зураг авалтын дундуур гэнэт гараад ирэхээр шоконд ороод хэлэх үггүй болдог юм билээ. Одоо бодоход телевизийнхэнтэй тохиролцсон байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *