Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёкозуна М.Даваажаргал: Шагналаа бататган хичээж барилдах болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал өнөөдөр Төрийн дээд шагналыг хүртсэн билээ. Тэгвэл түүний дараа сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.


-Өнөөдөр та Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Юуны өмнө танд баяр хүргэе. Аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар нэг гэр бүлээс төрлөө?
-Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал боллоо. Аав маань XX зууны аварга бол хүү нь болж төрсөн миний хувьд XXI зуунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм шагналыг хүртлээ. Японы мэргэжлийн сумогийн түүхэн амжилтыг 33 болгон ахиулсан хүн нь монгол хүн гэж бодохоор сайхан байна.
-Таны гаргасан түүхэн амжилтыг бахдах хүн олон байна. Харин та өөрөө ямар бодолтой яваа бол?
-Миний энэ амжилт аав, ээжийг минь ард түмнийг минь баярлуулсан зүйл болсон байх аа. Төрийн тэргүүнээсээ өнөөдөр Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртэж аав хүү хоёр баатар боллоо. Үнэхээр сайхан байна. Мэргэжлийн сумогийн дэвжээнээ энэ эрхэм шагналаа бататган барилдах болно. Би хичээх болноо.
-Ард түмэндээ хандаж хэлэх үг байна уу?
-Монголын нийт ахан дүүстээ ирж буй хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сард шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлэх байна.

Ёкозуна М.АНАНД: ОЛОН ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД ХИЧЭЭХ БОЛНО

Мөн сумогийн 71 дэх аварга Мангалжавын Ананд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цолыг Төрийн тэргүүнээс хүртсэн билээ.

-Өнөөдөр та Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Мэдээж сэтгэл өндөр байна. Юуны өмнө намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Сүхбаатар аймгийн Асгат сумынхан болон ах дүү хамаатан садан бүх монголчууддаа баярлаж явдгаа илэрхийлье. Өнөөдөр ийм хүндтэй эрхэм шагналыг хүртсэндээ баяртай байна. Цаашдаа хичээж барилдах болноо.
-Цаашдын төлөвлөгөө юу байна?
-Илүү амжилт гаргаж, сумогийн дэвжээнээ түрүүлэхийн тулд хичээж барилдах болно. Бэлтгэл сургуулилтаа ч гэсэн улам сайжруулах болно.
-М.Даваажаргал аваргын хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Хар багаасаа л энэ хүнд спортоор хичээллэж 33 түрүү авна гэдэг маш хэцүү. Гэхдээ монгол хүн амжилт гаргаж чадаж байна гэдгийг харууллаа. Би ч гэсэн өмнөө том зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж барилдах болно.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *