Categories
мэдээ спорт

Юүко үнэлгээг байхгүй болгожээ

Ирэх олимпийн циклд жүдочид шинэчилсэн дүрмээр барилдахаар болж байна

Жүдо бөхийн дүрмийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, илүү хялбаршуулах үүднээс өөрчлөх болсноо IJF-ийн удирдлага мэдэгдлээ. Арванхоёрдугаар сарын эхээр Японы Токио хотноо болсон “Их дуулга”-ын тэмцээний үеэр болсон IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/-ийн их хурлаар дүрмийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ.Тухайлбал, барилдааны хугацаа эрэгтэй, эмэгтэй адилхан дөрвөн минут болсон, юүко үнэлгээг бүрмөсөн байхгүй болгосон, торгуулиар барилдааны хувь заяаг шийдэхгүй зэрэг өөрчлөлт оруулжээ.

Дүрмийн өөрчлөлт нь ирэх дөрвөн жилд буюу Риогоос Токио хүртэлх олимпийн циклийн хугацаанд мөрдөгдөх юм. 2017 оны хоёрдугаар сард Парис хотноо болох “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээнээр Токиогийн олимпийн цикл эхэлж байна.

Мөн олон улсын олимпийн хороонд зуны олимпийн хөтөлбөрт жүдо бөхийн багийн барилдааныг багтаах хүслээ уламжлахаар болсон байна. Ингэхдээ багийн барилдаан нь эмэгтэй гурав (-57, -70, +70 кг), эрэгтэй гурав (-73, -90, +90 кг) жин багтаасан холимог бүрэлдэхүүнтэй байх ажээ.

Жүдогийн дүрэмд оруулсан дүрмийн өөрчлөлтийг танилцуулъя.

Барилдааны хугацаа:

  • Эрэгтэй, эмэгтэй адил дөрвөн (4) минут барилдана. Зөвхөн үнэлгээ (техникийн оноо)-гээр барилдааны ялагчийг тодруулна. Ингэснээр торгуулиар барилдааны хувь заяаг шийдэхгүй болж байгаа юм.

Golden score буюу нэмэлт цаг:

  • Өрсөлдөгч бөхчүүд хэн хэн нь оноо (үнэлгээ) аваагүй, эсвэл ижил оноотой байгаа тохиолдолд барилдаан Golden score-оор үргэлжилнэ. Барилдааны үндсэн цагт авсан оноо болон торгууль онооны самбарт хэвээр үлдэнэ. Ялагчийг онооны зөрүү, эсвэл шидогоор шийднэ.

Үнэлгээ:

  • Юүко үнэлгээ байхгүй болж, зөвхөн иппон болон вазари үнэлгээтэй болсон
  • Хажуугаар унагаасан бүх шидэлтэд юүко өгдөг байсан бол одоо вазари үнэлгээ өгнө.
  • Өмнө нь хоёр вазари үнэлгээ авахад иппон болдог байсныг хүчингүй болгож, вазариг нэмж тооцох үнэлгээ байхгүй болсон.
  • Даралтад 20 секунд дарахад иппон, 10 секунд бол вазари үнэлгээ өгнө.

Торгууль:

  • Дөрвөн шидогоор Хансокү Макэ болдог байсан бол одоо гурван шидо нь Хансокү Макэ болно.
  • Шүүлтийг илүү хялбар, ойлгомжтой болгох үүднээс жүдогийн өмсгөл (жүдоги)-өөс татах, шүүрэх зарим үйлдэлд торгууль оноохгүй болсон байна.
  • Хамгаалах барилдаан хийсэн тохиолдолд шидо өгнө.
  • Хөлд суух, өмднөөс татах үйлдэлд эхлээд шидо, хоёр дахь удаад Хансокү Макэ болно.

Дээрх дүрмийн өөрчлөлтийн талаар ирэх нэгдүгээр сард Азербайжаны нийслэл Баку хотноо болох дасгалжуулагч, шүүгчдийн семинарын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, сургалт явуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *