Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ сарын 02-ны өдрөөс эхлэн 320 мянган төгрөг болгоод байгаа. Нийт ажилчдын 8-10 хувь ийм хэмжээнд цалин авна гэсэн үг. Үүнийг дагаад бусад салбарын хөдөлмөрчдийн цалин нэмэгдэх учиртай. Мөн салбарын үйлдвэрчний эвлэлүүд нэмэлт хэлэлцээр хийх замаар хамтын гэрээ болон дотоод журмандаа өөрчлөлт оруулах замаар цалин нэмнэ гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Адъяа мэдээллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээ юм. Үүнийг мөрдүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээнэ.