Гадаад харилцааны яаманд “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа-50 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшигийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Гадаад харилцааны сайд Эрхэмсэг хатагтай Б.Батцэцэг болон энд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо Сайн байцгаана уу.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50-н жилийн ойд зориулсан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” симпозиумд урьсанд талархал илэрхийлье. 50 жилийн өмнөх, энэ өдөр буюу 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Япон Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсон билээ. Хоёр орны харилцаанд олон жил гар бие оролцож ирсэн Японы дипломатч хүний хувьд өнөөдөр Япон Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх талаар санал бодол солилцох болсон нь нэр хүндийн хэрэг бөгөөд миний бие маш их баяртай байна.
Шинэ төрлийн коронавирусын цар тахал дэлхий дахинд тархсанаас үүдэн, сүүлийн хоёр жил хоёр орны хооронд зорчих хүмүүсийн тоо эрс цөөрөөд байна. Нөгөөтээгүүр, улс төрийн төвшинд хоёр орны төрийн тэргүүнүүд ойр ойрхон харилцан айлчилж, олон улсын хурал чуулганы үеэр уулзалт хийх зэргээр харилцаагаа хэдийнээ өндөр төвшинд хүргээд байна. Түүнчлэн, Япон Улсын Парламент болон Монгол Улсын Их Хурал гэсэн хоёр хууль тогтоох байгууллага, хоёр орны засгийн газар болон яам тамгын газраар зогсохгүй хувийн хэвшлийн байгууллага хоорондын солилцоо янз бүрийн хэлбэрээр нягт явагдаж байна. Миний хувьд, хувийн хэвшил дэх эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудал хангалтгүй санагддаг.
Та бүхэнд Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн талаар танилцуулья. Япон улс нь Монгол Улсын хөгжлийн суурь болох эдийн засаг, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагаа зэргээр нийт 337 орчим тэрбум иений тусламжийг олгосон байна. Энэ нь Монгол Улсын 2017 оны улсын төсөвтэй дүйцэх дүн юм. Монгол Улс шилжилтийн хүнд хэцүү үетэй тулгарсан цагаас эхлэн, Япон Улс тусламж, дэмжлэгээ түргэн шуурхай үзүүлж ирсэн. Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжсэн, та бүхний сайн мэдэх төсөл олон гэж бодож байна.
Хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцааны өнөөгийн байдалд, Монголын төр засаг төдийгүй, эдийн засгийн салбарын холбогдох хүмүүс сэтгэл хангалуун бус бай
на.
Жишээлбэл, Дулааны 4-р цахилгаан станцыг шинэчлэх, харилцаа холбооны байгууламж, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламж, Улаанбаатар хотыг голчилсон бага, дунд сургуулийн (59 сургууль) шинэ барилга болон өргөтгөл, Нарны зам болон Нарны гүүр, Монгол-Японы эмнэлэг, Чингис хаан олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг чанарын өндөр төвшинд бүтээн байгуулсан. Үүний зэрэгцээ хүний нөөцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлж ирлээ.
Одоо, Японы хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг авч үзье. Хувийн хэвшлийн бизнесийн харилцаанд ч мөн адил янз бүрийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Тухайлбал, “Мобиком” компанийг, 1995 онд Монголын “Ньюком” компани Японы “KDDI”, “Сүмитомо” корпорацын хөрөнгө оруулалттайгаар хамтран байгуулсан. Үүнээс гадна, санхүү, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийгдэж байна. Гадаад худалдааны хувьд, автомашин, барилгын тоног төхөөрөмж зэрэг Японы олон бүтээгдэхүүн Монголд импортлогдож байна. Нөгөөтээгүүр Монголоос Япон руу ноолууран бүтээгдэхүүн, сүүлийн үед Монголын арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн экспортлогдох болсон. Гэвч хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцааны өнөөгийн байдалд, Монголын төр засаг төдийгүй, эдийн засгийн салбарын холбогдох хүмүүс сэтгэл хангалуун бус байна. Энэ симпозиумаар хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцаа яавал идэвхжиж, хөгжих вэ гэдэг талаар ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт найдаж байна.
2016 оны Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) болж, хүчин төгөлдөр болсон. Энэ нь хоёр орны засгийн газрын төвшинд эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлэх хүчтэй хүсэл эрмэлзэл байгааг илэрхийлэхийн сацуу, хоёр орны хоорондох худалдааг улам хялбар болгох орчинг бүрдүүлж байна. Зарим Монгол хүмүүс, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор гадаад худалдаа, ялангуяа Монголоос Япон руу чиглэх бараа бүтээгдэхүүний экспортын дүн аяндаа нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан. Энэ хүлээлт бол буруу гэж бодож байна. Учир нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн зорилго нь Монголын бүтээгдэхүүн борлогдоно гэсэн баталгаа гаргах бус, харин Монголын бүтээгдэхүүнийг Японы зах зээл дээр өрсөлдөхөд хялбар орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал юм.
Монголын үйлдвэрлэгчид илүү сонирхол татахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох нь чухал байна
Өөрөөр хэлбэл, Японы зах зээлд, Монголын бараа бүтээгдэхүүн нь Япон болон бусад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэчнээн хямд байсан ч, Японы хэрэглэгч сонгож авахгүй бол зарагдах боломжгүй юм. Хамгийн гол нь Монголын үйлдвэрлэгчид, үнэ, чанар, хийц загварыг цогцоор нь харж, Японы болон гуравдагч орны өрсөлдөх бүтээгдэхүүнээс илүү сонирхол татахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох нь чухал байна. Энэ симпозиумын үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд, амжилттай хэрэгжсэн төслүүдийн талаар ч ярилцана гэж ойлгож байна. Ингэснээр, Монголын эдийн засгийн салбарын та бүхэн, Япон Улстай бизнесээ улам өргөжүүлэн, сайжруулах талаар чухал санаануудыг олж аваасай гэж хүсэж байна.
Монгол Улс эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг дахин сэргээхээр, хилийн халдвар хамгааллын дэглэмийг сулруулсан. Энэ мэт нааштай өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа тул, та бүхний бизнест энэ жил эерэг өөрчлөлтийг авчраасай хэмээн хүсээд мэндчилгээгээ өндөрлөе” гэсэн юм.