Categories
гадаад мэдээ

Японд парламентын доод танхимын сонгуулийн санал авах байрууд нээгдлээ

Засгийн газрын тэргүүнийг сонгох, улсын төсвийн төслийг батлахад дээд танхимаасаа илүү эрхтэй Японы парламентын доод танхимын сонгуулийн санал авах 46 мянга гаруй байр ням гарагт орон даяар нээгдлээ.

Сонгогчид 07:00-20:00 цагийн хооронд санал өгөх эрхээ эдлэх боломжтой. Японы доод танхимын 465 гишүүний 289 нь нэг мандаттай тойргоос, 176 нь 11 бүс нутагт намын жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн есөн намаас нийт 1051 улс төрч нэрээ дэвшүүлсэн байна.

Доод танхимыг тараахаас өмнө түүний 276 суудлыг Ерөнхий сайд Кишида Фүмио тэргүүтэй эрх баригч Либерал Ардчилсан нам (ЛАН) хянаж байсан бол 29-ийг нь эрх баригч эвсэл дэх ЛАН-ын жижиг түнш Комейто намын депутатууд эзэлж байв. Тэд хамтдаа үнэмлэхүй (305) олонх байсан ч Үндсэн хуулийн олонх (310) биш байв. Харин сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн Ардчилсан нам (ҮХАН) 112 суудалтай байв. Коммунист Нам 12 суудал, Японы Сэргэн мандалтын нам 11, Ардын ардчилсан нам 10 мандаттай байсан бол үлдсэн суудлыг бусад жижиг намууд эзэлж байжээ.

Энэ удаагийн сонгуулиар есдүгээр сард Кишида намын даргаар сонгогдсоны дараа ЛАН хэдэн суудал авах вэ гэдэгт, мөн Үндсэн хуулийн Ардчилсан нам доод танхимд төлөөллөө нэмэгдүүлж чадах эсэхэд гол анхаарал чиглэж байна.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүн харилцан адилгүй гарсан байна. Бүх санал асуулгуудын дүнгээс харахад, эрх баригч нам суудлынхаа талыг алдах төлөвтэй байгаа юм. Гэхдээ зарим санал асуулгын дүнгээр ЛАН доод танхимд суудлынхаа талаас илүү хувийг (465 суудлын 233-ыг) авч үлдэх бол зарим нь олонхын суудлаа алдана гэж таамаглаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *