Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сайн шүүмжлэх хэрэгтэй. Гэхдээ энд тэндээс, эрээвэр хураавар байдлаар зүхэх, шүүмжлэх нь үр дүнгүй байна. Партизаны отрядынхан гэдэг шиг хэдэн хүн л сошиал орчинд байр сууриа илэрхийлдэг, ойшоож байгаа амьтан ч алга. Тэгэхээр Сүүдрийн Засгийн газар байгуулж байгаад шүүмжилье. Хатуу байр сууриа илэрхийлцгээе. Л.Оюун-Эрдэнийн бодлого шийдвэр, гадаад айлчлал, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санал санаачилга бүгд дээр Сүүдрийн Засгийн газар өөрийн байр сууриа нийгэмд илэрхийлж, ард түмний өмнө нээлттэй мэтгэлцээн өрнүүлж байя. Түүнд нь ард түмэн үнэлэлт дүгнэлтээ өгцгөөе. Тэгэхгүйгээр нийгмийн сүлжээнд, өөр өөрсдийн хаяг, зохион байгуулалттай сэвэлтүүд үнэ цэнээ улам алдаж байна. Улс орны амин чухал асуудлаас эхлээд яах аргагүй анхаарах ёстой сэдэв бүгдийг юу ч биш, хэрүүлийн алим болгож байна. Олон зүйл дээр шүү.
Ганц хувь хүний байр суурь, шүүмжлэл бол үр дүн нь нэг нэгжээр л хэмжигдэнэ. Яагаад гэвэл Трамп, Си Жиньпин биш. Тэдний нэг үг дэлхийн биржийн үнэд тэр дороо нөлөөлж байдаг. Монголд бол Ерөнхий сайдын байр суурь Монголдоо нөлөөтэй тусах нь үнэн. Түүний өөдөөс дуугарч байгаа хүн сошиалын нэг хийрхэгч байж болохгүй. Улс орны төлөө зүрх сэтгэлээсээ санаа зовдог, мэдлэг чадвартай, туршлагатай хүн бүхэн сошиалд шүлсээ үсчүүлэгч болон хувирч болохгүй. Ингэж үнэ цэнээ алдмааргүй байна, шүүмжлэгчид ээ.
Өнгөрсөн долоо хоногт нийгмийн анхааралд байсан сэдэв бол Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал байлаа. Шанхайн Олон улсын Импортын экспод том бүрэлдэхүүнтэй оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар үр дүнтэй явав. Энэ улсын төлөө санаа зовдог хэн бүхэнд “Энэхүү айлчлалаар хийгдсэн гэрээ хэлцэл, баримт бичгүүд, эдийн засгийн үр өгөөж, улс төрийн онцлог” ямар байсныг бодитой мэдмээр байгаа. Яаж мэдэх вэ гэхээр Монголын нийгэмд байр сууриа илэрхийлж байгаа хоёр талын үгийг харьцуулж харах. Тэгж байж айхавтар хүмүүс өөрийн дүгнэлтээ хийдэг. Нэг талын байр суурь, хандлага ардчилсан нийгэмд байдаггүй.
Шанхайн айлчлал дээр гэхэд дорвитой байр суурь илэрхийлэгч нэгэн нийгэмд өнөөдөр лав алга. “Улсын төсөв хэлэлцэж байх хариуцлагатай цагаар гадагшаа бүгдээрээ явчихдаг нь ямар учиртай юм бэ” гэсэн үгс шүүмжлэлийн цөм нь байв.
Бид бүх зүйлд аль болох бодитой, үнэн хандаж байж л хөгжил ярина. Монголын хамгийн том дайсан бол ӨВӨЛ. Маш их өртөг зардалтай чилийсэн хагас жил эхэлж байна. Маш их эрсдэл дагуулдаг цаг хугацаа. Энэтхэгт бол нэг хувцастайгаа хэдэн жил ч амьдраад явж болно. Монголд бүх хүн өвлийн хувцас авч өмсөх л болно. Дулаан газарт амьдрах л болно. Монголын том бүтээн байгуулалтууд зогсоно. Эдийн засгийн эргэлт 50 хувьтай царцдаг. Эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэнэ. Шатахууны хэрэгцээ өснө. Бүгд суурь үнэ. Суурь үнэ бүхэн маань хоёр хөршөөс хараат. Үндэсний аюулгүй байдал талаасаа нийгэмд мэдээлж, нээлттэй байх боломжгүй олон асуудал бий. Бүх улс орон л тийм байгаа. Жижиг Монголд ҮАЗөөс хамааралтай асуудал бүрийг иргэд маань хамгийн ихээр сонирхдог. Шуугиан болгодог. Ингээд үл ойлголцол, эрх баригчид нууцаар “юм” хийгээд байгаа юм шиг ойлголт хүчтэй явагддаг. Түүнийг нь өдөөгч хэсэг нийгэмд бий. Энэ бүгдийн ая данг олж, учир зүйг нь гаргаж улс орны хувь заяаг хөтөлж явах нь асар их нерв. Том эрх ашгийн төлөө ярьж байгаа залуус өнөөдрийн УИХд харагдаж байгаа ч яг өнгийгөөд харвал ард нь жижигхэн муу эрх ашиг нь нуугдаж байгааг учир мэдэх хүмүүс мэдэж байгаа. Ийм л оршилдоонтой үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, БНХАУын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нар Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх тохиролцоонд хүрлээ. Шанхай хотод Хятадын удирдагчидтай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Итгэлцлийн шатыг ахиуллаа.
Итгэлцлийн шат ахиулсан дүр зураг нь УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөллүүдийг багтаасан айлчлал юм. Тэр бүү хэл уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үеийн үед эсэргүүцэж ирсэн хүмүүсийг ч айлчлалын бүрэлдэхүүндээ багтаасныг ард түмэн харсан байх. Энэ ямар учиртай вэ гэхээр “Монгол Улсын төр засаг нэгдмэл, тогтвортой, урт настай байна” гэдгийг л урд айлын удирдагчдад харуулахыг, итгүүлэхийг хүссэн айлчлал байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр талдаа АН-ын Лу.Гантөмөрийг, ХҮН-ын Т.Доржхандыг дагуулж, араас нь ИЗНН-ын Б.Батбаатар, Үндэсний эвслийн Д.Пүрэвдаваа, “босоо” Ганбаа… гээд бүгдийг багтаасан нь Олон улсдаа бол Монгол төрийн нэгдэл нягтралыг илэрхийлсэн хэрэг. Гадаад ертөнцдөө бол бид ингэж харагдах, ер нь яг ийм байхаас өөр арга алга. Хоёр хөршийн гео улс төр ямар байгаа билээ. Бид өөрсдийгөө мэддэг, хааяа нэгэндээ хэлж сануулдаг байх хэрэгтэй. Бид жижиг улс шүү.
Одоо гол сэдэв рүүгээ оръё. Монголын эдийн засгийн чадамж нүүрс гэж ганцхан зүйлээс хамаатай байна. Дараагийн эдийн засаг болох зэс ч гэсэн урд хөршийн зах зээлээс хамаатай. Ер нь төмрийн хүдэр, цайр ч урд айл мэднэ. Энэ үнэнтэй эвлэрэхгүй гээд яах юм. Ийм болохоор Засгийн газрын тэргүүн урд хөрштэйгөө л учраа сайн ололцож, эдийн засгаа авч явахаас өөр арга алга. Сая эрчим хүчний үнийн өсөлт яригдлаа. Шийдвэр гаргаж л таарна. Үүнд хамгийн нөлөөтэй нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Баруун таван аймгийнхаа эрчим хүчний асуудлыг дотооддоо ногоон эрчим хүчээр 100 хувь шийднэ, Төвийн эрчим хүчний системдээ дэмжлэг үзүүлнэ. Улмаар ОХУ руу жил бүр гардаг тэрбум ам.доллар ч эрс багасна. Валютын нөөц, ханшийн тогтвортой байдал, үнийн өсөлт… гээд логикоор Эрдэнэбүрэнийн станцын эдийн засгийн гинжин урвалын нөлөө асар их. Үүнийг Ерөнхий сайд нэн даруй шийдэхгүй бахь байдгаараа өдөр хоногийг өнгөрөөж болохгүй нь тодорхой байна. Тэгээд ойрын гарц нь хаана байгаа юм. Ардчилсан нийгэмтэй байгаа Монгол Улсын нэг зовлон нь зах хязгаарын нэг сумын багийн Засаг даргын захидал их гүрэн Хятадын удирдагчид хүрчихэж байгаад юм шүү дээ. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ард түмэн эсэргүүцэж байна” гэсэн багийн Засаг даргын захидал ажлыг зогсоож чадсан. Дээр нь шашны асуудал. Цаг хугацаа алдсан шалтгаан энэ мэт олон. Эдгээрийг нэг талд нь гаргаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдэх гэж Хятадад айлчиллаа. Шууд очоод Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурчихсан ч юм биш. Оршил ихтэй. Урьдчилсан бөөн яриа хэлцэл хийж байж, эцэст нь Пакистаны айлчлалаас буцахдаа урд хөршөөр дайрч, нэг сарын дараа би Хамтарсан Засгийн газрынхаа бүрэн бүрэлдэхүүнтэй ирнэ. Тэр үед асуудлуудыг нэг мөр шийдье гэсэн ойлголцолтойгоор Шанхайд очсон хэрэг. Ингэж байж сая үр дүнд хүрлээ. Ямар ч байсан Хятадын тал Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцад санхүүжилт хийхээр боллоо. 2015 онд ажил нь эхэлж байсан бол ийнхүү есөн жилийн дараа гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.
Хоёрдугаарт гэвэл Монгол Улсын ганц мөнгө олж байгаа Нүүрсний худалдаа маань Гашуунсухайт-Ганцмод боомт дээр гацаатай байна. Монголын талаас бөөн бөөнөөрөө нүүрс ачаад хил дээр очдог, лонхны хүзүү шиг нарийнхан хоолой дээр хэдэн мянган нүүрс тээврийн машин оочерлодог. Дагаад хүнд суртал, дарааллын өмнүүр орох, авлига, албан тушаал, танил талын хүрээ гээд Монголын зовлон үргэлжилж байна. Үүнийг нэг мөр шийдэж, өргөн гарц хоолой, тээвэр логистик, төмөр замын гүүрийг хамтран барих ажлыг цаг алдалгүй шийдэх ёстой. Шийдэхийн төлөө Л.ОюунЭрдэнийн Засгийн газар ажилласан ч Хятадын талын бидэнд итгэх итгэл сул. Аль 10 жилийн өмнө танай талд итгээд бид төмөр замаа хил дээр аваачсан, гэтэл танайх яадаг билээ. Өмнөх сайдын ажил надад хамаагүй ээ, би одоо сайд болсон гээд нэг нөхөр ирээд, огт өөрийг ярьж эхэлдэг. Танайд итгэл алга гэсэн утгатай зүйлийг ярьж өнөөдөрт ирсэн. Үүнийх нь өөдөөс Л.ОюунЭрдэнэ “Одоо бид нэгдмэл байна” гэдгээ л харуулж очлоо. Ингээд “ГашуунсухайтГанцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”ийг батлах дотоодын порцедур дууссан тухай талууд мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээр энэ сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр боллоо. Асуудал үндсэндээ шийдэгдлээ. Одоо гүүрийн барилгын ажил эхэлнэ. Монголын эдийн засгийн цусны гол эргэлт болсон Нүүрс тээвэрлэлт, хил нэвтрэлт, худалдаа өргөжинө. Одоо бүх шатанд хяналтыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, чанарыг эрхэмлэх, санхүүжилтээ хүргэх, хугацаанд нь дуусгах ажил л үлдлээ.
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал ажил бол үнэндээ Үндэсний хиймэл дагуул шүү дээ. Үүн дээр эдийн засгийн агуулгаар нь янз бүрийн байр суурь нийгэмд байна. Судлаачдын ярьж байгаагаар эдийн засгийн үр дагавар, Үндэсний аюулгүй байдал хоёр бол тусдаа асуудал. Ялгаж салгаж үнэ цэнийг мэдэрсэн хүнд бол Үндэсний хиймэл дагуултай болохыг л дэмжинэ гэж. Тэгэхээр энэ талаас нь харахыг хичээхийн буруу байхгүй юм. Хятадын өндөр технологийн компаниудаар Л.ОюунЭрдэнэ айлчилсанд тодорхой эрх ашигтай хүмүүс байр сууриа илэрхийлж, шүүмжилж байх шиг байна. Хятадад айлчилсан улс орны удирдагч бүхэн “Хуавэй”, “Алибаба” компаниудаар орохыг хүсдэг, хамтрахыг хүсдэг нь бүгдэд харагддаг шүү дээ. Түүний л нэг хэсэг. Ялангуяа гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монголын бүх шатны засаглалд, төрийн бүх ажилд AI технологи, хиймэл оюун ухааныг ашиглахын төлөө байгаа. Үүнийгээ яаж томьёолж байна гэхээр “Гурван шилжилт” гэж. Үүнийг “Huawei” групптэй хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа. Ер нь бол энэ чиглэлд дэлхийд гайхагдаж байгаа нь хамгийн ойрхон урд хөрш шүү дээ. Бид бүгдээр урд хөршийнхөө хотуудаар явахдаа “Хятад тасарчээ” гэсэн үгтэй л ирж байгаа. Ядаж зургаан сарын өмнө очоод харснаас өнөөдөр очоод харахад гудамжинд явж байгаа цахилгаан машиных нь тоо эрс нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь их утаандаа 10 жилийн өмнө төөрч, хахаж үхэхдээ тулж байсан Бээжингийн тэнгэр тунгалаг болсон дүр зураг. Бид 10 жилийн өмнө ч утаатайгаа байсан, өнөөдөр ч мөн адил. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө асар их амбицтай байгаа Хятад улсын хүлээсэн үүрэг хариуцлага, нэр хүнд гэж юм бий. Хажууд нь байгаа жижиг улсаа утаагүй болоход нь тусалчихгүй байж гэх ярианд орохыг хүсэхгүй. Улаанбаатарын утааг шийдье гэвэл тэдний нэг жижиг хотын, багахан дүүргийн хэмжээний асуудал. Гэтэл яагаад тэгдэггүй юм. Яг үнэндээ манай талд учир их бий. Сайжруулсан түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Хятадаас манайхан авахдаа үйлдвэрлэгдэхээ байчихсан, хоцрогдсоныг хамгийн хямд үнээр авчрах жишээтэй. Тэгээд монголчилж нэг жил ашиглан сонгууль давдаг. Монголын дунд, доод шатны дарга нарын, тэдэнтэй хамтардаг аж ахуйн нэгжийнхний үйлдэл шүү дээ. Тэр ажилд Хятадын төрийн бодлого хамаагүй. Монголын Засгийн газрын тэргүүн анхаарал тавих боломжгүй бүтэц. Ингээд л дампуурдаг. Одоо аймгуудад баригдах дулааны станцуудын ажил ч ийм л төрийн дунд, доод шатны дампууралтай холбоотой. Наад зах нь энэ бүгдийг том зургаар нь эмхэлж цэгцлэх Ерөнхий сайдын бодлого бол AI технологи, цахим засаглал… гэхчлэн хүний оролцоог багасгасан технолгийн засаглал, ногоон шилжилт юм. Энэ бүх зорилго, зорилтуудын хамтрагч нь хаяа залгаа урд хөршийн технологийн компаниуд. Гээд логикоор нь хөөвөл их ажлууд эхэлж байна.
Ингэхээр энэ удаагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал бүхэлдээ логиктой, урьдчилсан бэлтгэл ажлууд хангагдсан, алсын зорилготой айлчлал болсон. Дахиад ч олон удаа урд хөршид очих байх. Ингэж байж л үр дүн нь төгс гарна. Гэхдээ энэ бол миний л бодол.
Албан мэдээллүүд дунд жаахан бүрхэгдүү харагдаад байгаа нэг арга хэмжээний талаар сэтгүүлчийнхээ хувьд бодсоноо хэлээд Шанхайн тэмдэглэлээ өндөрлөе. Хятадын сэргээгдэх эрчим хүчний акул “Envision Energy” компанийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ танилцсан. Эрчим хүчний хуримтлуур буюу батерей үйлдвэрлэгч, салхин трубин… гээд дэлхийд тэргүүлэгч компани юм. Багануур дүүрэг дэх батерей хуримтлуурын 50 МВТ-ын станцад хөрөнгө оруулсныг хүмүүс мэднэ. Энэхүү аварга группийн захирал нь 1976 оны залуу. Хятадын хамгийн залуу тэрбумтандаа орно. Хоёр дахь үеийн өв залгамжлагч энэхүү олигархын эцэг нь бараг дэлхийн цутгалтын үйлдвэрлэл, технологийн “хаан” гэж яригддаг хүн. Монголын авто зам, гүүрэн байгууламж, метро… ер нь бүтээн байгуулалтын бүх шатанд цутгалтын технологи, үйлдвэрлэл ирээдүйд маш чухал. Өв залгамжлагчтай нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч болсон юм. Аавтай нь цутгалтын технологи дээр яагаад хамтарч болохгүй гэж. Л.Оюун-Эрдэнийн гадаад томилолт иймэрхүү л логиктой харагдаж байна лээ.
Энэ мэтчилэн Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийн “Шанхайн экспо”-н айлчлалын үеийн уулзалт нэг бүр, МонголХятадын хооронд байгуулсан баримт бичиг нэг бүр дээр аналитик байдлаар хандвал хүмүүс төдийлөн анзаарахгүй зүйлс их бий.
Монголын дотоодод болж байгаа улс төр, маргаан мэтгэлцээн, нохой шуугиулалт бол яах вэ. Савнаасаа хальж болохгүйгээ хаа хаанаа мэдэхтэйгээ болсон биз. Харин хилийн цаана бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон улс төр болоод том шийдвэрүүд бол улс орны хувь заяа юм. Аж ахуйн нэгж, иргэн бүрд хамаатай, дүгнэх нь хүн бүрд нээлттэй айлчлал. Гэхдээ ийм хэмжээний айлчлалыг сошиал орчин дахь ганц нэг хүний дагагчдын үзэл бодол, байр сууриар биш, ганц хоёр улстөрчийн хэвлэлийн бага хурлаар бүр ч биш, институтийн хэмжээнд, ядаж мэргэжлийн редакцуудын түвшинд үнэлж дүгнэх нь улс орны ирээдүйд хэрэгтэй. Судалгаатай, харьцуулсан байдлаар, өмнөх хойдох түүхийг сөхөж, өмнөх хойдох хөрштэй холбож бичье гэвэл цаг хугацаа хэрэгтэй. Мэдээллийн хурд тийм боломжийг сэтгүүлчид олгохгүй байна. Гэхдээ энэ тэмдэглэлийг уншсан хүн өөрийн гэсэн дүгнэлтээ хийнэ. Шүүмжлэх ёстой. Үйл явдал цааш мэдээж өрнөнө. Харж байгаад нийтлэлээ үргэлжлүүлэх болно.
One reply on “Ерөнхий сайдыг сайн шүүмжилье, тэгж байж л Л.Оюун-Эрдэнэ өөрийн цаг үеийг бүтээнэ DNN.mn”
Маш зөв сайхан мэдээлэл өгчээ. Сош.орчинд МЯНГУУЖИН НАР бодох л хэрэгтэы