Өчигдөр Хятадын гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани өөрийн хөгжүүлсэн түргэн цэнэглэх технологийн ид шидийг нийтэд үзүүлжээ.
Тус компаниас үзүүлсэн видео бичлэгт 4000mAh батарейтай MI 11 Pro гар утсыг 0-ээс 100 хувь хүртэл цэнэглэхэд 7 минут 57 секунд зарцуулж байгааг харуулсан байна.
Ингэхдээ “Xiaomi” компанийн бүтээсэн 200W-ийн утастай цэнэглэгчийг ашиглажээ.
Харин 120W-ийн утасгүй цэнэглэгчээр бүрэн цэнэглэхэд 15 минут зарцуулсан байна. Шинэ технологи нь хэзээ хэрэглээнд нэвтрэх талаар Xiaomi компаниас ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор тус компанийн дундаж гар утас болох Xiaomi Mi 11 нь 55 W-ийн утастай, 50W-ийн утасгүй цэнэглэгчтэй худалдаалагдаж байгаа юм.
Гэхдээ цэнэглэх явцыг түргэсгэх нь одоогоор эрсдэлтэйд тооцогддог тул ихэнх гар утас үйлдвэрлэгчид энэ тал дээр яарахгүй байгаа. Богино хугацаанд цэнэглэхэд илүү хүчтэй цэнэглэгч шаардагддаг. Үүний улмаас гар утас хэт халах, батарей нь түргэн элэгдэх зэрэг сөрөг нөлөө гарах боломжтой.