Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Геологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал DNN.mn

Монголын Геологийн холбоодын нэгдсэн Зөвлөлийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл “Геологийн улсын үндэсний зөвлөгөөн 2023” үйл ажиллагааг саяхан зохион байгуулсан. Энэ ажил хэр үр дүнтэй болсон бэ. Үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Сүүлийн 40 гаруй жилийн дараа манай салбарынхан анх удаа төрийнхөө ордонд чууллаа. Улсын зөвлөгөөний үр дүнг хараахан дүгнэхэд эрт байна. Яагаад гэвэл уг зөвлөгөөнөөр олон л асуудлыг хөндсөн. Тэр асуудлуудыг ганц зөвлөгөөн хийснээр бүрэн шийдэхгүй ч гэсэн холбогдох хууль тогтоогч, засгийн газрын эрх бүхий байгууллагад зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг уламжилж асуудлын араас хүч тавин ажиллана гэж бодож байна. Нөгөө талаар энэ салбарын талаар бага боловч эерэг мэдээлэл нийгмийн тодорхой хэсгүүдэд хүрсэн байх гэж бодож байна. Мэдээж үүнд манай хэвлэл мэдээллийн салбарын дэмжлэг их хэрэгтэй байгаа шүү. Геологийн салбар бол Уул уурхайн салбар биш л дээ, өөрийн гэсэн онцлогтой, газрын хэвлийд байгаа эрдсийн хуримтлалыг олж илрүүлэхээс гадна олон чиглэлийн шинжлэх ухааны суурь судалгааг давхар хийж байдаг учраас уг үр дүнг хэрэглэхгүй салбар гэж байхгүй.

Ийм болохоор улс үндэстний хөгжлийн түлхүүр гэж олон хүн ярьж, бичиж байдаг. Хөдөөгийн малчинд хүртэл бидний судалгаа маш их үүрэгтэй, хамгийн наад захын жишээ гэхэд л газрын геоэкологийн болон газрын гүний усны судалгаа нь гэхэд л ирээдүй төлөвлөлтөө хийхэд өндөр ач холбогдолтой юм. Энэ өргөн хүрээний мэдээллийг манай ард иргэд ашиглаж, хэрэглэж сурвал маш олон зүйлд шинжлэх ухааны үүднээс хандах боломж бүрдэхээс гадна салбарын үр шимийг ч жирийн иргэн хүн хүртэл ашиглах, хүртэх боломжтой, нээлттэй байгаа юм. Салбарын хэмжээний олон талт асуудлаа хэлэлцдэг ийм зөвлөгөөн урьд нь хийж байгаагүй. Энэ зөвлөгөөнийг Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл санаачилга гарган зохион байгуулахад салбарын олон зуун хүн дэмжин ирсэн нь цаанаа асар хүлээлт ихтэй байсныг зөвлөгөөний явцаас харж болохоор байсан нь бас нэг үр дүнгийн илрэл гэж хэлж болохоор байна.

-Улс орны эдийн засгийн гол тулгуур бол геологийн салбар байдаг. Геологийн салбар, геологи сайн байж улс орны эдийн засгийн бодит хөгжлийн тулгуур байх болно. Сүүлийн үед геологи, уул уурхай хэрэггүй гэсэн яриа санаатай хийгээд санамсаргүйгээр их гарч байна. Сая энэ тухай ярьсан уу?

-Өнөөдөр улс эх орны геополитикийн онцгой салбар болох энэ салбар уналтын байдалд байгаа нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Олон оронд тэр дундаа уул уурхай өндөр хөгжсөн орнуудад энэ салбарыг ил болон далд хэлбэрээр маш хүчтэй бааз суурьтай тусгайлан хөгжүүлдэг. Эрдсийн баялгийн нийлүүлэлт нь дэлхийн олон орны хөгжлийн хурдац, чиг хандлага, геополитикийн бодлогыг тодорхойлж байдагт оршино. Геологийн судалгааны ажил нь 20-30 жилийн түрүүнд уул уурхайн болон хүнд үйлдвэрийн салбараасаа хөгжиж явах учиртай юм. Тэгж байж экспорт болон дотоодын хэрэгцээг хангахаас гадна баялгийн сангийн хуримтлалыг бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улстөрчид ард иргэдэд таалагдах гэсэндээ сүүлийн жилүүдэд энэ салбарын уналтад нэрмээс болохоос гадна эрх зүйн орчноор олон удаа оролдсон нь салбарын хөгжлийг боомилох хандлага руу орсон гэж болно. Тэрний тод жишээ нь манай улсын нутаг дэвсгэрийн 76 хувь нь ямар нэг тусгай болон орон нутгийн хэрэгцээ нэрийн дор явж байгаа нь тэр нутаг дэвсгэрт геологийн судалгаа явуулах боломжгүй болгосон гэж ойлгож болно. Уул нь геологийн судалгаа нь шууд газар ухаж төнхөөд байдаг зүйл биш. Харин эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болж хувирлаа. Энэ ажлыг хийгээгүйгээс болж бид баялагтай ч юм шиг баялаггүй ч юм шиг нөхцөл байдал үүсээд байна л даа. Судалгааны баримт байхгүй үндэслэл муутай, тодорхой бүлэг улсуудын эрх ашгийг харж улс төрийн өнцгөөс оноо авах гэсэн зарим нэг хүний бодлогогүй шийдвэрээс уул уурхайгүй бүс нутаг болно гэж зарлах нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байгаатай адил юм. Геологийн судалгааг харин ч хамгийн түрүүнд хийлгэх нь улс эх орны язгуур эрх ашигт нийцэхээс гадна гарсан үр дүнг орон нутгийн хөгжилд ашиглах боломжийг ханган ажилласнаар шинэ хөгжлийн гарцыг бий болгох, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бас нэг боломж гэж харах хэрэгтэй байгаа юм.

-Хаана юу байгааг, хөгжлийн түлхүүр хаана байгааг геологичид л тодруулж, илрүүлдэг шүү дээ?

-Энэ салбарын нийгмийн хөгжилд үзүүлэх дам нөлөө нь асар их. Геологийн судалгааны хүрээнд хийж байгаа бүх л мэдээлэл улс ардын аж ахуйн нийт салбарыг хамардаг. Энд үлдэх салбар гэж үгүй. Тухайлбал, барилгын салбар байна. Геологийн судалгаа хийхгүйгээр энэ салбарын хөгжлийг төсөөлөх аргагүй. Яг үүнтэй адил зам тээвэр, дэд бүтэц гээд бүх л салбарт газрын доорх баялгийн судалгааг хийж, урьдчилж үнэлж байж трассыг нь тогтоодог. Аль ч улс оронд геологийн судалгаа тухайн улсын хар хайрцгийн бодлогын нэг хэсэг болж явдаг юм. Энэ нь олон улс орны жишээн дээрээс тодорхой харагддаг. Ойрхны жишээ гэхэд л Австрали улс байна.

-Геологийн нөөц нь тогтоогдож судалгаа хийж буй ямар орд, газрууд байгаа вэ?

-Сүүлийн арав гаруй жил улс орны эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний томоохон ордыг илрүүлж тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэл бий. Энд дахиад л бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, геологичдын хөдөлмөрийн үнэлэмж, бүлэг нөхдийн шантааж гэх мэт олон шалтгаан бий. Оюу Толгой, Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой зэрэг томоохон ордыг эс тооцвол дэлхийд гайхуулах баялаг одоогоор бага байна. Эдгээр томоохон аж ахуйн нэгжүүд улс орны хүнд ачааг үүрч, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж яваа. Манайхан гадны туршлага судлах дуртай. Үнэхээр туршлага судалж байгаа бол эрдэс баялгийн хөгжил нь цогцоороо эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нь болж хувирсан тийм улс орны жишгийг дагамаар байна.

-Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл сүүлд зөвлөгөөнөө хийж, үр бүтээлтэй ажиллаж байна. Та бүхний дараагийн зорилго, чиглэл юу байна вэ?

-Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд бүх салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага урган гарч ирдэг. Олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн хууль эрх зүйн орчин одоогийн орчинтой асар их зөрчилддөгийг бүгд мэддэг. УИХ-ын гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй онцгой цаг үе тохиож байна. Шинэ үндсэн хууль гаргахгүйгээр, нэмэлт өөрчлөлт оруулаад урагшлах нь нийгмийн хөгжлийн шаардлага гэж хүн болгон хараад эхэлчихлээ. Түүнтэй адил манай геологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Манай салбар чинь харьяа яамынхаа нэрээс хүртэл хасагдаад олон жил болж байна.

Геологийн салбар гэдэг шинжлэх ухааны судалгааны нэг гол салбар. Гэтэл эрх зүйн орчин нь тодорхой бус байна. Тийм болохоор энэ салбарт хэрэгжүүлж буй Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэрэг гол эрх зүйн актуудад геологийн салбарын бүх үйл ажиллагаа процессыг хуульчилж өгөх нь онцгой чухал ач холбогдолтой гэж төрийн бус байгууллагуудын зүгээс үзэж байгаа. Манай салбарын гол хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх ажилтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь улсын зөвлөгөөн хийх үндсэн шалтгаан болсон юм.

Үндэсний геологийн албаа түшиглэн чиглэлийн бүс нутгийн судалгаанууд хийж салбарын мэдээллийн сан баазыг бэхжүүлэх улам боловсронгуй болгох, ажлын чанарыг шинэ өндөрлөгт гаргах, төсвийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэх, тэнд ажиллаж байгаа мэргэжилтэнгүүдийн цалинг 2-3 дахин нэмэхгүй бол боловсон хүчний асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна, Үндэсний геологийн алба, Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны хүрээлэн зэрэг олон тооны төсвийн газруудыг ҮГА-нд нэгтгэн удирдлагаар ханган ажиллах бодлого боловсруулах хэрэгтэй юм. АМГТГ-ын чиг үүрэг арай өөр ч гэсэн энэ байгууллагыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх үүргийг илүү тодорхой болгох шаардлага харагдаж байгаа. Маш их асуудал байгаа тул ганц ярилцлагаар хангалттай мэдээлэл өгөх боломжгүй юм. Харин эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болж хувирлаа.

Хуулийн цоорхойг ашиглагч амин хувиа хичээгч улсын эрх ашгаас дээгүүр тавигчид ч олшрох хандлагатай байна. Байгалийн баялгийг зүй бусаар ашиглах, салбарын нэр хүндийг унагаж харлуулж байгаа, байгаль орчиндоо ээлтэй бус ханддаг цөөн тооны үзэгдэл нь иргэдийн дургүйг хүргэх суурь өвчин болоод байгааг бид онцгой анхаарах, салбараа ард түмэндээ таниулах ажлыг өөрсдөөсөө эхлэх, эв нэгдлээ ханган ажиллах шаардлага салбарын хамт олны өмнө тулгарч байгаа томоохон сорилт юм. Цаашид боловсон хүчний асуудал дээр онцгой анхаарал хандуулахгүй бол энэ салбарт ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдийн тоо жилээс жилд буурч байгаа нь томоохон асуудлыг бий болгох магадлал өндөр байна.

Хурал зөвлөгөөн хийгээд л асуудлыг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд гэвэл олон л доо. Оносон зүйлс ч их бий. Энэ бүхнийг тунгааж үзээд энэ зөвлөгөөнөөс юуны өмнө “Газрын хэвлийн тухай” Монгол Улсын хуулийг хэлэлцэж цэгцэлснээр “Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулийг хэлэлцэх нь давхардал, хийдлийг арилгасан эрх зүйн баримт бичиг, хууль болно гэдэг саналыг зөвлөгөөнд оролцсон хүмүүсийн болон нийгмийн сүлжээгээр явуулсан судалгааны дүн харуулж байгаа юм. Хуралдаанаас тодорхой зөвлөмж гарч байгаа болно. Түүнийгээ хууль тогтоогчдодоо хүргэхэд онцгой анхаарч ажиллахаас гадна хууль тогтоогчид анхааралдаа аваад явна байх гэсэн салбарын хамт олны хүлээлт их байна.

Бид төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх бодлогын хүрээнд салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийг бэлтгэн баталгаажуулах үүргийг хүлээж байгаа. Түүний хүрээнд 2022 онд холбогдох журам, дүрмийн хүрээнд салбарын 343 хүнд эдгээр зэрэг дэвийг сунгах буюу шинээр олгоод байна. Түүнийгээ салбарын цахим сүлжээнд оруулахаар холбогдох ажлуудыг хийж байгаа. 2023 оны сургалт эхлээд дуусах шатандаа явж байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн хэдэн хувьд уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байна?

-Сүүлийн үеийн албан ёсны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 1.2 хувьд ашиглалтын, 2.6 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ нь маш хангалтгүй юм. Уурхайн яг үйлдвэрлэл явуулж байгаа талбай гэвэл бүр бага өчүүхэн хувийг эзэлж байгаа.

-Та сүүлд гадагшаа геологийн салбарын хурал, зөвлөгөөнд явсан болов уу. Олон улсад геологийн салбар ямар түвшинд хэрхэн хөгжиж байна вэ. Манай улс орны давуу тал, дутагдалтай зүйл нь юу байна вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австрали улсад зохион байгуулагдсан IM­ARC-2022 чуулга уулзалтад оролцсон, тэр чуулга уулзалтад манай салбарын Ж.Ганбаатар сайд, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга тэргүүтэй төлөөгчид оролцож Монгол Улсын Эрдэс баялгийн салбараа танилцуулж байсан нь нэлээд ач холбогдолтой болсон гэж харж байгаа. Мөн саяхан Канадын Торонто хотод болсон PDAC-2023 буюу дэлхийн хэмжээний Геологи, уул уурхайн салбарын чуулга уулзалтад салбарын сайдын ахалсан өргөн баг бүрэлдэхүүн оролцсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татахад тодорхой хэмжээний үр дүнгээ өгнө гэдэг итгэлтэй байна. Ямар ч тохиолдолд бодлого тодорхойлогч нар ийм томоохон арга хэмжээнд оролцож энэ салбарт барьж байгаа дэлхийн олон орнуудын чиг хандлагыг тандан судалж байх нь өөрөө томоохон ач холбогдолтой юм. Газрын баялгийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ, эрэл, хайгуулын чиг хандлага, салбарт нэвтэрч байгаа шинэ техник, технологи, арга аргачлал гээд олон талт мэдээлэл авахаас гадна хамтын ажиллагааны чиг хандлагыг тогтооход гүүр болдгоороо онцлогтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *