Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ардчилсан нам багц сум мэт байхдаа хүчтэй амжилттай байсан

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа “Blue Sky”-д боллоо. АН-ын даргын сунгаанд таван хүн материалаа бүрдүүлэн нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн билээ. Тухайлбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар багтаж байна.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэрсийг зарлаж, үнэмлэхийг танилцуулж, нэр дэвшигчдийн намтарыг уншиж танилцууллаа. Үүний дараа АН-ын дарга З.Энхболд нийт нэр дэвшигчдэд болон намынхаа гишүүд дэмжигчдэд хандан үг хэлсэн юм.

Тэрбээр “АН үргэлж анхдагч нь байсаар ирсэн. Энэ удаа ч гэсэн намын даргаа гишүүдээрээ сонгуульдаг дүрмийг баримталж байна. Намын даргад таван хүн нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор дүрмийн дагуу бүртгүүлсэн байна. Энэ дүрэм 180 мянган хүнд нээлттэй байсан. Тэрийг бүрдүүлж чадаагүй хүмүүс сошиалаар янз бүрийн гомдол гаргах хэрэггүй.Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд манай нам 10-15 тэрбум төгрөг 4 жилд зарцуулдаг. Гэхдээ энэ удаад 10 дахин бага зардлаар сонгууль хийсэн. 1996 оны намын даргын сунгаа амжилттай болсон. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль амжилтгүй болсон. Энэ удаад 1996 оных шиг амжилттай болоосой гэж хүсч байна. Харин улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан манай намын даргын шинэчлэлд их санаа зовж байна.Төрийн эрх барьсан та нарт толгойтой үснээс их ажил байгаа. Манай намын сонгуулиас хол бай. Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно. Нэр дэвшиж байгаа та тавын эв нэгдэлтэй байдал бүх гишүүдийг нягтруулж 2020 оны сонгуульд амжилттай оролцох эсэхийг шийднэ шүү. Та бүхэнд амжилт хүсье. Хэн ч ялагдсан бай ялснаа дэмжээд явах нь шударга ёсны энгийн зарчим шүү” гэв.

Улмаар АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн товч намтрыг танилцуулж, АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа.

Мөн нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөдөлбөр, байр сууриа илэрхийлсэн юм.

Нэр дэвшигч С.Эрдэнэ: -Бид өнөөдөр АН-ын шинэтгэлийн их аянд гарч байна. Надтай хамт өрсөлдөж буй журмын нөхддөө амжилт хүсье. Энэ нөхдийг өөрийнхөө өрсөлдөгч гэж бодохгүй байгаа. Харин миний хамтран зүтгэгч гэж харж байна. Намын даргад өрсөлдөх энэ сунгааг дотоодын өрсөлдөөн хагарал гэж битгий хараасай хэмээн хүсч байна. Энэ бол бидний шинэчлэлийн төлөө оруулж буй хувь нэмэр юм.

Нэр дэвшигч Э.Эрдэнэбат: -Надтай өрсөлдөж буй дөрвөн нөхдүүд маань энэ намын жаргал зовлонг хамт туулсан хүмүүс. Мөн бүгд энэ ард түмний, АН-ын нүүр царай болсон улсууд. Намын даргын сунгаанд өрсөлдөх үү үгүй юу гэж хувь хүнийхээ зүгээс эргэлзэж байсан. Гэхдээ намайг дэмждэг хүмүүс “Эрдэнэбат аа. Намын даргын сунгаанд оролцох чинь энэ намын нэр хүндийн асуудал шүү” хэмээн хэлсэн. Энэ сонгууль болсны дараа АН-ын даргаар хэн ч гарсан хамаагүй. Хамгийн чухал нь бид эв нэгдэлтэй байх шаардлагатай.

Нэр дэвшигч Лу.Гантөмөр: – УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа манай намын гишүүд нэгийг тунгааж, хоёрыг бодсон байх. АН-ын гишүүд дэмжигчид энэ намыг үнэхээр шинэчлэгдэх шаардлагатай гэж үзэж байгаад би баярлалж байна. АН-ын VI Их хурал хоёр чухал зүйлд хүрсэн. Нэгдүгээрт АН-ын шат шатны дарга нарыг намынхаа гишүүдээс сонгодог байх зарчимийг батласан. Нөгөөдөх нь бол АН-ын шинэтгэлийн хөтөлбөр. Үнэхээр хүний нөөцийн зөв бодлоготой нам, хариуцлага нам болгохын төлөө нэр дэвшиж байна.

Нэр дэвшигч Ж.Батзандан: – АН-ын шинэчлэл эхэлж байна. АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ хэмээн олон хүн асууж байна. Яагаад гэвэл Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас АН шинэчлэгдэх ёстой юм. Монгол төрд шинэчлэл хэрэгтэй байгаа учраас АН шинэчлэгдэх шаардлагатай байгаа юм. Тийм учраас АН-ын 180 мянга гишүүд өнөөдрөөс эхэлж шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. АН хаалтай нам байх юм уу, нээлттэй нам байх уу гэдгийг бид энэ шинэчлэлээр шийдэх болно.

Нэр дэвшигч Н.Алтанхуяг: -АН-ын шинэчлэл, Монголын шинэчлэлийг эхлүүлэх гэж байгаа “гарын таван хуруун”- даа баяр хүргэе. Тэр гарын таван хурууны жижиг нь би юм шиг байна. Бид тав өмнөх УИХ-ын нэг ангийн хамт олон. С.Эрдэнэ, Л.Гантөмөр бид гурав “Шинэчлэлийн” Засгийн газрын гурав. АН-ын даргын сунгаанд өрсөлдөх шийдвэрээ цаг тулгаж гаргалаа. Энэ сунгаанд өрсөлдөхгүй гэсэн байр суурьтай байсан ч хойшлуулж болохгүй олон ажил гарч ирсэн тул өрсөлдөхөөр шийдлээ.

АН-ын даргад нэр дэвшигчид үг хэлж дуусны дараа намын дарга З.Энхболд үг хэлж, нэр дэвшигчдэд багц сум гардуулан өглөө.

Тэрбээр “Бидний үйл ажиллагаанд өмнөх дээдсийн түүх соёл, сургаал сургамж хамаатай хэмээн үзэж, та бүхэнд багц сум гардуулах гэж байна. Монголын нууц товцоо, эртний сайхан түүхээ эргэн санаж, цаашдын үйл хэрэгтэй тусгаж явахыг хүсье. Нэр дэвшигчийн тоо дөрөв болоод болохгүй болохоор манай Н.Алтанхуяг дарга гүйсээр байгаад орж ирж л дээ. Намдаа 250 сая төгрөгийн хандив өгөөд тоогоо тав болгох зорилгоор орж иржээ. Н.Алтанхуяг шиг ийм сэтгэлтэй хүмүүсээр манай нам дутаж байсан үе бий. Одоо цаашид битгий дутаасай. АН бол энэ таван багц сум шиг байх даа хүчтэй амжилттай байсан. Багц сум задарснаас хойш амжилтгүй болсон. Яг л нөгөө 800 жилийн өмнөх монголын түүх давтагдах шахсан. Тийм учраас дахин ийм байдалд орохгүйн тулд та бүхэнд багц сум гардуулж байна. Та бүхний сонгуулийн ажилд амжилт хүсье” гэлээ.

Ийнхүү АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өрөгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *