Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн ‘’LEGACY’’ DNN.mn

МЗЭ, МСНЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн хошой шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын ЦОГНЭМЭХ


Дэлхийн ямарваа улс орны төрийн тэргүүн, дээд удирдагч, ерөнхийлөгч нарын Legacy буюу үлдээсэн өв нь тухайн улсынхаа маргаашийг тодорхойлж, сүр сүлд, хүч чадлын бэлгэ тэмдэг, үндэстний оюун санааны дархлаа болж байдаг. Ийм хүчирхэг идеалаа дээдэлж байж энэ бөмбөрцөгт урт наслах жамыг тэвэрнэ. Энэ өв нь оюун санааны, сэтгэлгээний өөрчлөлтийг тээж, тэлэх хэмжээг цутгах ёстой л доо.

Тийм учраас сайн муу нэр зүүсэн ч бай аливаа улс орны төрийн тэргүүн Ерөнхийлөгч нар нь өөрийн санаачлан хэрэгжүүлсэн өвөө үлдээх нь тухайн үндэстнийхээ маш чухал нэр төр болдог билээ.

Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад гурав дахь жилийнхээ ойтой золгож байна. Түүнд нэг онцлог бий. Анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдов. Гэхдээ зөвхөн нэг удаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнөх Ерөнхийлөгч нараасаа ялгарах онцлог нь сонгуульт хугацааныхаа талд хүрээгүй байхдаа өөрийн гэсэн “Legacy”г хэд хэдээр нь үлдээчихлээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг “Алт” хөтөлбөрийг л хэрэгжүүлсэн төдий гэх нь бий. Түүний үзэл санаа нь Монголд уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх суурь болсон. Харин үйлдвэрлэл хөгжүүлсэн үү. Үлдээсэн өв мөн үү. Эргэлзээтэй. Гэхдээ л нийгмийг нэг тогтолцооноос огт гар барьж үзээгүй “харь” тогтолцоо руу чирсэн нь түүхэн үнэн. Дараагийн найман жилд төрийн тэргүүний тамга барьсан Н.Багабандийг бодлого боловсруулахдаа “хийгүй” байв хэмээдэг. Лавтайяа 2004 онд морин хуураа айл, өрх бүр, байгууллага бүр хоймортоо залах зарлиг гаргасан нь түүний хожим тэрлэж эхэлсэн “Титэм үг”-нээс нь хавьгүй чухал өв, үлдээсэн соёлын мөр байв. Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байсан эрхэм. Сэхээтний давхарга түүнээс том өв үлдээхийг хүлээж байлаа. Төрийн тахилгатай уул овоог нэмэгдүүлж, хөөмэй сэргээх, дэлхийн сонгодог утга зохиолын 50 ботийг хэвлүүлэх зарлиг гаргасан. Уул овооны тахилгыг эс тооцвол бусад нь соёлын салбарт хийх л ажлын нэг байв. Нийгэм даяар түүнийг авлигын эцэг хэмээн цоллож, барагтайхан өв л үлдээсэн гэж бухимддаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд цөмийн хаягдлыг Монголд булахгүй байх тухай зарлиг гаргасан нь бий. Жил бүрийн хавар мод тарих үндэсний өдөртэй болгоодохов. Энэ үеэс манай Ерөнхийлөгч нарын үлдээж, бүтээж буй өв нь зарлиг гаргасан төдийгөөр хязгаарлагдахгүй, үндэсний хөдөлгөөн болон өрнөж эхэлсэн. Ялангуяа У.Хүрэлсүхийн энэ цаг үед үндэсний хэмжээний хөдөлгөөнүүд ид өрнөж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга шиг зөвхөн Оюу толгойн гэрээний эзэдтэй нанчилдсангүй. Үүнийг дэлгэрүүлэн өгүүлэхээс өмнө дэлхийн тэргүүлэх гүрэн АНУын Ерөнхийлөгч нарын үлдээсэн өв юу байв гэдгийг цухас сөхье.

Америкийн ерөнхийлөгч нарын Монголтой холбогдон уялдаж үлдээсэн өв бий. Дорно дахиныг судлаач, Францын XIV Луй хааны итгэлт түшмэл Пети де Круагийн “Аугаа их Чингис хааны түүх” ном 1710 онд Парист, 1722 онд Лондонд хэвлэгдэв. Чингис хааны намтар судлалын анхны энэ бүтээл нь АНУ-ыг үндэслэгчдийн ширээний ном болж байлаа. Тухайлбал, Америкийг үндэслэгч Бенжамин Франклин, гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон нар улсаа байгуулахдаа дээрх номоос Чингис хааны үйл хэргийн тухай сайтар уншиж, үлгэр дуурайл болгон, амьдрал, үйл хэрэгтээ их хааны төр улсаа жолоодох зарчмыг нь баримталж байсан ажээ. Чингис хаан дэлхийн нийслэл Хархорумдаа манай гаригийн бүх шашин зэрэгцэн оршихыг зөвшөөрч, шашны эрх чөлөөг тэргүүнд тавин анх тунхагласнаас нь Томас Жефферсон санаа аваадахав. Америкт анх удаа шашны эрх чөлөөний тухай хуулийг санаачлан батлуулсан нь хамгийн том өв болон үлджээ. Харин өнөөгийн Монгол орон төдийгүй өнөөгийн дэлхий ертөнц нь Чингис хааны үлдээсэн өв гэдгийг хэлэх юун.

Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамаг Америкууд сонгохдоо энх тайван тогтоно, эдийн засаг, эрүүлийг хамгаалах салбар “оцойж овойно” гэж найдсан юм.Тэр цагаачлалын асуудал, эрүүлийг хамгаалах салбартаа ахицыг авчирсан ч гадаад бодлогоосоо болоод “аварга” өв үлдээж чадсангүй. “Худалдааны дайн”ыг өрнүүлсэн Трамп болоод эдүгээгийн Жо ерөнхийлөгчийн өв юу болохыг одоо шинжин байгаа. Их маргаантай. Харин урд хөршийн их удирдагч Си Жиньпиний өв бол хятадын өнөөгийн хөгжлийг хэрхэн өлгийдөж буй бодит байдал нь юм. “Нэг бүс, нэг зам” хэмээх түүний санаачилсан аварга төсөл нь манай Хүннүгийн Модун шаньюй, Их Монгол Улсын хаан, их эзэн Чингис хааны гол зорилгоо болгон эрхшээж байсан “Торгоны зам”ын дагуу өрнөн салаалж байгаа нь анхаарал татна. Энэ томоохон төслийн цаана үндэсний үзлээ түгээн дэлгэрүүлж буй нь ёстой л улс төрийн алсын хараа, аварга өв юм.

Харин хойд хөршийн ерөнхийлөгч В.Путины дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн төсөл бүхэн нь Орос орны хувьд, Оросуудын хувьд өв болон үлдэж байна. Шинжлэх ухаан, соёл урлаг, театрын өлгий орны удирдагчийн хувьд Евроазийн их гүрнийг жолоодож буйн тул түүх соёлын их өвийг үлдээхийн төлөөнөө аливааг хажуугаараа санамсаргүй өнгөрөөдөггүй. Тэр энэ бүхнийг Орос орны оюуны дархлаа, үндэсний идеал гэж хардаг. Нэгээхэн жишээ авахад ерөнхийлөгч В.Путин алдарт “Дөлгөөн Дон” романы гар бичмэл эхийг эх орондоо авч үлдсэн түүхээрээ олны анхаарлыг татдаг. 1990ээд оны сүүлээр баруун руу гарах гэж байсан М.Шолоховын “Дөлгөөн Дон”ы гар бичмэлийг тэр шинжлэх ухааны хувьд хосгүй үнэт зүйл гэж зарлаад эх оронч үйлсийг өрнүүлэн Оростоо авч үлдсэний цаана өөрийн үлдээх өв юу болохыг, Орос орон юуг эрхэмлэдэг вэ гэдгээ дэлхийд тодотгов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд олны анхаарлыг татсан цөөнгүй Legacy-г үлдээсээр буй нь бүхний нүдэнд ил байна. Монголчуудын хувьд бие даан анх удаа газрын тос боловсруулах үйлдвэр барихаар зориглосон их үйлсийг тэр гардан жолоодлоо. Хоёр жилийн дараа газрын тос Дорнодын Матадаас Дорноговийн Алтан ширээ сум дахь боловсруулах үйлдвэр рүү хоолойгоор урсаж эхэлнэ. Энэ бол өв юм. Түүний НҮБын индэр дээрээс тунхаглан санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний үр дүнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулснаар ойн сан нэмэгдэж, цөлжилтийг хумьж, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, “Ногоон сэргэн мандал”-ыг дэлхийд туяаруулах дүр зураг харагдаж байна. Ямар ч улс оронтой гар барилцах том өв мөн үү. Мөн. Хамгийн үнэ цэнтэй нь монголчуудынхаа оюун тархинд сэтгэлгээний өөрчлөлтийг, хөгжлийн сэтгэл зүйг “тарьж ургуулсан” нь дэлхийтэй хөл нийлүүлэх сэргэн мандлын өв юм.

У.Хүрэлсүхийн уржнан жилийн өдийд эхлүүлсэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Товчхондоо бол хүнс эрүүл бол хүн эрүүл. Монгол хүн эрүүл бол Монгол үндэстэн хүчирхэгжинэ. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг энэ хөдөлгөөнөөр шийдэхийг зорьж эхэлсэн. Энэ өв хаяа тэлсээр байна.

Мөн У.Хүрэлсүхийн үлдээж буй чухал “Legacy”гийн нэг нь яах аргагүй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн шүү дээ. Энэ хөдөлгөөн нь нийтийн эрүүл мэндийг нийтийн биеийн тамир спортоор дамжуулан сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох зэргээр эрүүл ирээдүй, саруул ухааны хүрээлэнг бий болгохоор өрнөж буйг ёстой л Монгол хүн бүр толгой дохин дэмжиж байгаа. Эрүүл зан үйл, дадалтай байх хичнээн сайхан билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үлдээж буй өвүүдээс түүх, соёлын талаар явуулж буй бодлого, зарлиг шийдвэртэй нь ёстой л ташаа нийлнэ. Уржнан жилийн намар нээлтээ хийсэн “Чингис хаан” музейг цохон хэлж байна. Үүнээс яг нэг жилийн өмнө их хааны 860 жилийн ойд зориулан миний “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг УДЭТын алтан тайзнаа тавигдсан байсан болохоор загатнасан газар маажих шиг болсон. Буган сүлдтэний төр болон Хүн гүрний үеэс ХХ зууны эхэн хүртэлх дөрвөн мянган жилийн хугацаан дахь хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан энэ музейг нээсэн нь дэлхийд тусгаар тогтнолоо дахин бардмаар тунхаглах шиг санагдсан шүү. Өөрөөр хэлбэл, үндэсний оюун санааны томоохон дархлааг бий болгосон эргэлт юм. Ёстой л том өв. Үүний өмнөхөн буюу 2022 оны Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр их эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан нь Монгол Улсын хэмжээнд төдийгүй Монгол туургатан даяар, Монголд элэгтэй гадныхныг хүртэл цөсийг нь хөөргөж, өнөөгийн ертөнцийг үндэслэгчийн өмнө мэхийн баясацгаахад хүргэв. Үүгээрээ дэлхий дахинд Монголын амар амгаланг тогтоосон Чингис хаан бол монголчуудын дундаас төрөн гарсан дэлхийн их хүн болохыг зарлан, Монгол Улсынхаа иргэн бүрийн нүүрэнд гал бадарч, нүдэнд цог гэрэлтэх үйл болгов. Өндөр их өв гэдэг энэ. Дашрамд өгүүлэхэд, Чингис хааны эш хөрөг нь түүний ач хүү Хубилай хааны зарлигаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг юм. Ерөөс он гарсаар түүх соёлтой холбоотой гурван өвийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бүтээлээ. Хоорондоо уялдаа холбоотой нь монголчуудын оюун санааны сац суварга болсон том дархлаа бий болгох зорилготой нь эндээс харагдана.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1нд гаргасан “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг нь уламжлал шинэчлэлийг агуулж байна. Н.Багабанди байгууллага, монгол өрх, айл бүр морин хуураа гэртээ залах зарлиг гаргасныг улам төгөлдөржүүлэн үлдээж буй өв болгов. Өмнөхөө үгүйсгэлгүй, үндэстнээ дээдэлж буй нь ард түмний бэлгэ тэмдэг гэдгээ илтгэн харуулсны илрэл. Түүний ивээл дор болох “Морин хуурын олон улсын наадам”ыг л тэсч ядан хүлээх л үлдэв. Гурван жил тутамд нэг удаа болох юм гэсэн. Энэ нь морин хуурыг өмчлөх гэсэн зарим санаархлын эсрэг хийж буй нүүдэл юм. Энэ мэт соёлын биет бус өв, монголчуудын түүхэн ой санамжийг түгээн дэлгэрүүлж буй нь Монгол Улс өөрөө дэлхийн үнэт өв болохын эхлэл болох ч юм бил үү, тэнгэр мэднэ.

Дараагийнх нь “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэргийн алтан бичээс, төр ёсны үнэт зүйл юүгээн үр хойчдоо өвлүүлэн үлдээх, олон түмний хүртээл болгох үүднээс нэг бүрчлэн тайлан тайлбарлаж, ойлгомжтой тодорхой болгохыг төрийн тэргүүн санаачилсан. Хаврын яргуйстай цуг уралдан 25 эрдэмтэн, судлаачийн нягтлан тайлсан өвөг дээдсийн алтан дэвтэр маань түгэн дэлгэрч эхэллээ. Бахтай сайхан өв. Энэ бүтээлийг цахимд ч байршуулав. Ийнхүү миний өгүүлэл яв явсаар Үндэсний төв номын сангийн шинэ ордны нээлтээр өндөрлөх гэж байна. Аль 2008 онд л номын шинэ ордонтой болох Ерөнхийлөгчийн зарлиг гарсан авч гацчихаад байсныг У.Хүрэлсүх дэмжин эрчимжүүлсээр шашдир ном тэнгэр мөрлөх боллоо. Номын шинэ ордон маань олон улсын номын сангийн стандартад нийцсэн гэдгийг онцлууштай. Д.Урианхай гүрү багшаас маань олон жилийн өмнө “Та Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд юу хийх вэ” гэж сэтгүүлчид хошигнон асуухад “Дэлхийд байхгүй хамгийн том номын ордныг л юуны түрүүнд байгуулна даа” гэсний тусгал энэ боллоо.

Дээрх үлдээж буй өвүүдээ эдүгээгийн Ерөнхийлөгч маань гадаад бодлогоороо эмжин зангидаж байна гэж хэлж болно. Хятад, өмнөд Солонгос, Япон, Франц, ОХУ, Беларусь, Арабын улсуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар шил дараалан хоёрхон жилийн дотор Монгол оронд минь айлчлав. 1.4 тэрбум хүн шүтдэг католик шашны тэргүүн Ромын пап У.Хүрэлсүхийн урилгаар эх оронд минь айлчилж монгол Улсыг дэлхийн зүрх юм байна, Монгол гэрийг дэлхий мөн, Монгол орон энэ бөмбөрцгийн амар амгалангийн дээд орон, Монгол бол эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээсэн алдарт үгүүдээ дэлхий даяар цацлаа. Энэ бол эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад харилцаанд эргэлт гаргасан хамгийн том өв байсныг түүх харуулна. Бидний өнө эртний түүх, өв соёлыг Ромын папаар дамжуулан дэлхийтэй хуваалцана гэдэг XIII зууны PAX MONGOLICA эргэн ирсэнтэй ялгаа нь үгүй билээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *