Categories
гадаад мэдээ

Японд үерийн улмаас 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

Японы зүүн хойд хэсгийн нутгаар хэдэн өдөр дараалж орсон аадар борооны улмаас үер болжээ. Үерийн улмаас 63 настай нэг эмэгтэй нас барж, 22 хүн сураггүй болсон бөгөөд 90 гаруй мянган хүн орон гэрээ орхисон байна.

Даваа гаригаас хойш үргэлжилсэн борооны улмаас усны түвшин 60 см орчим нэмэгдсэн талаар албаныхан мэдээлжээ. Нийслэл Токио хотоос хойд хэсэгт орших Жосо хот үерт их хэмжээний хохирол амсчээ. Кинугава гол үерлэснээс Жосо хотод үерийн хэмжээ их байгаа аж. Үерийн улмаас 400 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түүнчлэн Точиги хотноо 24 цагийн хугацаанд усны түвшин эрс нэмэгдсэн бөгөөд байшин барилгууд хэдхэн минутын дотор живж, алга болж байсан талаар орон нутгийн аврах албаныхан мэдээллэсэн байна. Үерийн уснаас дайжин байшингийнхаа орой дээр гарч суусан оршин суугчдыг аврах багийнхан нисдэг тэргээр зөөн нүүлгэн шилжүүлжээ. Японы зарим хотуудад цахилгаан тасарснаас галт тэрэг болон нисэх онгоцны үйлчилгээ тасалдаж, усанд автсан автозамуудыг хаасан байна.

Японы төвийн хэсгийн нутгийг дайрсан тэнгисийн шуурганы дараа үргэлжилсэн аадар бороо орсон нь үерийн гамшиг учруулсан аж. Япон улсын томоохон хотуудад аврах албаныхан, гал сөнөөгчид хүч нэмэгдүүлэн ажилласаар байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *