Categories
мэдээ нийгэм

Япон дахь докторант, судлаачдын бүлгэм эрдэм-шинжилгээний нэгдсэн III форум маргааш болно

Япон дахь докторант, судлаачид Токио хотноо чуулж эрдэм шинжилгээний форум  зохион байгууллаа

Япон дахь докторант, судлаачдын бүлгэм эрдэм-шинжилгээний нэгдсэн III форумаа энэ оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр онлайн хэлбэрээр Осака хотоос зохион байгуулах гэж байна. Уг форум нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” уриан дор явагдах юм.

Форумыг Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран зохион байгуулж байна. Тус бүлгэм нь 2016 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 241 докторант, судлаачдыг нэгтгээд байна. Форумын гол зорилго нь Япон улсын өнцөг булан бүрт сурч, ажиллаж буй шинжлэх ухааны салбар бүрийн судлаачид хоорондоо танилцан, эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа танилцуулан илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэх, салбар салбарын түүчээ болж яваа эрдэмтдийн туршлагаас суралцахаас гадна дэлхий дахины тулгамдсан асуудал болж буй “Covid-19” цар тахлын үед гадаад дотоодод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний давуу болон сул талууд, цаашид сайжруулж болох гарц гаргалгааг эрэлхийлэхэд чиглэж байна.

Энэ жилийн форум нь “Нэгдсэн” болон Covid-19 цар тахалтай холбоотой “Тусгай” хэсэг хэмээх 2 хэсэгтэй бөгөөд “Зочин багшийн илтгэл”, “Нийгмийн олон салбарт ажиллаж буй докторууд болон зэрэг цолоо хамгаалахаар суралцаж буй докторантуудын илтгэл”, судлаачдад тулгарч буй асуудлыг хөндсөн “Хэлэлцүүлэг” гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Зочин багшаар Япон улсын “Цүкүба” их сургуулийн профессор, хөрс судлаач К.Тамура, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн захирал, профессор Д.Ганбат нар оролцоно.

Өмнөх жилүүдийн Форумыг амжилттай зохион явуулахад Монгол улсын Гадаад харилцааны яам, Япон дахь Монголын Элчин Сайдын яам, төрийн бус байгууллагууд, Японы их дээд сургуулиуд хамтран ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжин оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *