Categories
гадаад мэдээ

Европын парламентын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэв DNN.mn

Европын парламентын гишүүд Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай хэмээн буруутгаж, Унгарт иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж, авлигын түвшин өндөр болсныг эрс буруушааж эсэргүүцлээ илэрхийлэв.

Страсбург хотод консервативуудаас эхлээд зүүний үзэлтнүүд хүртэл өргөн хүрээний улс төрийн хүчнүүдийн төлөөлөл бүхий Европын олон парламентчид энэхүү эсэргүүцлийн ажиллагааны үер Орбаны эсрэг хатуу ширүүн үг хэлцгээсэн байна. Унгар улс энэ удаа Европын парламентыг даргалах ээлж болонгуут тус улсын ерөнхий сайд Виктор Орбан Брюссельтэй ямар ч зөвшилцөл хийлгүй Владимир Путин, Дональд Трамп, түүнчлэн БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай уулзсан билээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен 1956 онд Зөвлөлтийн цэргүүд Унгар руу довтолж, Сталинист дэглэмийн эсрэг боссон унгар иргэдийн эсэргүүцлийг цус асгаруулан дарж байсныг дурдаад “Өнөөдөр Орбан болон түүний толгойлж буй Засгийн газар энэ дайнд халдлага үйлдэгчийг биш, харин халдлагад өртсөн хүмүүсийг буруутгаж байна. Тэд Путины эрх мэдэлд шунаж буйг бус, харин Украин эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буйг буруутгаж байна. Би тэднээс 1956 оны Зөвлөлтийн довтолгоонд та нар Унгарчуудыг буруутгах уу? гэж асуумаар байна” гэж хэлжээ. Мөн Европын Ардын намын дарга Мартин Вебер “Орбан эдгээр уулзалтын үеэр Украины дайны талаар нэг ч үг хэлээгүйд би үнэхээр гайхаж, шоконд орсон” гээд Унгарын улстөрчийн Путин, Трамп, Си нартай хийсэн уулзалтыг буруушааж “Эдгээр уулзалтууд нь автократуудын суртал ухуулгын шоу болсон” гэжээ. Орбаныг шүүмжилж үг хэлсэн эдгээр депутатуудын дунд Орбаны Унгар дахь гол өрсөлдөгчдийн нэг болох консерватив үзэл бүхий Хүндэтгэл ба эрх чөлөөний намын удирдагч, одоо Европын парламентад сууж буй Петер Мадьяр байсан бөгөөд тэрээр “Орбаны үед Унгар улс нь Европын Холбооны хамгийн авлигад идэгдсэн орнуудын нэг болсон” гэж мэдэгджээ.

Энэхүү эсэргүүцлийн цуглааны дараа 2010 оноос хойш засгийн эрх барьж байгаа Унгарын баруун жигүүрийн популист нам Европын парламентын гишүүд Унгар улсын талаар “зүүний худал мэдээлэл” тарааж, Европын Холбоог хагас жил тэргүүлж буй Унгарын эсрэг “нэг төрлийн интифада” хийсэн гэж буруутгав. Интифада гэдэг нь “бослого” гэсэн араб үг бөгөөд орчин үед Арабын зэвсэгт бүлэглэлийн эсрэг Израилийн хийж буй тэмцлийг нэрлэх болсон юм. Европын парламентын гишүүд Орбаныг эсэргүүцсэн гол шалтгаан нь түүний айлчлалаас гадна Унгар улс Европын холбоог тэргүүлэх болсонтой холбогдуулан түүний хэлсэн үг юм. Орбан энэ үеэр Европын Холбооны сүүлийн жилүүдэд гаргасан гол шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа илэрхийлж, Европын Холбооны цагаачлал, гадаад болон цаг уурын бодлогод эрс өөрчлөлт хийхийг шаардсан билээ. Мөн Орбан Европын Холбооны Украиныг дэмжих асуудал бүрт хориг тавьж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *