Categories
мэдээ нийгэм

Яарсан багш нар шинэ сургуулийнхаа цэвэрлэгээний ажилд оролцож байна

Хичээлийн байргүйгээс III сургууль гурван он дамжин дөрөв, 16 дугаар сургууль дээр хуваагдан хичээллэсэн. Харин энэ жил III сургуулийн шинэ барилга ашиглалтад ороход бэлэн болоод байгаа. Мөн түүнчлэн УБТЗ-ын Олон улсын билетийн кассын байрыг цэцэрлэг болгож байгаа. Эдгээрийг сурвалжиллаа.

III сургуулийн хувьд есдүгээр сарын 1-нд хичээлийн байраа ашиглалтад оруулна гэж байсан. Гэвч зун бороо хур ихтэй байснаас ажил нь яльгүй сунжирч ирэх сарын 7-нд нээлтээ хийгээд хичээлээ явуулахаар болжээ. Уг сургууль нь 960 хүүхдийн багтаамжтай юм. Хоёр ээлжээр 2000 гаруй хүүхдийг хичээллүүлэх боломжтой. Мөн европ стандартын сургууль гэдгээрээ онцлог. Үүнийг барилгын зохион байгуулалттай нь холбож тайлбарлаж болох юм. Урлаг, спорт заал тус бүрдээ шүршүүртэй аж. Спорт заалны хувьд модон шалтай бөгөөд үүн дээрээ тусгай зөөлөвч дэвсэж өгчээ.

Ингэснээр хүүхэд спортын тэмцээнээр өрсөлдөж байхдаа унасан ч гэмтэхгүй юм байна. Түүнчлэн давхар бүртээ ариун цэврийн газартай. Мөн цайны газар нь ч сургуулиар дамжихгүй шууд гаднаасаа ордог хаалгатай юм байна. Тэндээ ахлах тогоочийн болоод хувцас солих өрөөнүүдтэй аж. Сургуулийнхаа голд тохижуулсан задгай талбайтай. Уг талбайд сурагчид хичээлийн завсарлагаанаар амрах, анги хамт олноороо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ. Мөн хоёр, гуравдугаар давхартаа голдоо байх задгай талбайн дээгүүр корпус хооронд дамжих тунелтэй юм байна. Ерөнхийдөө барилгын хувьд коридор, амралтын талбай ихтэй, хүүхдийг гүйж тоглох зайг сайтар гаргаж өгсөн нь анзаарагдаж байлаа.

Биднийг өчигдөр тус сургууль дээр очиход хичээлийн байрны гуравдугаар давхар нь бэлэн болсон байв. Тус сургуулийн багш ажилчид ч ирчихсэн засал чимэглэлийн ажил нь дууссан өрөөнүүдийг цэвэрлэхэд оролцож байсан юм. Шинэ сургуулийн байрандаа хурдан орохын тулд хамтарч ажиллаж байгаа нь энэ гэнэ. Тэд “Гурван жил бусад сургуулийн байранд хичээллэсэн болохоор багш хүүхдүүдэд хүндрэлтэй зүйл байсан. Одоо ийм сайхан шинэ сургуультай болж байгаадаа баяртай байна. Сургуулийн барилгын ажлыг бага ч гэсэн түргэтгэхийн тулд багш нар барилгын ажлын дараахь цэвэрлэгээнд оролцож байгаа юм” гэлцэж байв. Хоёр болоод нэгдүгээр давхрын хувьд засал чимэглэлийн багахан ажлууд үлджээ. Сургуулийн урд талын талбайг тэгшитгэн цементэлж байв. Сургуулийн барилгыг барихдаа хашаан дахь моддыг аль болох авахгүй байхыг эрмэлзсэн гэнэ. Мөн сургууль руу орох машин замыг барихад бэлтгэсэн байв. Харин хойд талын хуучин хөлбөмбөгийн талбай байсан газрыг есдүгээр сарын 7 гэхэд тохижуулж амжихгүй аж. Тиймээс аравдугаар сард багтааж хүлээлгэж өгнө гэж гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байлаа.

Сургууль нь байргүй болоход 400 гаруй хүүхэд шилжжээ

III сургуулийн захирал В.Хоролгараваас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сургуулийн өмнөх байр хэдэн хүүхдийн багтаамжтай байсан билээ?

-Өмнөх байр 960 хүүхдийн суудалтай байсан. Шинэ байр маань мөн 960 хүүхдийн суудалтай. Гэхдээ талбай бага хэмжээгээр томорч, анги танхимын тоо олширсон. Нийт сургалт явуулах 35 ангитай. Үүнд хоёр ээлжээр хичээллэвэл 70 бүлэг болно. Нэг бүлгийг 30 хүүхдээр тооцоход л 2100 хүүхэд суралцана гэсэн үг.

-Өмнө нь хэдэн сурагчтай байсан бэ?

-Сургуулийн хичээлийн байрыг нурааж бусад сургуулиудад тарахаас өмнө 1800 гаруй сурагчтай байлаа. Өнгөрсөн хаврын дүнгээр бол 1435 хүүхэдтэй байсан.

-Одоо шинэ байртай болж хүчин чадлаа нэмэгдүүлсэн болохоор нэгдүгээр ангидаа олон хүүхэд элсүүлэх үү?

-Шинэ байртай болж байгаатай холбоотойгоор өмнөх шилжсэн хүүхдүүд буцаж ирж байна. Мөн нэгдүгээр ангид бид таван бүлэг авахаар төлөвлөж байсан боловч өнөөдрийн байдлаар долоон бүлэг хичээллэх байдалтай болчихоод байгаа.

-Шинэ сургуулийн барилгын ажил ямар хугацаанд үргэлжлэв?

-Ер нь 2014 оны зургадугаар сарын 1-нээс барилгын үйл ажиллагаа эхэлсэн. Төсвөөсөө шалтгаалаад 2016 онд ашиглалтад орох байсан ч манай сургууль хугацаанаасаа өмнө ашиглалтад орж байгаа.

“Солонго” цэцэрлэг ирэх сарын 4-нд бүртгэлээ хийнэ

Үүний дараа хуучин УБТЗ-ын Олон улсын билетийн касс байрлаж байсан байрыг зорилоо. Арынх нь хаалгаар ороход нэгэн эмэгтэй “Энд билетийн касс ажиллахгүй байгаа шүү. Төмөр замын төв байр руу шилжсэн” гэсээр угтлаа. Уг хоёр давхар П хэлбэрийн байшин өмнө нь цэцэрлэг байжээ. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хувьчлагдаж билетийн касс болсон байна. Харин төмөр замынхан ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд цэцэрлэг болгохоор шийдсэн бололтой. Гэхдээ дан ганц төмөр замынхны хүүхдүүдийг бус БГД-ийн IV хорооны иргэдийн хүүхдүүдийг ч хамруулах ажээ. Засварын ажил нь дотор засал чимэглэл дээрээ явж байлаа. Өмнө нь тасалбарын кассын барилга байсан болохоор өрөө тасалгаа бүхий албан конторууд байжээ. Үүнийг цэцэрлэгийн хүүхдийн орчин болгож өөрчлөхөд нэлээд ажил орж байгаа бололтой. Наад зах нь анги ангид нь ариун цэврийн өрөө байгуулах жишээтэй. Гал тогоо, анги танхим, хүлээн авах өрөө, ариун цэврийн өрөө гээд хүүхэд байлгах стандартын дагуу олон тасалгаа хийсэн байв.

“Солонго” цэцэрлэгийн эрхлэгч М.Баярмаагаас хэдэн асуултад хариулт авав.

-Энэ барилгыг хэзээ цэцэрлэг болгохоор шийдсэн юм бэ?

-Шийдвэр хэзээ гарсныг нь мэдэхгүй байна. Зургадугаар сарын 2-ноос эхлээд л өөрчлөх ажиллагаа явагдаж байгаа.

-Хичнээн хүүхдийн багтаамжтай цэцэрлэг болох бол?

-Найман бүлэгтэй, 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулагдана. Бага, дунд, ахлах, бэлтгэл тус тус хоёр бүлэг байх юм. Баянгол дүүргийн IV хорооны нийт хүүхдүүд хамарна. Гэхдээ төмөр замын ажилчдын хүүхдийг 70 хувьд, иргэдийн хүүхдийг 30 хувьд нь авахаар төлөвлөсөн.

-Хүүхдүүдээ авах бүртгэл нь эхэлсэн үү?

-Бүртгэл хийгээгүй байгаа.

Есдүгээр сарын 4-нөөс бүртгэл эхэлнэ. Тэгээд 20-д гаргаад хичээллэж эхлэхээр ажиллаж байна. Одоо засварын ажил 80 орчим хувьтай байгаа.

-Хэддүгээр цэцэрлэг болох вэ?

-Одоохондоо дугаар аваагүй. “Солонго” цэцэрлэг гэсэн нэрээр явж байгаа.

Тус цэцэрлэг 27 багш ажилтантай байхаар хүний нөөцөө батлуулсан гэнэ. Одоогоор гурван манаач, гурван ажилтан байгаа аж. Тэд туслан гүйцэтгэх компанийнхантайгаа хамтран засварын ажлаа хийж байв. Ерөнхийдөө гадаа тоглоомын талбайг засварлаж өгөх талаар дүүрэгтээ хүсэлт тавиад байгаа юм байна.

Гаднах талбайн хувьд өмнө нь албан байгууллага байсан болохоор наад зах нь шорон үзүүртэй хар төмөр хайстай аж. Эдгээрийг авч хүүхэд гадаа тоглоход гэмтэхээргүй байхаар тохижуулна гэдгийг ажилчид нь ярьж байлаа.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *