БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдээс бүртгэлийн хураамж, шалгалт авахгүй шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд танилцуулаа. Тэрээр, “Зургаан настай хүүхдийг сургуульд ороход нь сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ямар нэгэн уралдаант шалгаруулалтгүйгээр элсүүлэх ёстой. Энэ тухай тушаалийг ч гаргасан. Ялангуяа хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид элсэлт авахдаа бүртгэлийн хураамж гэж 5-50 мянган төгрөгийн хураамж авч, хүүхдүүдийнхээ дунд уралдаант шалгалт явуулж цөөхөн хэдхэн хүүхэд сонгож авдаг. Энэ нь нэг талаараа бизнес болчихсон. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй байсан. 50-60 хүүхэд авахын тулд 1000 хүүхэд бүртгэх ёстой гэж. Хоёрдугаарт, цэцэрлэгээс сургуульд орох гэж дөнгөж зургаан настай хүүхдүүд юугаа шалгуулах ёстой юм бэ. Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулаагүй гэсэн шийдвэр гаргасан” гэлээ. Харин хичээлийн шинэ жил эхлэх үед зургаан нас хүрээгүй боловч тухайн ондоо зургаан нас хүрэх бол нэгдүгээр ангид авах юм байна.