Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн орчин үеийн бүжгийн багш, “DDanceLab” бүжгийн компанийн үүсгэн байгуулагч, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгартай ярилцлаа.
-Оны шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг бүжиг дэглээчээр шалгарсан танд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баярлалаа. “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг бүжиг дэглээчээр шалгарсандаа туйлын их баяртай байна. Тухайн үеийн сэтгэгдэл гэвэл “Мөнгөн мод 2022” наадмын ёслолын үйл ажиллагааны өмнө манай СУИС-ийн бүжгийн урлагийн сургуулийн инновацийн бүтээл “Босоо цагаан гурвалжин” цуврал бүжгэн жүжгийн гурав дахь цуврал тоглогдож байсан. Тус бүжгэн жүжгийн гол дүрд бүжиглэж байсан болохоор тоглолтоо дуусгаад л “Мөнгөн мод” наадмын тайз руу ирсэн. Тэр үед тоглолтын тайзнаас шагналын тайз руу гүйж яваа мэдрэмж маш гоё байсан. Нэг юм руу яарсан, догдолсон тийм мэдрэмж төрж байсан. Өөрийгөө шагнал авна гэж бодоогүй, энэ арга хэмжээнд оролцох нь л том үйл хэрэг байсан болохоор яарч очсон. Монгол Улсын гавьяат жүжигчин бүжиг дэглээч Д.Энхгэрэл багшаасаа энэхүү цомоо гардан авсандаа маш их баяртай байгаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр голчлон ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед уран бүтээлдээ голчлон контемпорари этник чиглэлийн бүжгийн урсгалыг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэхүү бүжиг нь барууны буюу контемпорари урсгалыг ардын хэв шинжтэй хослуулснаар контемпорари этник шинэ бүжгийн урсгалыг нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мэдээж контемпорари чиглэлийн бүжгийн бүтээлийг хийхээс гадна нэмээд контемпорари этник чиглэлийн бүтээлүүдийг хийж байгаа. Контемпорари этник чиглэлийг бий болгож, энэхүү урсгалыг хөгжүүлэх болсон шалтгаан нь ардын урлагаа дэлхийн тавцанд гаргахын тулд дан ганц ардын урлагаар нь байлгах боломжгүй болчихсон. Барууны соёлыг хослуулж, шинэчилж, хөгжүүлснээрээ илүү сонирхолтой болно. Жишээлбэл, манай “The Hu” хамтлаг байна. Зөвхөн этник хэлбэрээр байсан бол энэ хэмжээний томоохон амжилт гаргахгүй байсан. Рок буюу барууны стайлыг хослуулж Хүннү рок урсгалыг гаргаж ирсэнтэй адил бий биелгээгээ тэр чигээр нь гаргах боломжгүй учраас контемпорари бүжгийн урсгалтай хослуулж контемпорари этник бүжгийн урсгалыг бий болгосноор дэлхийд бий биелгээгээ таниулах боломжтой гэж үзэж байгаа юм.
-Анх бүжгийн урлагийг хэрхэн сонгох болсон бэ. Бүжгийн урлагаар хэр хугацаанд хичээллэж байна вэ?
-Хамгийн анх 13 настайдаа бүжгийн гараагаа эхэлсэн. Миний мэргэжлийн бүжигчин болох гарааг минь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн багш, уран сайхны удирдаач Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг багш маань тавьж өгсөн. Багшийнхаа ач, дэм, тусаар өдий зэрэгтэй явж байна. Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. Хөдөө орон нутагт өссөн учраас тэнд бүжгийн хөгжил төдийлөн сайн биш, сумын соёлын төвийн клубийн бүжиг л гэж байсан. Манай аймгийн Засаг дарга, сургуулийн дуу хөгжмийн багш нар нийлж Улаанбаатар хотод анхны удаа “Мөнхөд дурсагдах сургууль” нэртэй тоглолт хийхээр болсон юм. Энэхүү тоглолтод оролцох хүүхдүүдийг Ц.Алтанцэцэг багш маань сонгож бүжигчнээр зааж сургаж авсны дунд азаар би сонгогдож бүжигтэй амьдралаа холбосон доо. Түүнээс хойш 16 жил бүжгээр амьсгалж, бүжгээрээ амьдарсан байна.
-Олон улсын тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн оролцохоор явахдаа хэр хугацаанд бэлтгэл хийдэг вэ. Энгийн үед ч мөн бэлтгэл хийдэг байх, тийм үү?
-Олон улсын уралдаан тэмцээнд оролцохдоо хамгийн багадаа жилийн хугацаанд бэлтгэл хийдэг. Бэлтгэл буюу биеийн бэлтгэл хийхээсээ өмнө сэтгэл зүйн бэлтгэл хийх ёстой. Тухайн оролцох гэж буй тэмцээнээ, ямар бүжгээр хэрхэн оролцох зэргээ бүгдийг маш сайн судалдаг. Энгийн үед ч бэлтгэл хийдэг. Нэг л өдөр бэлтгэлээ хийхгүй өнгөрүүлбэл энэ бие яг л хүний бие шиг болчихдог. Тиймээс үргэлж, тогтмол цаг хугацаанд бэлтгэл хийх ёстой. Бүжиглээгүй байгаа үедээ ч өөрийнхөө сэтгэлзүйг бэлдэж байх хэрэгтэй. Олон улсын уралдаан тэмцээнд хамгийн багадаа 8-10 шүүгч байдаг учраас техник, ая, бүжгийн дэглэлт гээд тус тусад нь хариуцсан шүүгч нар байдаг. Тэмцээний үеэр энэ хүмүүсийн надаас харах өө, алдаа нь маш их болж таарч байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн алдаа гаргахгүйн тулд өдөр бүр бэлтгэл хийж, өөрийгөө бэлтгэх ёстой. Монгол бүжигчдийн хамгийн их гаргадаг зүйл нь зөвхөн бүжиг болон техник дээрээ маш их бэлтгэл хийж, сэтгэл зүйгээ бэлтгэдэггүй. Хэчнээн сайн мундаг бүжигчин байсан ч сэтгэл зүй нь бэлтгэгдээгүй байвал тухайн тэмцээнээс хасагдах тохиолдол маш их байдаг. Тухайн бүжигчний сэтгэл зүй бэлэн биш учраас тайзан дээр гарч шүүгчдийн өмнө сандарч алдаа гаргах магадлал их өндөр юм.
-Бүжиг дэглэхэд юу хамгийн чухал байдаг юм бол. Бүжиг дэглэхдээ юуг анхаардаг вэ?
-Бүжиг дэглэхэд анхаарах зүйл гэвэл бүжгийн төрөл жанр болон яг ямар илэрхийлэмжтэй бүжиг гэдгээс хамааран янз бүр байж болно. Тухайлбал, бий биелгээтэй бүжиг дэглэнэ гэж бодвол ёс заншил уламжлал, биелгээнүүд хоорондын ялгаа, намба төрхүүдийг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Түүнчлэн зохиомж бүжиг, цэцэгний тухай бүжиг дэглэх гэж буй бол тэр цэцгийг судалж хэрхэн хөдөлж, хэрхэн ургадаг, бий болдог талаар судалгаа хийсэн байх шаардлагатай. Контемпорари чиглэлийн бүжиг дэглэх бол хөдөлгөөн гэхээс илүү мэдрэмж дагнадаг, үзэж буй хүмүүсийн мэдрэмжээр хөдөлгөөн урлах зэргээс шалтгаалан бүжиг дэглэхэд олон төрлийн арга бий. Манай Монголын хувьд бие биелгээ, тайзны монгол бүжиг, этник, контемпорари этник гэж ардын бүжиг тал руу дөрвөн урсгал, чиглэл хөгжсөн байдаг. Энэ хоорондын ялгаа болон хөгжлийг хооронд нь холихгүйгээр анхаарч бүжиг дэглэвэл илүү тохиромжтой гэж боддог.
-Бүжиглэж буй бүжгээ үзэгчдийн сэтгэлд хүргэж, илэрхийлэхэд юу хамгийн чухал байдаг вэ?
-Мэдээж хамгийн чухал зүйл бол дотоод мэдрэмж байдаг. Бүжгээ маш сайн ойлгож үзэгчдэд ойлгуулахын тулд хичээж бүжиглэх хэрэгтэй. Урлагийнхан бол буу бариагүй дайчид гэдэг үг байдаг. Соёл урлагийн хүмүүс өнөөгийн Монголын тусгаар тогтнол болоод өв соёлыг тээж авч яваа хүмүүс. Яагаад гэвэл энэ өв уламжлал, соёл, монгол ондоошил үгүй бол аль нэг улс, гүрний эрхшээлд орно. Бусдаас ялгарах онцлог байгаа учраас Монгол Монголоороо байгаа. Бий биелгээ, монгол бүжиг бүжиглэж байгаа хүмүүс тухайн мөн чанарыг нь гаргаж бүжиглэх хэрэгтэй. Хоёрдугаарт, мөн чанар гээд хуучинсаг байдлаар байлгаад байх юм бол манай монгол бүжгийг дуурайлгаад илүү баяжуулж, техник нэмээд манайх гээд гаргахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгэхээр өв уламжлал, хадгалаад хайрлаад байгаа юмаа хааяадаа маш их зүйлээр өөрчилж, тордож, хөгжүүлэхгүй, хэтэрхий уламжлалаараа байлгаад байхаар алдах эрсдэл их болоод байна гэсэн үг. Тиймээс Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй. Уламжлал гол мөн чанарыг алдагдуулахгүйгээр өөр өөрсдийн хэв маягаар хөрвүүлдэг бүжиг дэглээч, шүүмжлэгчид маш их байх хэрэгтэй болж байгаа юм. Бий биелгээ тэр чигээрээ ахуй соёл шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын бидний хийдэг зан үйлийг бүжиг болгочихсон. Бид хайрлаж гамнахаасаа гадна хөгжүүлж дараагийн түвшин рүү аваачсан хүмүүсийг үгүйсгэхгүй байх учиртай.
-Бүжиг дэглээчийн хувьд бүжгийн урлагт хайртай сонирхолтой, хичээллэхээр зорьж байгаа хүүхэд, залууст хандаж юуг зөвлөх вэ?
-Ардын урлаг, бий биелгээ нь маш олон хүмүүс, залуучуудын хувьд хөдөөний урлаг, хөдөө байдаг хүмүүс л бүжиглэдэг гэдэг бодолтой болчихсон байсан ч сүүлийн үед залуус бий биелгээ бидний ондоошил гэдгийг мэдэрч эхэлж байгаа. Монгол гэж цээжээ дэлдэхээс гадна, үйл хэргээрээ бас бий биелгээ буюу ардын өв соёлоо багахан ч гэсэн суралцаад эхэлбэл Монгол Улс, тусгаар тогтнолынхоо төлөө хийж байгаа маш том үйл хэрэг юм шүү. Л.Өлзийтөгс зохиолчийн номоос “…баян ч бай, ядуу ч бай өөрийн гэсэн хэл, соёл, урлагтай байна гэдэг хэчнээн сайхан юм бэ” гэх мөрийг уншиж байсан. Хилийн дээс гараад харь оронд очиход бидэнд ардын урлаг, өв соёл, Монгол гэх ондоошил байдаг. Тиймээс бүжгийн урлагаар хичээллэж байгаа хүүхдүүд ардын урлаг, өв соёлыг маш сайн суралцаж, хичээллээсэй, нэмээд түүнийгээ хөгжүүлж дэлхийн хэмжээнд гаргаж өрсөлдөх ур чадварт суралцаасай гэж хүсч байна. Манайхан ардын урлагийг хөгжүүлж өөр урсгалтай хослуулах гэхээр “Энэ зүйл чинь буруу, өв соёлоо устгаад байна” гэдэг. Гэтэл энэ нь өв соёлоо устгах биш маш зөв зүйл юм. Мэдээж өв соёлоор нь тээгээд аваад явж байгаа хүмүүс бий ч түүнийг хөгжүүлэх зоригтой хүмүүс олон болох хэрэгтэй гэдгийг хүсье. Түүнчлэн сүүлийн үед бүжгээр хичээллэж буй зарим хүүхдийг харахад уралдаан, тэмцээн, медалийн төлөө бүжгээр хичээллэдэг болсон. Хэрвээ ийм зорилготойгоор бүжгээр хичээллэх гэж байвал дэмий. Бүжиг бол маш том соёл, хүмүүжил олгодог зүйл. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ бүжгээр хичээллүүлэх гэж буй бол зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Уралдаанд оролцуулах гэж хичээллүүлэх үү, ардын өв соёл, Монгол гэх бахархам зүйлийг бий болгох гэж байгаа юу гэдгээ тодорхойлж байж урлагаар хичээллээсэй гэж боддог. Урлаг нь хүнийг нинжин, уян зөөлөн сэтгэлтэй, хүмүүжилтэй болгодог байтал тэмцээнд түрүүлэхийн төлөө ямар ч ёс зүйгүй, хүмүүжилгүй үйлдэл гаргах хэмжээний болгож буй маш олон хүмүүс байна. Хүүхдэд яг юу зааж буйгаа, хүүхдээ юу сураасай гэж хичээллүүлж байгаагаа судалж, тодорхойлж байж бүжиг, урлагт суралцуулаасай гэж хүсмээр байна.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Монгол контемпорари бүжгийн урсгалыг дэлхийд гаргахыг зорьж байна. Түүнчлэн монгол хүн учраас бий биелгээ гэдэг өв соёлыг монголчууддаа болон дэлхийд таниулж, цаашдаа энэ зүйлийн төлөө би юу хийж болох вэ гэдэгт тархиа гашилгах төлөвлөгөөтэй байна. Дан ганцхан бий биелгээ биш бүжгийн салбараа яаж хөгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээ нь алдагдсан, хүмүүжилгүй хүмүүс яагаад олшироод байгаа вэ гэдэгт хувь хүнийхээ үүднээс их санаа зовдог болсон. Тэгэхээр үүнийг залруулахын төлөө залуучуудын оролцоо юу байж болох вэ гэдэгт анхаарах төлөвлөгөөтэй байна. Олон улсын уралдаан тэмцээнд мөн оролцоно. Олон улсын уралдаан тэмцээнд оролцох нь монгол бүжиг, бүжгийн хөгжил, өв соёлыг харуулж байдаг. Тийм болохоор монгол соёл, урлагийн төлөө цаашид хичээж ажиллах болно. Манай “DDanceLab” бүжгийн компани маань тун удахгүй БНСУ-ын бүжгийн компаниудтай хамтран тоглолт зохион байгуулах, Монголдоо уран бүтээлчдийг урьж авчрах зэрэг олон ажлын төлөвлөгөөнүүд гарсан байгаа.
Цаашид энэ чиглэлээр хийх ажиллах ажил их бий. Түүнчлэн “Дэлхий тойрсон биелгээ” гээд бүжгийн контент хийдэг. Одоогийн байдлаар гурав, дөрвөн улсад контентын зураг авалт хийгдсэн байгаа. Дэлхийн улс үндэстнүүдийн хамгийн их жуулчид очих дуртай, хамгийн үзэсгэлэнтэй газруудад очиж бий биелгээгээ бүжиглэж олон нийтийн цахим хуудсаар түгээдэг контентоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.