Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Монгол Улстай харилцан ашигтай, хамтран ажиллахыг уриалж байна

УИХ-ын дарга З.Энхболдын энэ сарын 19-ний өдөр болсон эдийн засгийн форумд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Энэ удаагийн Бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Монгол Улсын эдийн засгийн онцлог, бизнесийн боломжууд болон сорилтуудын талаар санал бодлоо солилцъё. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд Оюутолгой, Тавантолгойн төслийн талаар сонсохыг хүсдэг. Оюутолгой төслийн хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурсан явдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн чухал бөгөөд таатай мэдээ болсон гэж би үзэж байна. Хоёр жил гацсан энэхүү төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хариуцаж ажилласан ажлын хэсгийнхэн сайн ажилласан гэж дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийнхан нэг завинд сууж байгаагаа ойлгосон явдал нь өөрөө их чухал. Мэдээж гэрээ хэлэлцээр гэдэг бол хоёр талаасаа өөрсдийн саналуудаа тусгаж үүн дээрээ ярилцан тохиролцож байж гэрээ байгуулагддаг. Аль нэг талын эрх ашгийг хохироосон тохиолдолд гэрээ болж, гарын үсэг зурагдаж чаддаггүй. Сарын өмнө Монгол Улсын Их Хурал дээр Оюутолгой төслийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Оюутолгой төслийн хоёр дахь шатны гэрээ хэлэлцээр дууссанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Мэдээж Монгол Улс ардчилсан улс учраас аливаа асуудалд хүн бүхэн 100 хувь сэтгэл хангалуун байна гэж байхгүй. Өөр байр суурьтай гишүүд байхыг үгүйсгэж болохгүй билээ.

Ажлын хэсгээс санал болгосон зарим саналууд, ялангуяа татвар болон монгол ажилчдын талаар тусгагдсан байсныг Рио Тинто өөрчлөлгүй хүлээж авсан нь УИХ-ын дийлэнх гишүүдийн саналд нийцэж дэмжсэн гэж бодож байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Би үүнийг сайн дохио гэж бодож байна. Оюутолгой төслийг хөгжүүлэхэд Монгол Улс ганц ч төгрөг зарцуулаагүй, гэхдээ янз бүрийн татвар шимтгэлээр 1.3 тэрбум ам.долларын орлого төсөвтөө шууд мөнгөн хэлбэрээр авсан байгаа. Энэ бол Монгол Улсад орж ирсэн цэвэр мөнгөн урсгал юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг талын ашигтай биш мэдээж Рио Тинто компанид ч ашигтай гэрээ.

Аливаа бизнесийн үйл ажиллагаа харилцан ашигтай байж, аль аль талдаа үр өгөөжтэй байж явагддаг нь бизнесийн хууль билээ. Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай жижиг эдийн засагтай учраас дэлхийн түүхий эдийн үнээс хэт хамаарч, хүчтэй савалгаанд байнга өртдөг. Тэр хамаарлыг хөрөнгө оруулагчид анзаарч байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалт нь сүүлийн жилүүдэд буюу 2010-2012 онуудад нийт хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувийг шууд эзэлж байсан. Тухайлбал, тэр үед хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 7 тэрбум байсан бол 4 тэрбум нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байсан байх жишээтэй. Энэ хөрөнгө оруулалт нь 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд зогссон. Учир нь тухайн цаг үед үйлдвэрүүд хэдийнээ байгуулагдчихсан байсан бөгөөд дахин урьдынх шиг хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй болсон. Хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь нь шууд зогссонтой холбоотойгоор валютын ханш болон төлбөрийн балансад шууд нөлөөлж эхэлсэн. Харин сая Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа төлбөрийн ханшид хэрхэн нөлөөлж байгааг та бүхэн харж байгаа байх.

Тэгэхээр нэг том төсөл манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг ямар ч илүү тайлбаргүйгээр та бүхэн харж болно. Иймээс Монгол Улсын хувьд нэг том төсөл биш нэлээд олон төсөлтэй байх, эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэж Ерөнхий сайдын хэлсэн үгийг бодитойгоор хэрэгжүүлэхгүй бол дахин савалгаа үүсэхэд Монголын эдийн засаг гүн хямралд орж болохыг бид харж байна. Тиймээс бид зөвхөн уул уурхай бус, бусад бизнес экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ жил бид Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай хоёр улсын хооронд зөвхөн бараа таваарын татварыг бууруулахаас гадна ажиллах хүч, санхүү, хөрөнгө капитал чөлөөтэй урсах боломж бүрдсэн. Эдийн засгийг солонгоруулахын тулд энэхүү хэлэлцээрийг байгуулсан гэж дүгнэж болно.

Гадаадаас хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчин байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтыг хойш нь татаж байгаа гол үзүүлэлт нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал байсан бөгөөд бас зарим нэг хүндрэлтэй асуудлууд гарсан гэж хэлж болохоор байгаа. Таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц эдгээр асуудлуудыг бид анхааралдаа авч сайжруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажлаа эхлүүлсэн байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг болон бизнесийн орчинг аль болох боловсронгуй болгох тал дээр нэлээд ажил хийгдсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиа хүчингүй болгож, гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалтын орчинг бид бүрдүүлж өгсөн. Бизнесийнхэн бол ямагт шинийг эрэлхийлэгчид байдаг. Монгол Улсад байгаа эрх зүйн орчны таатай байдал, том зах зээлийн дунд оршиж буй газар зүйн байршлын давуу тал, түүхий эдийн хангалт зэргийг та бүхэн ашиглан шинэ түншүүдтэй болж, шинэ санаанд тулгуурлан амжилтад хүрэхийг ерөөж байна. Та бүхэн бүтээн байгуулалтын ажлуудтай маргааш танилцах аяллууд хийх учир Монгол Улсын талаар улам ихийг мэдэж авна гэдэгт найдаж байна.

Энэхүү боломжийг та бүхэн идэвхтэй ашиглаж, Монгол Улстай харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалж байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!

2015.06.19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *