Ковидын дэгдэлтийн үед төрсөн нярайн тодорхой хувь нь дархлаажуулалтын вакцинд хамрагдаж чадаагүй байна. Үүнийг эцэг эхчүүд хатуу хөл хорио тогтоогоод байсантай холбож тайлбарлаж байгаа юм. Тухайн үед олон хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүйн улмаас улаанбурхан өвчин газар аваад байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нярайн дархлаажуулалтын ач холбогдлын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч В.Байгальтай ярилцлаа.
-Эхлээд танаас нярайн вакцины ач холбогдлын талаар асуумаар байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эхээс хүүхдэд дамжсан дархлаа зургаан сар хүртэл нь идэвхитэй байдаг. Ингээд аажмаар буурч эхэлдэг, тиймээс вакцин хийж халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах дархлааг хүүхдэд үүсгэдэг. Учирч болох эрсдэлээс сэргийлнэ гэж ойлгож болно.
-Нярайн вакциныг эсэргүүцэх хүмүүс байх юм. Тэд вакцин тариулахгүй байх талаар ухуулга хүртэл хийж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Вакцин тариулахгүй гэх ойлголт байж болохгүй. Тэр дундаа нярайн вакциныг заавал хийлгэх ёстой. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцины бүрэн тунг хийлгэж дархлаа тогтоогүй байж байгаад, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх юм бол халдвар авсан хүн өвдөхөөс гадна түүний ойр эргэн тойронд байгаа гэр бүл, хамт олон халдвар авах эрсдэл давхар үүснэ. Вакцин хийлгэснээр халдварт өвчнөөс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бусдыг давхар хамгаалж байдаг. Вакцин хийлгэхгүй гэж байгаа нь хувиа хичээсэн л хүний, ухамсаргүй хандлага.
-Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахаас зайлсхийсэн бол хүлээлгэх хариуцлага байдаг уу?
-Товлолын заавал хийх дархлаажуулалтад цаг хугацаанд нь бүрэн тунд нь хамруулах үүргийг хуулиар заагаад өгсөн байдаг. Дархлаажуулалтын тухай хуульд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах, сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй. Түүнчлэн зөрчлийн тухай хуульд дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ талаарх ойлголт манайд дутмаг байгаа нь харагддаг.
-Ер нь хүүхдээ дархлаажуулалтад хамруулах идэвх ямар байна вэ?
-Товлолын дархлаажуулалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ цаг хугацаанд нь вакцинд нь хамруулах ёстой гэдгийг маш сайн мэддэг. Төрөхөд нь л хэлж анхааруулдаг. Хүүхдэдээ вакцин хийлгэхгүй гэх хүн ховор болсон шүү. Нийтээрээ л хамрагдаж байна. Вакцины үр дүнд вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний дэгдэлт эрс буурсан үзүүлэлт бий.
-Ковидын үед иргэд нярайгаа дархлаажуулалтад хэрхэн хамруулж байв. Хөл хорионы үед дархлаажуулалт тасалдсан тохиолдол байна уу?
-Улсын хэмжээнд товлолын заавал хийх дархлаажуулалтын хамралт бусад улс оронтой харьцуулахад өндөр байдаг. Гэхдээ ковидын өмнөх үетэй харьцуулаад харахад буурсан үзүүлэлт харагддаг. Өмнө нь 99 хувийн хамралттай байсан бол одоо 95 хувь болж буурсан. Тав орчим хувиар буурсан нь бага мэт харагдаж байгаа ч бодит тоо болгоод харахад тийм биш. Жишээ татаад хэлэхэд 70 мянган хүүхдийн таван хувь нь хамрагдахгүй байна гэж үзвэл 3500 хүүхэд хоцорч байна гэсэн үг. Энэ хоцорч байгаа жил жилийн хүүхдүүдийн тоо нийлэхэд таван жилд 17000 хүүхэд болно. Тэгэхээр ямар нэгэн халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирлээ гэж үзвэл энэ 17 мянган хүүхэд ямар ч хамгаалалтгүй, өвдөхөд бэлэн байна гэсэн үг.
-Хөл хорионы үед дархлаажуулалтын тунд хамрагдаагүй өнгөрсөн хүүхдүүд яах вэ?
-Заавал хийх дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй, ямар нэг шалтгаанаар хоцорсон хүүхэд байгаа бол сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж нөхөж хийлгэж болно.