Categories
мэдээ цаг-үе

Я.Мөнх-Эрдэнэ: Олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний төсөв хасагдвал 200 мянган хэрэглэгчийн эрх зөрчигдөнө

Телевиз, радиогийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ ирэх онд тасалдах эрсдэлтэй болоод байгаа гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхлээд байна. Тус үйлчилгээг үзүүлэх тендерт “Ддэш”, “Монголсат нэтворкс” гэсэн хоёр компани өрсөлдөж үнийн саналын давуу байдлаар “Монголсат нэтворкс” ялсан байдаг аж. Гэвч тус компанийн 2020 онд өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах төсөв улсын төсвөөс хасагдсан мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай “Монголсат нэтворкс” компанийн гүйцэтгэх захирал Я.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Радио, телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ тасалдаж мэдэхээр мэдээлэл гарах боллоо. Тендерт шалгарсан компанийн хувьд энэ талаарх нөхцөл байдлыг тодруулахгүй юу?

-Засгийн Газрын 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 310 дугаар тогтоолоор батлагдсан “Сансрын холбооны Кэй Юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” тухай тендерт манай компани шалгарч, өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай гэрээгээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны аравдугаар сарын 1-нээс өмнө суурилуулалт, тохируулгын ажлыг бүрэн хийж дуусгасан. Ингэснээр Монгол орны бүх сум, суурин газрын Радио, телевизийн үндэсний сүлжээний газрын 200 мянга гаруй өрх айл өргөн нэвтрүүлгийн 20, радиогийн гурван сувгийн үйлчилгээг иргэд хүлээж авч эхлээд байгаа. Өмнө нь хөдөө орон нутгийн хэрэглэгч нар найман суваг л үздэг байсан. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. Радио? Телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар цацах үйлчилгээг өмнөх 10 жилд “ДДэш” компани үзүүлж ирсэн байдаг. Тэр хугацаанд жил бүр улсын төсөвт төсөв нь суугаад үйлчилгээгээ үзүүлж ирсэн. Гэтэл манай компанийн үзүүлэх 2020 оны үйлчилгээний төсвийг Сангийн яаман дээр хасчихсан. Ийм л үйл явдал өрнөөд байна. Нааштай шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Хэчнээн төгрөг төсөвт суугдах байсан юм бэ?

-Тендерт бол манайх хамгийн хямд үнийг санал болгосон. 400 орчим сая төгрөг. Манайхтай өрсөлдсөн “Ддэш” компани бол 700 орчим сая төгрөгийн үнийн саналтай орсон байсан. Бид өөрсдийнхөө хүчин чадалд тулгуурлаж гаргасан тооцоолол энэ.

Ер нь энэ үйлчилгээг өмнө нь 1.5 тэрбум төгрөгөөр үзүүлж ирсэн байдаг юм билээ. Ийм байдлаар 10 жил явж ирсэн.

-Төсвийн хувьд маш хэмнэлттэй харагдаж байна. Үйлчилгээнд дэвшилтэт зүйл хэр нэмэгдэж байгаа вэ?

-Тендерийн шаардлагаар 20 сувгийг нэвтрүүлнэ гэж байгаа. Өмнө нь хөдөө орон нутгийн хэрэглэгч нар өмнө нь найман суваг л үздэг байсан. Одоо бол энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. Дээр нь орон нутгийн телевизүүдийг бас нэмж оруулахаар ажиллаж байна.

-Радио, телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх үйлчилгээний төсөвт өртөг хасагдсан нь Сангийн сайдтай холбоотой. Сангийн сайдтай хамаарал бүхий компани тендерт шалгарч чадаагүйгээс үүдэлтэй гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Тендерт хоёр компани өрсөлдсөн. Манай компани шалгарсан. Гэтэл манай төсвийг хасч байна гэдэг ямар нэгэн байдлаар ашиг сонирхол харагдаж байгаа юм. Бид ингэж л үзэж байгаа.

-Хэрэв төсөв тавигдахгүй бол ямар үр дагавар бий болох вэ?

-Радио телевизийн үндэсний сүлжээний газраас хийсэн судалгаагаар өргөн нэвтрүүлэг хүлээж авдаг 200 мянган орчим хэрэглэгч байдаг гэдэг. Тэд бол зорилтот бүлгийн хүмүүс, нийгмийн эмзэг давхаргын хүмүүс байдаг гэдэг. Төсөв хуваарилагдахгүй бол эдгээр 200 мянган иргэн радио, телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээж авах боломжгүй болно. Нэг үгээр 200 мянган хэрэглэгчийн эрх зөрчигдөнө.

-“ддэш”-ээс “монгол САТ”-д шилжсэнээр хэрэглэгч ямар нэгэн төхөөрөмжөө сольж, өөрчлөх үү?

-Хэрэглэгчийн хувьд юу ч өөрчлөгдөгдөхгүй. Радио телевизийн үндэсний сүлжээний газрын сансраас сигнал хүлээж авч байгаа хиймэл дагуул нь л өөрчлөгдөнө.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *