УИХ-ын ёс зүйн дэд хорооны хуралдаан эхэллээ. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдаан хаалттай явагдаж байгаа бөгөөд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн гэж үзэн тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан билээ. Харин АТГ-аас гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгаж, шийднэ гэдэг хариулт өгсөн юм. Энэ дагуу тус дэд хороо өнгөрсөн оны аравдугаар сард уг асуудлаар хуралдсан ч дээрх гурван гишүүнийг өөрсдийг байлцуулан, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн юм.
Харин өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцэж байна. Тус дэд хороог Б.Бат-Эрдэнэ гишүүн ахалдаг бөгөөд М.Энхболд, С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд харьяалагддаг байна.