Өдгөөгөөс нэг жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотын монголчууд буяны үдэшлэг зохион байгуулж, Монголд Ажиа гэгээний санаачилгаар баригдаж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт хандив цуглуулан өргөсөн билээ. Ганцхан орой цуглаад тэд 24 мянган доллар босгон, Монголдоо илгээж байлаа. Тэгвэл тус хотын монголчууд энэ сайхан санаачилга, үйл хэргээ үргэлжлүүлэхээр шийдэн, жилийн дараа буюу энэ тавдугаар сарын 10-ны өдөр ахин цуглаж, арвис буянаа эх орондоо, ирээдүй хойч үедээ зориулав.
Зохион байгуулалт
АНУ дахь Монгол соёлын төв, Вашингтон хот орчмын монголчуудын холбооноос энэхүү буяны ажиллагааг сайхан монгол дуу хөгжим, монгол хоол бүхий үдэшлэг маягаар зохион байгуулсан юм. Ингээд хоолоо тус хоёр байгууллагынхан болон Вашингтон хот орчмын сэтгэл санаачилга сайтай бүсгүйчүүд өөрсдөө хийж ирсэн нь аль болох зардал бага гаргах, орж ирсэн бүх мөнгийг эмнэлэгт зарцуулах гэсэн санаа байлаа. Урлагийнхнаар бол Вашингтоны монголчууд хэзээд дутдаггүй. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Саран, Соёлын тэргүүний ажилтан дуучин Ж.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан бүжигчин Б.Дэлгэрмаа, дуучин Амарбүрэн, бүжигчин Цэнгэлсайхан, Цолмон болон Монгол сургуулийн бүжгийн хамтлагийн хүүхдүүд оролцсон сайхан тоглолт болов.
Сэтгэл байхад газар холдохгүй
Үдэшлэгт оролцохдоо хүмүүс 45 доллар төлсөн юм. Гол хандив үүнээс ирэх ёстой хэмээн тооцоолж байлаа. Гэтэл ирсэн ихэнх хүн 45 долларын тасалбар авсан, дээр нь нэмээд хандив өргөж эхлэв. Тэдний бодлоор бол төлсөн 45 нь хоол, урлагийн тоглолтынхоо л мөнгийг өгч байгаа хэрэг гэнэ. Хувиараа, гэр бүлээрээ, албан байгууллагаараа хандив өргөж эхэллээ. Зөвхөн Вашингтон хотынхон ч биш, хаа холоос бас монголчууд маань ирсэн юм байна.Пеннсилваниа мужаас ирсэн залуухан хос Ажиа рэнбүчид талархлаа илэрхийлэн хандив өргөсөн бол Техас мужаас хэрэг болгон ирсэн Энхмаа бас буяны үйлсэд идэвхтэй оролцов. Биеэр ирэн оролцож амжаагүй ч Миссуригаас гавьяат жүжигчин Ягаанцэцэг, Баасандорж анд, Индиана мужаас Доржмаа бүсгүй хандив өргөлөө. Сэтгэл байхад газар холддоггүй ажээ.
Дөрвөн охины босгосон 36 доллар
Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ туслахыг оролдоно. Америкийн сургуулиуд хүүхдүүдийг бүр багаас нь иймэрхүү сайн дурын, буяны үйл хэрэгт оролцуулж сургадаг нэг сайн талтай. Их дээд сургуульд ороход сурлагын дүнгээс гадна хэн хаана хэнд хэрхэн сайн дураараа тусалж байв гэдэг нь нэг чухал шалгуур болдог. Тиймээс ч хүүхдүүд бага гэлтгүй буяны үйлсэд хувь нэмрээ оруулж сурдаг аж.Бага нь наймтай, том нь аравтай Удвал, Сийлэн, Өд, Мөнхжин хэмээх дөрвөн охин гэртээ өөрсдөө цаасан аягатай хөөрхөн бялуу, бас жижиг дугуй гөөхий хийжээ. Үдэшлэг болж буй танхимын нэг буланд суугаад тэд бялуугаа нэгийг нь нэг доллараар, гөөхийгөө 50 центээр борлуулав. Хүмүүс өхөөрдөн, бас амтархан авсаар 10 доллараар авсан материалаа 36 болгон өсгөн хандивлав.Ингээд өөрсдөө тэр мөнгөө Ажиа рэнбүчид гардуулан өгөөд, тэрэндээ сэтгэл ихэд хангалуун зогсох нь өхөөрдмөөр.
Барилга явцдаа өөрчлөгдсөн нь
Хандивын цэнгүүний дундуур бас Ажиа рэнбүчигээс эмнэлгийн ажил явцын талаар сонирхох боломж гарав. Ажиа рэнбүчи Хөх нуурын монгол хүн учраас сайхан баруун монгол аялгаар ярина.
“Одоо бүр нэг биш хоёр барилга болсон биш үү. Анх энэ сайхан зургийг өгөөд, барилгынх нь зураг төслийг нь үзээд, яг ийм сайхан байшин барина гээд эхэлж байдаггүй юу. Тэгээд бариад л байлаа. Одоо тэгээд дуусах болсон, дээд талын бөмбөгөр нь байдаггүй. Энэ бөмбөгөр яалээ гэсэн, “Зүгээр ээ, Рэнбүчи, адилхан сайхан л эмнэлэг болж байна шүү” гэнэ. Зүгээр биш ш дээ. Би тэр бөмбөгөр дотор олон чухал юм хийх санаатай байсан биш үү гэсэн, бас барилгын явцад зураг зурсан, гарын үсэг зурсан хүн эд нар нь алга болж оддог, асуудал байдаг л юм байна. Тэгээд одоо тэр оройн бөмбөгөрийг дээр нь баривал даац нь хэтэрнэ, болохгүй гэнэ ээ. Тэгээд аргагүй тэр хэсгийг шинэ барилга болгон хийх гэж байгаа”
Бөмбөгөр дотор юу хийх гэж байсан юм бэ?
Ер нь бол нэг давхарт нь 50 хүүхдийн ортой эмнэлэг, бас нэг давхарт нь АНУ, Солонгос гээд гадаадын олон улсаас ирсэн эмч нар байрлах байр, за тэгээд орой дээрх бөмбөгөрт хурал хийдэг цэлгэр саруул танхим гээд бүх давхар, өрөөгөө тооцоолсон юм. Тэгээд одоо нэгэнт энэ бөмбөгөрийг дээр нь барьж болохгүй болсон, бас нэг өөр шалтгаанаар хоёр дахь барилгыг заавал ч үгүй барих боллоо. Барилгыг бариад дууссан хойно эмнэлгээс нэг давхар тань бидэнд чухал хэрэгтэй байна, техник хэрэгсэл тавина гээд гуйдаггүй юу. Үнэхээр чухал юм байна гээд өглөө. Тун удалгүй хоёр давхарт нь бас нярайн инкубатор тавих хэрэгтэй байна, хүүхдэд их тустай гээд бас гуйж байдаггүй юу. Тэгээд бас өглөө. Одоо ингээд бидний анх бодсон зүйлс багтахгүй болчихлоо доо.Тэгээд тэр бөмбөгөр оройтой хэсгийг хажууд нь бас шинээр барихаар болоод байна.Гаднаас ирсэн мэргэжилтэн эмч нар байрлах байр, бас хурал хийх танхим байх юм.
Эмнэлэг, эмч нар анх барилга барьж байхад захиалгаа өгөхгүй яасан юм бол оо?
Би бүр зургаа зурж байхад нь эмнэлгийн даргад хэлсэн биш үү? Ирээд хаана ямар цонх хэрэгтэй, хонгил нь ямар байх, бүх юмаа хэлээрэй, нэгэнт барилга бариад эхэлбэл нэмэргүй шүү гэж. Хүн ирээгүй. Тэрний учрыг сая би ойлгосон л доо. Одоогийн энэ дарга, эмч нарын буруу бас биш юм байна лээ. Өмнө тэр дарга өөр намын хүн байж гэнэ. Тэгээд одоо байхгүй биш үү…
Гэр өөдөө давхих морь
Зураач Дамбын Цолмон ноднин уран бүтээлээ хандивлаж байсан, энэ удаад бас авьяас хөдөлмөрөө Монгол хүүхдийн эмнэлэгт зориуллаа. Акрил будгаар зотон даавуун дээр урласан нутаг руугаа гүйж буй морь.Гэхдээ нарийн ажиглавал хойд хоёр хөл нь тэмүүлэн давхисан янзтай боловч урд хоёр хөл нь сунайн тэнийгээгүй, ямар нэг зүйлд хоргодсон байдалтай, яг л ойлгох хүндээ тод харагдмаар нарийн мэдрэмжтэй зураг аж. Мориныхоо эргэн тойронд Цолмон зураач өлзий хээ, бярга зэрэг бэлгэдлүүдийг шигтгэжээ. “Ногоон морь” хэмээх зургийг нь авахаар Вашингтоны монголчууд өрсөлдөв. 600-аас эхэлж дуудсан зургийн үнэ өссөөр эцэст нь М.Дэлгэрмөрөн хэмээх бүсгүй 2500 доллараар цохин авлаа.
Энэ миний эх орондоо оруулах хувь нэмэр
Дуудлага худалдааны ялагч М.Дэлгэрмөрөн сэтгэлээ уудлан, үгээ хэлэв. “Би нэг бяцхан охинтой. Мэдээ орсон цагаасаа л хойш би хэзээ морьтой болох вэ, надад морь авч өгөөч гэсээр ирлээ.Энэ морь охины минь нэхээд байгаа морь нь болох юм. Бас нэг зүйл нь гадаадад байгаа бид хэдийг эх орондоо юу ч хийдэггүй, амиа бодсон хүмүүс гэж дайрах нь их болоод байгаа. Энэ зургийг хэдэн төгрөгөөр авч байгаа минь чухал биш, гол нь тэр бүх мөнгө Монгол хүүхдийн эмнэлэгт орох болохоор би хамгийн их баяртай байна.Монгол Улсынхаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хороохгүйгээр, тараадаг бэлэн мөнгө, хишгийг нь авахгүйгээр явж ирсэн маань нэг хувь нэмэр, ингээд энэ гадаад улсад хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө эх нутагтаа эмнэлэг байгуулах үйлсэд зориулж байгаа маань бас нэг хувь нэмэр юм аа. Би яваад очиж чадахгүй, очлоо ч нийгмийн халамж хүртээд гай болж мэднэ, энэ бол миний эх орондоо оруулж чадах тус нэмэр билээ”
25-30 хувийг монголчууд хандивлаад байна
Энэ завсар бас Ажиа гэгээнээс элдвийг шалгааж л суулаа. Рэнбүчи үргэлжлүүлэн өгүүлэв: “Дэлхийн их олон улс, хотуудаар монголчууд ингэж хандивын арга хэмжээ зохиож байна. Эмнэлгийн хоёр барилга нийлээд нэг 2 сая орчим долларт босож байгаа тооцоо бий.Үүний 25-30 орчим хувийг дэлхийн олон улсад болон Монгол Улсад суугаа монголчууд өөрсдөө босгон хандивласан ерөнхий тооцоо гараад байна. Одоо та бүхний яг ийгээд хийж байгаа шиг тийм ажил юм даа.
Улсаас дэмжих зүйл байна уу?
Улсаас дэмжинэ гэсэн дээ. Парламентад 76 гишүүн байдгаас талаас илүү хувь нь дэмжвэл болдог гэнэ.Тэгтэл манай эмнэлэгт улсаас дөрвөн сая төгрөг өгнө гэж 58 гишүүн гарын үсэг зурсан гэнэ.Хангалттай тоо. Гэхдээ өнөө хүртэл тэр мөнгө орж ирээгүй л байна даа.
Хандивын арга хэмжээ сайхан, гэхдээ…
“… Ийгээд хандивын арга хэмжээ явуулаад тус болох нь сайхан буяны хэрэг юм аа. Гэхдээ бид одоо бас зарим хандивын үйл ажиллагааг зөвшөөрөхгүй болж байгаа.Ягасан гэхээр, Монголоос олон хамтлаг дуучид танай эмнэлэгт хандив өргөнө гээд бидний нэрийг тавиад АНУ-д их ирлээ дээ. Энд тэнд тоглолт олон боллоо. Тэгээд эцэст нь “Өө хүн ирээгүй шүү.Бид нар мөнгө олоогүй шүү” гээд зарим нь нэг ч хандив өгөөгүй. Нэгэнт нэг ч мөнгө ирэхгүй бол бидний нэрээр арга хэмжээ хийж, тоглолт зохиож юу хийнэ ээ. Тиймээс одоо бид урьдчилж ярьж байж, хамтарч хийж байя гэж бодож байгаа.
Нүүрийн буян
Ийнхүү Вашингтон хотноо хандивын үдэшлэг амжилттай болов. Эв нэгдэлтэй, сэтгэл зүрх сайтай, нэгнийхээ хийж буйг дэмжиж чаддаг ийм сайхан хүмүүс Вашингтонд цуглаа юу гэлтэй. Нөгөө талаас энэ бүх хүний хандив, хөдөлмөрийн нэг гол шалтгаан нь үдэшлэгийн гол зохион байгуулагч М.Дэлгэрцогттой холбоотой юм. Дэлгэрцогт өөрөө зөвхөн Вашингтон хот төдийгүй АНУ-д болж буй Монголын холбогдолтой бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаанд тусалж явдаг хүн. Тиймээс олон түмэн энэ сайхан буяны арга хэмжээ, дээр нь Дэлгэрцогт зохион байгуулж байна гэхээр улам илүү идэвхтэй ирж байгаа хэрэг. Нүүрийн буян гэж нэг сайхан юм байдаг, тэр буянаа хувьдаа бус үр хүүхдийнхээ ирээдүйд, эх орондоо зориулна гэдэг давхар буян ажээ.
Дээд амжилтаа эвдэв
Үдэшлэгийн төгсгөлд цугласан бүх мөнгөө тоолов. Тасалбараа авсан 45 дээрээ хүмүүсийн нэмж өгсөн хандив хүртэл, дөрвөн охины бялуу зарсан 36-аас Цолмон зураачийн зургийг Дэлгэрмөрөнгийн ялж авсан 2500 хүртэл бүгдийг тоолоод үзтэл 29 мянга 730 доллар болсон байлаа. Монголчууд бүхэл тоонд дуртай улс, эгээ л ноднин жил тоогоо бүхэлдэн өгч байсан шигээ энэ жил бас л тийм санаачилга хурсан олноос гарав. Дизайнер Дариа бүсгүй гучаар төгсөхөөр дэмий байна хэмээн 70 доллар нэмснээр 29 мянга 800 болгочихлоо.Тэгтэл Техасын Энхмаа 200-г нэмж хандивлаад 30 мянгад хүргэв.Ийнхүү Вашингтоны монголчууд нэг жилийн өмнө ганц орой 24 мянгыг босгож чадсан хэмээн гайхуулж байсан бол энэ удаад дээд амжилтаа эвдэн хандивыг 30 мянгад хүргэлээ.Төгсгөлд нь дуучин Амарбүрэн “Халуун элгэн нутаг” дуугаа дуулахад эх Монгол улстаа сэтгэл хөрөнгөө гаргаж чадсандаа баярласан бахадсан монголчууд бүгд зүрхэндээ гараа аван, нүдэндээ нулимстайгаар түрэн дуулав.
“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ